“5” толгой

2020/01/09

Төрийн соёрхолт Д.Сосорбарамын нийтлэлийг хүргэж байна.

Эрдэнэс таван толгой гэж эндүүрэв ээ? нүүрстэй таван толгой гэж андуурав аа! Хамтач үзлийн золиосоор бугшсан фашизм, социализм, коммунизм, национализм, расизм энэ “5” толгойн тухай өдөе. Энэ “5” толгой хүний эрхийн толгойг бооно. Боогоод зогсохгүй эрх чөлөөний нүдийг хаана. Хаахын хажуугаар өмчлөх эрхийн хаалгыг түгжинэ. Хоосон амлалт, худал үгээр хүмүүний тархи угаана. Сүрдүүлгээр дарамтлах алхам хийнэ... Бас болоогүй амийг нь егүүтгэнэ.

Чөлөөт сэтгэлгээ, ёс зүйд нийцсэн, бодитой, эрүүл саруул чиг зорилго гэж ерөөсөө байхгүй балайрал бол дээрх “5” толгойн хуарагнасан суртаалын гамшиг юм.Төрөөр гул барьж, айлгах арга барилд гаршсан тонуулч “5” толгойн үйл ажлын горим нь хувь хүний эрхийг боож, өмчийг хурааж, хумьж төрийн мэдэлд байлгах зорилго агуулдаг. Манай улс өнөөдөр эрх чөлөө, хүний эрх ярьж байгаа ч хүнийг тамладаг “5” толгойн үхширмэл суртаалаас салж чадахгүй салгалан зууралдсаар...

Буг шүглэсэн “5” толгойн үзэл санаанд аргамжаатай сэхээтнүүд эрх баригчдад суртаалын зөнч нь болж үйлчилснийхээ хэрээр албан тушаал, хэргэм зэрэг, цалин пүнлүүгээ ахиулж толгойгоо мөрөн дээрээ тогтоохчоон аядна. Эрх баригчдын болоод элдэв намын үзэл суртлыг ард түмэнд түгээх нь тэр сэхээтнүүдийн амин чухал үүрэг. 

Харин ард түмэнд үзэл санаа гэж байдаггүй. Сэхээтнүүдийн тарааж буй ямар ч учир начиргүй суртаалд автаж бас хордож гайхширсхийн дагалдахчаан болдог...

Сэхээтнүүд нийгмийн үйл явцыг салган бутаргагчид болгочихож байгаа юм. Нөгөө гайхал “5” толгойг сурталдан дагагч нь “бэлтрэгэн” сэхээтнүүд мөнөөс мөн. 

  • Би ч гэсэн хүнийг хэлэлтгүй олон жил тавтиргүйтэж, алдаж онож, тэнэглэж явснаа шүүмжилж байна...Алдаа мадаг үүрд баяртай. Оносон олсноороо харин бахархнам би... Өөрийнхөө төрмөл зөв мөн чанарыг олж сэрэх шиг гайхамшиг хаа ч үгүй гэж бодно би... Өөрөөсөө урвалгүй өдий хүрсэн учраас л эх бие нь хатингаршсан “5” толгойг хүн төрөлхтөний гай гамшиг шүү гэж зоримог сурталдана би...

Хяхсан, хавчсан, сүрдүүлсэн, зусардсан, золиос нэхсэн, хүний болоод бизнесийн хөгжилд чөдөр тушаа болсон чөтгөр үүрлэсэн “5” толгойгоос ангижрахыг зөв үйлс гэж үзнэ би...

Энэ цаг үеэс эхлээд нэг толгойтой бодит чиг хандлага, хазайшгүй эрүүл саруул чиг зорилготой, учир зүйн уялдаанд тулгуурладаг жам ёсны чөлөөт өрсөлдөөнөөр цогцолдог капитализм руу шийдвэртэйгээр эргэлт буцалтгүй шилжих зоримог өөрчлөлт хийх цаг болсон гэж дуулгая би. Хүмүүний бие даах чадвар хамгийн түрүүнд түүчээлэн цогших хэрэгтэй гэж нотод ухралтгүй бодно би. 

Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, сонгуулийн хууль баталлаа гээд ЖДҮ “тусагчид”, “60 тэрбум”-ын “хэнхэгүүд” эдгэрэхээргүй гэм зэмээ түүхэн үйл явдал гэж сүжрэв. 

Хүн төрөлхтөний олон зуун дамжсан гай гамшиг зовлон зүдгүүр ”5” толгойн баримталдаг цус ханхалсан жудаггүй хэм хэмжээнээс болсон байдаг. Өнөөдөр эрх мэдлээр далайж бизнесмэнүүдийг сүрдүүлэн мөнгө сааж зоологчид ЖДҮ, 60 тэрбум,100 саяын “хар салхи”-нд улс орноо нэрвэгдүүлж, хүний жудаг нүнжиг зөв үнэ цэнэ устахад хүрэв.

Цаг алдалгүй хоёр жарны зааг дээрээс, нэгэн мянганы эхлэлээс ёс жудаг, нүнжгээ сэрээж, оюун санааны тортогоо ариутгах хэрэгтэй...

Хүн мэдрэмждээ хөтлөгдөн, сэтгэл хөдлөлдөө бугуйлдуулж, донгиорох бус оюун санаандаа өөрчлөлт шинэчлэл хийх нь чухал болоод байна. Долдой сэхээтэнд биш сэтгэгчдэд үнэ цэнэ өгч, амьд байх учир начир, амьдралыг бодитой харж, эрүүл ухаантай, жудагтай, өөрөө өөртөө нүнжигтэй байх нь үнэнийг бадраасан үйл хэрэг юм. 

Шинэ жарнаа эхлээд улам эрчим шимээ түгээх А бол А, Б бол Б гэсэн Айн Рэндийн бодит үнэлгээ хүний түүхийг зөв чиг рүү хөтөлсөөр байх болно. Огтхон ч эргэлздэггүй юм аа би. Оновчтой сэтгэж байж цэгцтэй мэдлэгтэй болно. Амьдралын төлөөх тэмцлийн гол тулгуур бол логик буюу учир зүй. Оюун санаагаа шинэ сэтгэлгээгээр баяжуулж аливаад логиктой бодитой хазайшгүй эрүүл саруул чиг зорилготой байх нь хүний амин чухал үйл хэрэг бөлгөө. 

Энэ л чиг хандлага сурч боловсроход, ажил үйл хөтлөхөд, бизнес эрхлэхэд, тулхтай суурь болж хүн өөрөө ч хөгжин дэвжинэ.

Амьдралаа өнгөжүүлж дээдлэх, амь биеэ хамгаалах үзэгдэл юмсад өөрийнхөөрөө хандах нь хүн байхын утга учир ёс жудгийн зарчим хэм хэмнэл болой.

Алийг харж, хэнийг дуурайя даа гэсэн хүн хэзээ ч өөд наран үзэхгүй шүү дээ. 

Капитализм бол дээрх үнэ цэнийн шалгуур болсон нийгэм. 

Хүн амьдрахын тулд бас зөв байхын төлөө тэмцвээс амьдрал тос даагаад л угтана. Тодорхой байр суурьгүй бэргэсэн, тээнэгэлзсэн зан чанарыг зэвий даасан өнгөөр тосно. Жам хатуу. Өөрт байгаа үнэн төрхөө үнэлэхгүй бол амьдрал чамайг булгичихна. Хүн зөв эрүүл ухаанаар тов тодорхой зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх нь том үнэ цэнэ. Ингэсэн цагт ямарч бусгаа булгианд унахгүй гэж итгэнэ би. 

Өөрийн эрхийг нь эзэнд нь атгуулдаг, хариуцлагыг сэтгэлгээнд нь даалгадаг, бизнесийн өрсөлдөөнд хөндлөнгөөс үл оролцогч, бодит чиг хандлагыг өөгшүүлдэг, баялаг бүтээгч хүн өөрөөрөө бахархах үнэ цэнийг зөнд нь орхидог “ганц сайн толгой” бол капитализм мөнөөс мөн. 

Зүй зохистой бодитой эрүүл саруул юунд ч үл чөдөрлөгдөх чөлөөт араншин бол хүний оршин тогтнох тусгаар үнэт өв болой. Харин зөв бодолгүй, зүй зохисгүй, бодитой бус, тогтворгүй тогтолцоо хүнийг сүйрэл рүү чирч харанхуй ангалын ирмэгт аваачна. “5” толгойд болдог тамлан бол энэ юм. 

Би гол санаагаа бодлынхоо боол, хүслийнхээ хяслан болсон хүн сүргүүдэд биш шинэ сэргэг буйр сэлгэж, үүдээ нээж, өрхөө татаж, сэтгэлгээнийх нь чагтага сэвтээгүй, өсч бойжиж байгаа амьдралынхаа эхний шанг татаж буй арван найм дугаар жарныханд мөн шинэ мянганыханд өргөвэй. 

Шинэ жаран, шинэ мянган Аристотель, Адам Смит, Фридрих Хаяк, Милтон Фридман нарын сэдлийг оновчтой дүгнэж, хувь хүний эрхийг дээдлэх нээлт хийсэн Айн Рэндийн бодит чиг хандлага зорилгодоо хүрэх зөв эрүүл саруул хувь хүний сайн дурын үндсэн дээр нийлсэн уулзварууд капитализмыг цогцлоох өргөн зам болон зурайг... 

Хувь хүний эрх, хувийн өмч нь иж бүрэн утгаараа капиталист тогтолцооны явцад жинхэнэ мөн чанараараа хамгаалалтанд орно. 

Айлган сүрдүүлэлт, албадан хураалт нь хамтач үзлийн золиосоор бугшсан “5” толгойтойгоо тонил... Одоо болно...

Үргэлж шинийг сэдэж, сэтгэж баялаг бүтээх эрх чөлөөг няцашгүйгээр даллан дуудаж өмгөөлөн хамгаална би...

2020 оны 1-р сарын 4

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин