• Эхлэл
  • Монголын “Гуравдагч хөршийн бодлого”-ыг Европын төвд ойртуулах айлчлалын тэмдэглэл

Монголын “Гуравдагч хөршийн бодлого”-ыг Европын төвд ойртуулах айлчлалын тэмдэглэл

2026/09/10

“Дэлхийн хамгийн баян орон аль нь гэж та боддог вэ. АНУ, Япон эсвэл Хятад уу. Нэг бол Скандинавын орнуудаас ч байж болох юм. Эсвэл газрын тосны нөөцөөрөө дэлхийд алдартай Арабын баян орнуудын нэг болов уу” хэмээн манай сонины нийтлэлч сэтгүүлч Э.Энэрэл “Хенри гүнтний нутгаар” нийтлэлээрээ 2015 онд уншигчдадаа дээрх асуултыг тавьж байлаа. Энэхүү нийтлэлд Европын газрын зураг дээрх өчүүхэн жижигхэн Люксембургийг онцлон бичиж, тухайн үеийн НҮБ-ын статистикт тулгуурлан нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлж буйг нь өгүүлсэн байдаг. НҮБ-ын тухайн үеийн мэдээллээр Люксембургийн нэг хүнд ногдох ДНБ 116.6 мянган ам.долларт хүрч байж. Тэгвэл тэр нийтлэл бичигдсэнээс хойш арав гаруй жилийн дараа буюу өнөөдөр Люксембург дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг хэвээр л байна. Харин нэг хүнд ногдох ДНБ нь 2014 оныхоосоо үлэмж өсөж, 2026 оны ОУВС-гийн тооцоогоор 158.7 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 онд манай сонины хуудсаар “Дэлхийн хамгийн баян орон аль нь вэ” гэсэн асуултаар уншигчдын сонирхлыг татаж байсан Люксембург өнөөдөр ч энэ үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд, бүр хол тасархай дээгүүр байр сууриа хадгалсаар байна. Жижигхэн газар нутагтай, хүн ам цөөтэй энэ улс хэрхэн ийм өндөр баялгийг бүтээж чадсан бэ. Байгалийн асар их нөөцгүй атлаа дэлхийн санхүүгийн томоохон төв болж, өндөр орлоготой эдийн засаг бий болгосон Люксембургийн нууц юунд байна вэ. Эсрэгээрээ өргөн уудам газар нутагтай, асар их байгалийн баялагтай Монгол Улсын хувьд тус улс шиг үсрэнгүй хөгжих боломж бий юу гэдэг асуулт Монгол Улсын хувьд бүр ч сонирхолтой. Энэ утгаараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийг Европ дахь айлчлалынхаа “анхны үүд” болгосон нь учиртай биз ээ.

 

Улаанбаатараас Люксембургийг зорих зам хол. Дэлхийн газрын зураг дээр харахад Монголын өргөн уудам нутгийн хажууд Люксембург гэдэг улс бараг л цэг шиг харагдана. Гэхдээ тэр жижиг цэгийн цаана Европын холбооны улс төр, эдийн засаг, санхүүгийн томоохон орон зай бий. Люксембург бол зүгээр нэг жижиг улс биш. Европын холбоог анх байгуулалцсан улс орнуудын нэг. Өнөөдөр Европын холбооны институцүүдийн чухал хэсэг энд байрладаг. Европын шүүх, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг байгууллага энэ жижиг улсын нэрийг Европын улс төр, эдийн засгийн газрын зураг дээр томоор бичүүлдэг. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа энэ улсаас эхлүүлсэн нь зөвхөн газарзүйн сонголт биш байсан болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр том хөршийнхөө дунд оршдог ч гадаад харилцаагаа зөвхөн хөршүүдээрээ хязгаарлахгүй, Европын холбоо болон барууны орнуудтай харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа парламентын түвшинд илэрхийлсэн хэрэг. Хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд Люксембургт хийж буй айлчлал 24 жилийн дараа болж байгаа.

Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай давхацсан энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол–Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн болон Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар оролцсон юм.

24 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭСЭН ПАРЛАМЕНТЫН ЯРИА

Люксембургийн парламентын ордон руу орох үед сүртэй том хаалга, асар том талбай, олон давхар өндөр барилга угтсангүй. Харин Европын олон орны парламентын түүхийг санагдуулам даруухан атлаа нягт зохион байгуулалттай орчин угтана. Энд төрийн байгууллагын сүр хүчийг барилгын хэмжээгээр бус, гаргаж буй шийдвэрийнхээ чанараар илэрхийлдэг мэт. Ингээд Люксембургийн парламентын ордны үүдэнд бид УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээж зогслоо. Айлчлалын хөтөлбөр ёсоор парламентын дарга нарын уулзалт болох гэж байсан үе. Монголын төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр иймэрхүү мөчид хамгаалалтын албаныхан, тусгай машин, хар хослолтой хүмүүсийн хөдөлгөөн их байдаг даа. Харин энд байдал арай өөр. Гудамжны цаанаас нэгэн эрхэм алхаад л хүрээд ирэв. Тэр бол бидний уулзах гэж байсан Люксембургийн парламентын дарга Клод Визелер байлаа. Түүнийг тусгай хамгаалалтынхны сүр бараа, олон машин дагалдсангүй. Гудамжны үзүүрээс алхаж ирээд, парламентын ордны үүдэнд бидэнтэй энгийнээр мэндчилж байгаа нь Монголын сэтгүүлч бидний хувьд яах аргагүй сонин дүр зураг байлаа. Удалгүй УИХ-ын дарга С.Бямбацогт ирж, түүнийг Люксембургийн парламентын дарга Клод Виселер хүлээн авч уулзсан. Эхлээд хоёр парламентын дарга ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь албан ёсны хэлэлцээ үргэлжилсэн. Мөн С.Бямбацогт парламентын “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсгээ зурсан. Энэхүү уулзалтын үеэр Клод Виселерийн ярианаас нэг зүйл тодорхой харагдсан нь Монгол Улсыг Европын хувьд алс холын, зөвхөн хоёр том хөршийнхөө дунд оршдог улс гэж харахаас илүү ардчиллын нийтлэг үнэт зүйлтэй түнш гэж үзэж байгаа явдал байв. Люксембургийн парламентын албан мэдээлэлд Клод Виселер Монголын ардчиллын эрч хүчийг сайшааж, Хятад, ОХУ гэсэн хоёр шууд хөршөөсөө гадна бусад түншүүдтэй харилцаагаа хөгжүүлэхэд Монголын өгч буй ач холбогдлыг онцолсон байна. Энэ бол Монголын “гуравдагч хөршийн бодлого” Европын төвд очоод ямар үг хэллэгээр хүлээн зөвшөөрөгдөж байгааг харуулсан жижигхэн боловч чухал дүр зураг юм. Монгол, Люксембург хоёрын харилцаа өнөөдөр эхэлж байгаа зүйл биш. Хоёр улс 1976 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс төр, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж ирсэн ч газарзүйн алслагдсан байдал, хоёр орны зах зээлийн хэмжээ зэргээс шалтгаалан харилцаа нь олон нийтэд төдийлөн анзаарагддаггүй байв. Харин энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны харилцаанд Люксембургийн өгч ирсэн дэмжлэг, ялангуяа эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа юм. УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын үеэр Люксембургийн ард түмэнд талархал илэрхийлэхдээ зүрх судасны салбарт 25 жилийн турш хэрэгжүүлсэн хамтын ажиллагааг онцолсон. Энэ бол зүгээр нэг дипломат талархал биш болов уу. Монголын олон мянган хүний амьдралтай холбогдох бодит түүх. Өөрөөр хэлбэл, Люксембургийн тухай ярихдаа бид ихэвчлэн санхүүгийн төв, өндөр цалин, баялаг амьдралын тухай сонсдог. Гэтэл Монголын хувьд Люксембургийн нэрийг өөр нэг салбараар дурсах учиртай санагдсан. Тэр нь эрүүл мэнд. Хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Зүрх судасны төв” төслийг олон жилийн турш хэрэгжүүлж, Монголын зүрх судасны эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ. С.Бямбацогт дарга энэ хамтын ажиллагааны үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурсан гэж онцолж байв. Өмнө нь Монгол Улсын нас баралтын шалтгааны тэргүүнд бичигддэг байсан зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломж өнөөдөр хавьгүй сайжирсан нь энэ хамтын ажиллагааны нэг үр дүн гэж тэрбээр тэмдэглэсэн юм.

ВИЗИЙН АСУУДАЛ ШИРЭЭН ДЭЭР

Люксембургийн парламентын даргатай уулзах үеэр монголчуудын өдөр тутмын амьдралд шууд хамаарах нэг асуудал мөн ширээн дээр гарсан нь виз. Клод Виселер Монголын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд анхаарч ажиллаж байгаагаа хэлсэн юм. Эхний ээлжинд тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх чиглэлээр хэлэлцээр байгуулах асуудлыг ярьж байгаа аж. Энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ нь Монголын иргэд Европын холбооны орнуудаар шууд визгүй зорчих болсон гэсэн үг биш. Харин визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг улс төрийн түвшинд дэмжиж, цаашдын хэлэлцээнд анхаарах чиглэл гарч байна гэсэн үг. Монголчуудын хувьд энэ жижигхэн өгүүлбэрийн цаана маш том хүсэл бий. Европ руу сурахаар явдаг залуус, бизнес хийхээр зорьдог хүмүүс, эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэд, гэр бүлтэйгээ уулзах гэсэн хүмүүсийн хувьд виз бол зүгээр нэг консулын цонхны асуудал биш. Хоёр талын харилцаа хэр нээлттэй байгааг хэмжих нэг үзүүлэлт юм. Тиймээс энэ асуудал айлчлалын хамгийн анхаарал татах хэсгүүдийн нэг байлаа. Айлчлалын яриа зөвхөн улс төр, визээр дууссангүй. С.Бямбацогт Монголын парламентын шинэчлэлийн талаар Люксембургийн талд танилцуулсан. Өнөөдөр 126 гишүүнтэй Монголын парламент таван нам, эвслийн төлөөлөлтэй. 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн дөрөвний нэгийг эзэлж байгаа. Энэ өөрчлөлтийг Монголын төлөөллийн ардчиллын шинэ шат гэж УИХ-ын дарга тайлбарлав. Мөн “Нээлттэй парламент” санаачилга, иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, хууль хэрэгжиж байгаа эсэхэд тавих парламентын хяналт, парламентын дижитал шилжилтийн талаар ярьсан. Бүр хиймэл оюун ухааны шийдлийг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа тухай ч дурдсан. Энэ бол сонирхолтой. Учир нь Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Люксембургээс хэдэн зуу дахин том ч парламентын шинэчлэл, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн оролцооны хувьд бид өөрсдөөсөө илүү жижиг орнуудын туршлагыг судлах шаардлагатай.

НЭГ ТЭРБУМ ЕВРОГИЙН БОЛОМЖ

Люксембург бол баян орны нэрийг зүгээр нэг зүүчихсэн улс биш ажээ. Цалингийн түвшнээс нь эхлээд энэ улсын амьдралын өртөг ямар байдгийг мэдэрч болно. Инфляци нь 1.8-3 орчим хувь л гэнэ. Люксембургийн бүтэн цагийн ажилтны жилийн дундаж цалин 83 мянган евро байсан нь сард дунджаар 6.917 евро, өнөөгийн ханшаар ойролцоогоор 28.8 сая төгрөгийн нийт цалин гэсэн үг. Гэхдээ өндөр цалингийн цаана өндөр үнэ дагаж явна. Хотын төвийн энгийн ресторанд 0.33 литрийн савтай ус ойролцоогоор 3.9 евро буюу 16 мянга орчим төгрөг, хямд ангиллын ресторанд нэг хүний хоол 24.5 евро буюу 100 мянга гаруй төгрөг орчим байх юм. Тиймээс “Люксембургт цалин өндөр юм байна” гээд Монголын цалинтай шууд харьцуулах нь бас учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр Люксембургийн гудамжаар алхаж явахад энэ улсын эдийн засгийн тухай бодохгүй байхын аргагүй. Асар том үйлдвэр, утаа савсуулсан яндангаас илүү банк, санхүүгийн байгууллагын төв байр, олон улсын байгууллагуудын хаяг нүдэнд тусна. Газрын зураг дээр цэг төдий харагдах энэ улс дэлхийн мөнгөний урсгалын нэгэн том зангилаа болчихсон байх нь сонин. Тиймээс Монголын төлөөлөгчдийн Европын хөрөнгө оруулалтын банкны удирдлагатай хийсэн уулзалтаар “Люксембург яагаад баян бэ” гэдгээс илүү “Люксембургийн боломжийг Монголд хэрхэн холбох вэ” гэсэн асуулт чухал байлаа. Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсад хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд нэг тэрбум еврогийн зээл олгох боломжийн талаар хоёр тал ярилцлсан. Нэг тэрбум евро гэдэг Монголын эдийн засагт бага мөнгө биш. Гэхдээ энэ их хөрөнгийг зүгээр л “Монголд нэг тэрбум евро орж ирэх нь” гэж ойлгож болохгүй. Энэ бол хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж, урт хугацааны зээлийн эх үүсвэрийн тухай асуудал. Тэр хөрөнгийг хаана, ямар нөхцөлөөр, ямар төслүүдэд, ямар өгөөжтэйгөөр зарцуулах вэ гэдэг нь Монголын талын хамгийн чухал ажил болно. Уулзалтын үеэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, ойн салбар, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг чиглэлд хамтын ажиллагаа, санхүүжилтийн боломжийг ярилцсан. Монголын хувьд эрчим хүчний асуудал өнөөдөр хөгжлийн хамгийн том хязгаарлагчдын нэг. Шинэ үйлдвэр барих тухай ярина. Шинэ орон сууц барина. Хот тэлнэ. Цахилгаан хэрэглээ нэмэгдэнэ. Гэтэл эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй бол энэ бүхэн цаасан дээрх төлөвлөгөө хэвээр үлдэнэ. Тиймээс Европын санхүүгийн байгууллагуудаас эрчим хүчний салбарт урт хугацааны санхүүжилт татах асуудал Монголын хувьд онцгой ач холбогдолтой билээ.

 

 

Бельги. Брюссель. Европын зүрхэнд...

Люксембургийн нам гүмхэн гудамж, эмх цэгцтэй хотын өнгө төрхийг ардаа орхин Бельгийн зүг хөдөллөө. Хоёр улсын хил хоорондоо хол биш. Манайхаар бол Дархан орох зай юм уу даа. Брюссельд ирээд бас нэг зүйлийг анзаарлаа. Брюссель хотоос Германы Кёльн хүртэл ердөө 200 гаруй километр. Машинаар хоёр цаг гаруй яваад л Герман руу орчихно. Францын нийслэл Парис ч мөн гурван цаг гаруйн зам. Люксембург руу хоёр цаг гаруй давхиад хүрчихнэ. Харин Швейцарийн Женев арай хол, 650 гаруй километр буюу найман цаг орчим явна. Гэхдээ Европын бас нэг онцлог нь энд улс хоорондын хил ойрхон төдийгүй хил гэдэг зүйл өдөр тутмын амьдралд бараг мэдрэгддэггүй. Нэг улсаас нөгөө улс руу орж байгаагаа анзаарахгүй шахам явна. Өчигдөр нь Люксембургт кофе ууж байсан бол өнөөдөр Бельгид, маргааш нь Германд байх боломжтой. Ингээд бид хоёр цаг гаруй явсаар Бельги улсад ирлээ. Бельги бол Европын зүрхэнд орших улс. Брюссель бол Европын Холбооны байгууллагууд төвлөрсөн хот. Эндээс Европын олон орны улс төр, эдийн засгийн шийдвэрийн өнгө аяс тодорхой хэмжээгээр гардаг. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогтын энэ удаагийн айлчлалыг Монголын “гуравдагч хөршийн бодлого"-ыг Европын төвд ойртуулах нэгэн чухал алхам гэж харж болохоор байлаа. Энэ бол УИХ-ын даргын хувиар хийж буй С.Бямбацогтын анхны гадаад айлчлал. Люксембургийн Их Гүнт Улсад наймдугаар сарын 26-27-нд ажилласан бол Бельгийн Хаант Улсад 28-30-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. Харин Бельгид хийсэн айлчлал нь Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

ЭНД ХҮНЭЭС ИЛҮҮ ХУУЛЬ ЯРЬДАГ

Европоор зорчиход хамгийн түрүүнд анзаарагдах зүйл бол өндөр барилга, сүртэй ордон, үнэтэй машин биш. Монголчууд “Хүн биш, хууль засагладаг нийгэм” гэж ярьдаг. Харин энд тэр үгийг амьдрал дээр нь харж болох аж. Тамхи татах бол зориулалтын цэгтээ л татна. Машинаа тавих бол зориулалтын зогсоолд л тавина. Хаана зогсож байгаагаас шалтгаалаад төлбөр нь хүртэл өөр.

 

Өөрийн амьдардаг нутаг дэвсгэр, харьяа дүүрэгтээ машинаа зогсоох бол төлбөргүй, өөр дүүрэгт очоод тавихад төлбөртэй гэх мэт журам үйлчилнэ. Энд “Би таньдаг хүнтэй”, “нэг удаа өнгөрөөчих”, “Торгуулийг хөнгөлж болох уу” гэсэн ойлголт бараг байхгүй гэнэ. Улаан гэрлээр гарвал торгуультай. Торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол нэмэгдэнэ. Дахиад төлөхгүй бол асуудал дараагийн шатандаа шилжинэ. Харин сонирхолтой нь хууль хатуу ч хүнийг шууд л нухчин дарах гэж яардаггүй. Торгууль, хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний нөхцөл байдлыг харгалздаг. Зарим тохиолдолд мөнгөн торгуулиас гадна олон нийтэд тустай ажил хийлгэх зэрэг хариуцлагын хэлбэр хэрэглэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл хууль нь хатуу, гэхдээ шийтгэл нь хүнээ бодсон байх зарчим энд зэрэгцэн оршдог юм болов уу гэж бодлоо. Биднийг машинаар авч явсан монгол жолооч “Торгуулиа дээд хэмжээнд нь тулгаж явдаг хүн бараг байдаггүй. Хугацаанд нь төлчихдөг” хэмээн ярьсан юм. Энэ ганц өгүүлбэр Европын нийгмийн нэг том ялгааг хэлээд өгчих шиг. Хуулийг сахих нь айсных биш. Амьдралын хэвшил болчихсон аж.

БРЮССЕЛЬД ОЧИХОД ШОКОЛАДНЫ ҮНЭР УГТАВ

Брюссельд ирсэн хүн шоколаднаас зугтаж чадахгүй. Дэлхийн алдартай шоколадны орнуудын нэг болох Бельги улс шоколадаараа бахархах нь аргагүй. Айлчлалын багийнхан ч Бельгийн шоколадны музейтэй танилцаж, худалдааны гудамжаар орж, нутгийн алдарт амттанаас амсах зав гаргалаа. Брюсселийн төвд, алдарт Гран-Плас болон “Шээж буй хүү” хөшөөний дэргэдэх нарийхан гудамжинд энэ музей байрлана. Энд какао, шоколадны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс өнөөг хүртэл хүүрнэнэ. Маяачууд, Ацтекууд какаог хэрхэн хэрэглэж байсан, какао Европт хэрхэн хүрсэн, улмаар шоколад хэрхэн өнөөгийн амттан болсон тухай үзүүлнэ. Харин музейн хамгийн амттай хэсэг нь төгсгөлдөө. Мастер шоколадчин өөрийн гараар Бельгийн уламжлалт идэхэд бэлэн болсон шоколад хийж үзүүлээд, зочдод амтлуулна. Шоколадны түүхийг сонсож дуусаад амтлах шоколад нь өмнөх бүх тайлбарыг гэнэт ойлгуулчих шиг. 1912 онд Брюссельд Жан Нёухаусын бүтээсэн шоколад өнөөдөр Бельгийн шоколадны нэрийн хуудасны нэг болсон гэдэг. Түүний эхнэрийн 1915 онд бий болгосон жижигхэн гоёмсог хайрцаг хүртэл өнөөдрийн шоколадны соёлын нэг хэсэг болжээ. Айлчлалын багийнхан ч музейгээр зочилж, Бельгийн шоколадны тухай сонсож, амсаж үзээд, мэдээж хоосон гараагүй. Шоколадны музей байрлах яг энэ гудамжнаас эхлээд шоколадны дэлгүүрүүд эгнэжээ. Цонхны цаана жижигхэн хайрцагтай шоколаднуудыг яг л үнэт эдлэл шиг өрсөн харагдана. Үнэ нь ч заримдаа үнэт эдлэлээс дутахгүй. Нэг багц буюу таван хайрцаг шоколад 13-20 еврогоос эхлээд түүнээс дээш үнэтэй. Энэ мэт төрөл бүрийн хайрцаг савтай шоколад сонирхон алхахад нэгэн жижигхэн хөшөөний өмнө жуулчид ээлжээ хүлээн зогсоно. Хөшөө нь сүртэй биш. Харин дүр нь тун содон. Нөгөө алдарт Маннекен Пис буюу “Шээж буй бяцхан хүү”-ийн хөшөө байх юм. 70 орчим сантиметрийн энэ жижигхэн хүрэл хөшөө Бельгийн хамгийн алдартай бэлгэдлүүдийн нэг болжээ. XVII зууны эхээр одоогийн хүрэл хувилбар бүтээгдсэн бөгөөд уг хөшөөтэй холбоотой олон домог бий. Тэдгээрийн нэгэнд Брюссель хотыг бүслэн дайрах үед нэгэн бяцхан хүү дайсны асаах гэж байсан галын гол дээр шээж, хотыг аварсан гэх хөгжилтэй домог бий. Энэ хотод заримдаа улс орныг том ордон биш, ийм жижигхэн зүйлс нь төлөөлдөг аж.

 

24 ЖИЛИЙН ДАРАА...

Харин энэ аяллын гол зорилго нь шоколад, хөшөө үзэх байгаагүй. Монголын парламентын тэргүүн 24 жилийн дараа Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь өөрөө түүхэн үйл явдал байв. Бельгийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын парламентын зүгээс нэгэн чухал асуудлыг онцгойлон хөндсөн нь Европын Холбоонд зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудал байв. Европын Холбооны орнуудад 70 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 2500 орчим нь Бельгид оршин суудаг талаар УИХ-ын дарга дурджээ. Монголын талын визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд талархал илэрхийлсэн байна. Бельгийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ч энэ асуудлыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв. Энэ бол дипломат хэлээр бичигдэхэд нэг л өгүүлбэр. Харин энгийн монгол хүний амьдралаар бодвол Европ руу зорчиход хэдэн сар материал бүрдүүлж, виз хүлээдэг тэр олон хүний хувьд огт өөр утгатай өгүүлбэр. Брюссель бол зөвхөн Бельгийн нийслэл биш. Европын улс төрийн том төв. Тиймээс Европын парламентын төлөөлөлтэй уулзсан уулзалтад Монголын “Гуравдагч хөршийн бодлого” ч яригдана. Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог. Гэхдээ гадаад бодлогын хувьд зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлагдахгүй, Европын Холбоо зэрэг гуравдагч хөршүүдтэй харилцаагаа өргөжүүлэхийг зорьдог. УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол–Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн нар Бельгийн талтай уулзахдаа ч энэ байр суурийг онцолж байлаа. Монгол, Бельгийн дипломат харилцаа 55 жилийн түүхтэй болсон энэ үед парламент хоорондын харилцааг шинэ шатанд гаргах асуудал айлчлалын гол агуулгын нэг байв.

БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД

Тэр орой Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонтой уулзлаа. Хэдхэн хоногийн айлчлалын завгүй хөтөлбөрийн дунд энэ уулзалт өөр мэдрэмж төрүүлсэн. Элчин сайд Лу.Болд тэргүүтэй Элчин сайдын яамныхан биднийг халуун дотно хүлээн авч, Монголынхоо тухай ярилцаж, Бельги дэх монголчуудын амьдрал, асуудал, энд хийж буй ажлынх нь талаар хууч хөөрлөө. Харин оройн зоогонд мэдээж бууз. Европын төв Брюссельд, Монголын Элчин сайдын яамны дэргэдэх нэгэн орой монгол буузны үнэр ханхалж суух нь эх орноос хэдэн мянган километрийн алсад яваа хүмүүсд өөрийн эрхгүй дотно санагдах нь лавтай. Европын хотын цонхны цаана Бельгийн орой үргэлжилж байхад ширээн дээр монгол бууз уур савсуулан байна гэдэг гайхамшиг биш үү. Аян замын хамгийн сайхан мөчүүд заримдаа албан ёсны уулзалтын танхимд биш, ийм энгийн ширээний ард үлддэг аж. Айлчлалын төгсгөлд УИХ-ын дарга Бенилюксийн орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзсан юм. Уулзалтыг Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нээж хэлэхдээ Бенилюксийн орнуудад ажиллаж, суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй монголчуудыг “Улсаа төлөөлсөн жинхэнэ элчин сайдууд” хэмээн тодорхойлсон юм. Энэ үгэнд нэг зүйл бий. Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол хүн зөвхөн өөрийнхөө амьдралыг авч яваа хүн биш. Өөрийнхөө зан харилцаа, ажил хөдөлмөр, хариуцлагаараа Монгол гэдэг нэрийг давхар авч явдаг. Тиймээс Элчин сайдын хэлсэн тэр үг энэ аяллын төгсгөлд бодогдох үг байлаа. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнууд монгол жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг болсон. Мөн Европт амьдарч буй иргэддээ төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн дэлхийн монголчуудын анхдугаар фестивалийг энэ жил Брюссельд амжилттай зохион байгуулсан. Монгол хэл бичиг, өв соёл, дуу бүжиг, хөгжим, монгол тоглоом наадгай үндэсний спортоо зааж сургах, европт эх орноо сурталчлах хэрэгцээ шаардлага өндөр байгааг дуулгасан. Тиймээс Бельгид төрөл бүрийн сургалт болон соёл спортын арга хэмжээ явуулах Монгол соёлын төвтэй болох, одоо үйл ажиллагаа явуулж буй гурван монгол сургуульд УИХ, ЗГ-аас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн дэлхийд тэргүүлэгч Бельгийн их дээд сургуульд монгол залуусаа тэтгэлэгтэй сургах, гадаадад буй иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын асуудалд анхаарал хандуулах талаар тэнд суугаа монголчууд саналаа хэлж байв. Хариуд нь УИХ-ын дарга иргэдийнхээ тавьсан асуудал бүрийг судлан үзэж нааштай шийдвэрлэх, тухайлбал оршин суугаа оронтой нь нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж тэтгэвэр авах боломжийг нь бүрдүүлэх, эрүүл мэндээ хамгаалах боломжоор хангах, эх орондоо эргэж очих үед нь ажил бизнесийг нь дэмжих, сурч мэдсэн туршлагыг нь монголд нутагшуулах бодлогын асуудалд гишүүдийнхээ хамт анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Ингээд Брюссельд өнгөрүүлсэн хэдхэн өдөрт олон зүйл үзлээ. Гэхдээ энэ бүхний цаана нэг л зүйл хамгийн тод үлдэв. Европт хүнээс илүү хууль ярьдаг юм байна. Хууль нь хүн бүрт адилхан үйлчилнэ. Монгол Улс Европоос технологи, хөрөнгө оруулалт, худалдаа, боловсролын туршлагаас суралцахын зэрэгцээ хууль засагладаг, дүрэм хүн бүрд ижил үйлчилдэг нийгмийн соёлоос ч суралцах зүйл их байна. “Гуравдагч хөршийн бодлого” гэдэг зөвхөн төрийн ордонд ярьдаг дипломат томьёолол биш юм байна. Тэр бодлого Брюсселийн парламентын танхимд яригдаж болно. Визийн нэг асуудлаар хэмжигдэж болно. Европт амьдарч буй монголчуудын эрх ашгаар илэрч болно. Харин эцэст нь Монголын нэрийг тээж яваа нэгэн иргэний өдөр тутмын зөв үйлдлээр хүртэл илэрхийлэгддэг аж. Ингээд Люксембургээс эхэлсэн энэ удаагийн аян замын тэмдэглэл Брюссельд өндөрлөв.

 

 

 

 

"ӨДРИЙН СОНИН"

Э.МӨНХТҮВШИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна