• Эхлэл
  • Би монгол хүний хязгааргүй шуналд итгэж байна

Би монгол хүний хязгааргүй шуналд итгэж байна

2020/01/10

Э.Бат-Үүл нэг удаа ингэж бичсэн нь санаанд оров. Улстөрч хүн болохоороо мэдээж арай эерүү утгаар тайлбарласан байсан л даа. Монгол хүний хязгааргүй шунал бол сайхан амьдрах хүсэл юмаа. Хүн бүр сайхан амьдрах эрхтэй гэж...

Харин надад тэгж тал засах шаардлага байхгүй, би ямар улстөрч биш. Гэхдээ би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг. Ялангуяа сүүлийн өдрүүдэд бүр их итгэж байгаа.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжихдээ хууль санаачлагчид “зургаан сая төгрөг хүртэл зээлийг тэглэх, түүнээс илүү гарсныг нь зээлдэгч өөрөө төлөх” шаардлагыг тавьсан. Хууль санаачлагч зөвхөн “судалж байгаа” гэсэн хариултыг өгч байгаа.

Монгол Улсад өнөөдөр Монгол Улсад НДС-аас тэтгэвэр авдаг 422,9 мянган иргэн байна. Тэдний  54.5 хувь буюу талаас илүү нь тэтгэврийн зээлтэй тухай ХНХ-ын сайд танилцуулсан. Зээлийн нийт дүн 756,7 тэрбум төгрөг. Үлдсэн 200 мянган иргэн тэтгэврээ зээлээгүй, тэдний асуудал яах вэ гэдэг асуудал өнөөдөр яригдаж байна. Учир нь оны өмнөхөн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Байгалийн баялгийг иргэн бүртээ тэгш шударгаар хүртээх зарчим баримтална” гээд биччихсэн.

Тиймээс Монголын ахмадын холбооноос энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэтгэврийг тэглэх нь буруу биш ч хуваарилалт нь шог байна” гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүртээ тэгш хүртээе гэвэл тэтгэврийн зээл аваагүй хүмүүстээ ч гэсэн зээл тэглэсэнтэй ижил хэмжээний нөхөн олговор өгөх ёстой гэв. Нэг хэсэг нь зээлээ төлүүлээд нөгөө хэсэг нь хоосон хоцорч болохгүй биз дээ? Энэ тэгээд тэгш хуваарилалт мөн үү?

Ахмадын холбооны араас ШИНЭ намын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэтгэврийн зээл тэглэх гэж байгаа 750 тэрбум төгрөгөө бүх ахмадууддаа тэнцүү хувааж өг” гэв. Байдлыг анаж, хүмүүсийн амыг харж, харьцуулж байгаад өөрт хамгийн ашигтай вариантаар дуугарч байгаа хэрэг. Ядаж байхад хуулийн төсөл санаачилсан ХНХ-ын сайд нь “Тэтгэврийн зээлгүй иргэдийн асуудлыг энэ удаа ярихгүй. Бид ядууралд орсон хэсгээ л ядуурлаас гаргах гэж байна” гээд хэлчихсэн. Одоо шонд өлгүүлээ л дээ...

Ингээд зээл төлөгдөхгүй бол зээлтэй ахмадууд гомдох, зээл төлөгдвөл зээл аваагүй хэсэг нь гомдох болчихоод байна. Өчигдөр “Монгол коммент”-оор “Үүргэвчнээсээ өөр өмчгүй армиас халагдсан цэргийнхнийг битгий гадуурхаарай” энэ тэр гээд заналхийлээд эхэлсэн байна лээ. Учир нь тэд тэтгэврийн даатгал төлдөггүй, даатгалыг нь төр хариуцдаг.

Сүүлийн гурван өдөр тэтгэврийнхний дунд “хэн нь зээл авдаг, хэн нь авдаггүй вэ?” гэсэн талцал гараад байгаа. Нэг хэсэг нь “Болж бүтэж байгаа нь л зээлгүй байгаа шүү дээ, битгий нэгнийхээ хөлөөс чангаагаач ээ” гэхэд нөгөө нь “Тэгж яривал хамгийн ядуу хэсэг нь зээл авч чадахгүй байгаа шүү. Сарын 300 мянгын тэтгэвэртэй хүн тэрийгээ зээлчихвэл юугаараа амьдрах юм” гэх. Ингээд зээлтэй зээлгүйн ялгаа дүндээ дүн болох шинжтэй.

Тэтгэврийн зээлийг тэглэчихвэл сая хүн ядуурлаас гарна гэж С.Чинзориг сайд хэлсэн. Гэтэл цаана нь тэтгэврээ зээлээгүй сая хүний /мэдээж гэр бүлийг нь оролцуулаад/ саналыг алдах болчихоод байдаг. Тиймээс өчигдрийн чуулган дээр УИХ-ын зарим гишүүд “Зээл аваагүй 192 мянган иргэнд баялгийг тэгш хүртээхийн тулд Салхитын мөнгөний орд дээр босгосон бондоос хувь хүртээе, өрийн бичиг гаргаад өгчихье. (ингэвэл нөгөө 750 тэрбум нь 1,5 их наяд болно) Энэ хуультайгаа хамт хэлэлцье” энэ тэр гэж байна. Ингээд УИХ-ын 75 гишүүн нэг нэгээрээ “хүсэл биелүүлэгч” бирд болж хувирлаа. Манайхан ч буруу дуулахгүй бол “Үгүй” гэхгүй нь сайхан.

Одоо араас нь сургалтын төлбөрийн зээл, цалингийн зээл, малчны зээлээ ч гэсэн тэглүүлээд нэгмөсөн гурван саяулаа (30 гэр бүлийг оруулаагүй шүү) ядуурлаас гарах хэрэгтэй шүү дээ. Үндсэн хуулийнхаа зарчим ёсоор. Нэг муу Салхитын ордыг зарахад ахмадуудынхаа өрийг төлж байгаа юм чинь Тавантолгойг бүтнээр нь зарчихвал цалингийн зээлээ төлчихдөг юм байгаа биз дээ. Дараа нь Оюутолгойн 34 хувь... (өө нээрээ манайх өртэй шт) Тэгвэл Эрдэнэт”...  (тэр чинь даргын үнээ)

Тиймээ, би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг. Монгол хүний хязгааргүй шунал биднийг хямралаас гаргана. Хямралаас хурдан гарахын тулд эхлээд тартагтаа тулах ёстой. Одоогийнхоосоо ч илүү, хамгийн хурднаар, бүр ёроол руу унах ёстой. Тэгж байж бид хямрал гэж юу болохыг жинхэнээсээ ой тойндоо ортол ойлгоно. Тэрийг ойлгуулсан тэр хүмүүсийг дахиад хэзээ ч сонгохооргүй болтлоо жигшинэ. Тэгж байж энэ эцэс төгсгөлгүй мөнгөний амлалт, саналын худалдан авалт арай гэж нэг юм дуусна.

Би монгол хүний саруул ухаанд итгэхгүй байна. Би монгол хүний хязгааргүй шуналд итгэж байна.   

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин