• Эхлэл
  • Канадад цахим үйлчилгээнд ногдуулах татварыг цуцалжээ

Канадад цахим үйлчилгээнд ногдуулах татварыг цуцалжээ

2025/07/01

ОТТАВА, 2025 оны долоодугаар сарын 1 /TASS/. Канадын эрх баригчид АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэх зорилгоор цахим үйлчилгээнд ногдуулах татварыг цуцлах шийдвэр гаргажээ. 

АНУ-тай харилцан ашигтай, цогц худалдааны хэлэлцээр байгуулах үүднээс Сангийн сайд Франсуа-Филипп цахим үйлчилгээнд ногдуулах татварыг түр зогсоож байгааг мэдэгджээ. Мөн долоодугаар сарын 21 гэхэд хоёр орны хооронд гэрээ байгуулахын тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Канадын Ерөнхий сайд Марк Карни, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тохиролцсон байна. 

Цахим үйлчилгээнд ногдуулах татвар зургаадугаар сарын 30-наас хэрэгжих ёстой байсан бөгөөд Сангийн сайд Франсуа-Филипп Шампань ойрын хугацаанд уг татвартай холбоотой хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн барина гэж мэдэгджээ.

Канадын шинэ Засгийн газар бизнес эрхлэгчдэд хамгийн ашигтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд АНУ-тай эдийн засгийн шинэ түншлэл байгуулах тухай болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны чиглэлээр “нэлээд ярвигтай хэлэлцээ” явуулж байгаа юм.

АНУ, Канадын хооронд хийж буй худалдааны хэлэлцээг зогсоож байгааг Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр ийм шийдвэр гаргаснаа Америкийн технологийн компаниудад цахим үйлчилгээний татвар ногдуулахаар Канадын тал төлөвлөж буйтай холбон тайлбарлажээ. Д.Трамп Канадын эрх баригчдыг “Европын Холбоог дуурайж байна” хэмээн буруутгасан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна