Тэд бол домог

2019/10/21

Энэ цаг үед амьдарч байгаа бид азтай үзэгчид шүү. Монголын рок попын түүхийг эхлүүлсэн “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтыг үзэх хувьтай, түүхийн нэгэн хуудсыг бичсэн гайхамшигт тэр өдөр аравдугаар сарын 19-ны үдэш байв.

Буянт-Ухаа спорт ордонд 16:00 цагаас эхэлсэн тоглолт “Харанга” хамтлагийн ах нартаа хүндэтгэл үзүүлэн өөрсдийн ая дуугаар бэлэг барьж буй рок попын уран бүтээлчид ая дуугаа өргөснөөр 19:30 цагаас 24.00 цаг хүртэл “Харанга”-ынхан тасралтгүй тоглосон нь үндсэндээ дөрвөн цаг гуч гаруй минут үзэгчдийг барьж, бас хөөргөж, догдлуулж, алмайруулав. Өдгөө 60 шүргэсэн ах нар тайзнаа бол 20-тонгуудаас ч эрч хүчтэй байсныг хэлэх хэрэгтэй. Бүтэн дөрвөн цаг бидэнтэйгээ хамт дуулж, хөгжимдсөн “Харанга”-ын ах нартаа үнэхээр их БАЯРЛАЛАА.

Зөвхөн “Харанга”-ын тайзнаа л харж болох сюрпризүүд үнэхээр сонирхолтой, солиотой. “Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун болон гитарчин Д.Өлзий-Орших нар “Харанга”-тай нэгэн тайзнаа “Дөрвөн улирал”-ыг амилуулсан гээд төсөөл дөө.

Хоёр хүчирхэг хоолой нэгэн тайзнаа хамт... Жинхэнэ гал гарсан хэсэг дуучин С.Нарангаар үргэлжилсээр альтернатив Х.Отгоо, “Хурд” хамтлагийн Цогоо, Отгоо, “Киви”-гийн Ука, дуучин Б.Сарантуяа, реппер GEE, Чойжоо нар “Харанга”-тай дуучин Х.Лхагвасүрэнтэй хамт “Харанга”-ын дууг дуулснаар тоглолтын эхний хэсэг өндөрлөв. Тоглолтын турш үзэгчдийг гэнэ гэнэхэн баярлуулж байсан хоёр хөтлөгчийг дурсахгүй өнгөрч болохгүй нь. Тэд бол Анхаа, Ууганаа хоёр.

“Харанга”-ын бөмбөрчин Пүүжээ таныг шүтэж амьдаръя, үргэлж бөмбөрийн ард байдаг Пүүжээ энэ үдэш тайзны урагш гарч харин ч нэг бөмбөрийн соло шоугаараа үзэгчдээ гайхшруулаад авав. Танд мэхийн ёсолъё.

Лхагваагийн амлалт

Энэ үдшийн хамгийн их үзэгчдийг огшоож, алмайруулсан хүн бол мэдээж “Харанга”-ын Лхагваа. Тэрбээр бүх үзэгч, фэнүүдийнхээ өмнө “40 жилийн ойгоо хийхийн тулд би энэ тамхийг хаялаа” гээд хогийн сав руу тамхиа чулуудах мөч “уйлмаар” байсан. Үзэгчид баярласан, бахархсан. Энэ баяртай мэдээ “Харанга”-ын шинэхэн дуу “Одод”-оор үргэлжлэв. Дашрамд шинэ дуунаас бүрдсэн пянз удахгүй гарах юм билээ шүү.

Хүн бүхний сэтгэлд хоногшсон “Зүүд”, “Энэ бол дурлал биш”, “Үгүйлэн санана”, “Бүсгүйн заяа”, “Амьдрал” гээд дэндүү гоё дуунууд эгшиглэж, уяраасан догдлуулсан үдэш. Жаахан өө хайсан хүнд бол “Харанга” хамтлагт  “Скин Энтертайнмент” дэндүү жулдсан болов уу. Зохион байгуулалт “ноль” байсан ч “Харанга” бол “Харанга” шүү дээ. Тэд СУПЕР байсан.

Тэртээ 30 жилийн өмнө “Харанга” тавуулаа замд гарч байсан бол энэ удаад тэд рок попын дүү нартайгаа, фэнүүдтэйгээ дахин нэг түүхийн шинэ хуудсыг нээхээр замд гарлаа. 

.... Амьдралыг чи чанга атгаваас
Аяндаа чамд сөгдөх болно
Замд гаръя....тиймээ “Харанга”-тай хамт бид замд гарлаа.

М.Дөлгөөн

Гэрэл зургийг Oyundari Odarey 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин