• Эхлэл
  • Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

2020/01/27

Төв банкнаас Ариг банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа талаар мэдээлэл гарсан. Ингэснээр Ариг банкны үйл ажиллагаа хүндрэлтэй байдалд хүрээд байгаа гэсэн болгоомжлол төрж эхлэхээр байгаа. Тэгвэл энэ талаар Монголбанкнаас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ариг банк Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй, төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохистой засаглал алдагдсан. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Ариг банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна.

Бүрэн эрхт төлөөлөгч нь Ариг банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна. 

МОНГОЛБАНК

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин