
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Сангийн яам болон Дотоод орлогын алба (IRS)-ыг 100 тэрбум ам.долларын нэхэмжлэлтэйгээр шүүхэд өгчээ. Тэрбээр 2019–2020 онд "IRS" өөрийнх нь татварын мэдүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд задруулсан гэж үзэж байна. Энэхүү нэхэмжлэлийг өчигдөр (2026.01.29) Майами хотын холбооны шүүхэд гаргасан бөгөөд Трамп, түүний хоёр хүү болон "Trump Organization" компани хамтран нэхэмжлэл гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар "IRS"-ийн гэрээт ажилтан байсан Чарльз Литлжон татварын мэдээллийг "New York Times" болон "ProPublica" зэрэг хэвлэлд хууль бусаар дамжуулсан бөгөөд төрийн байгууллагууд уг мэдээллийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг аваагүй гэжээ.
Нэхэмжлэлд дурдсанаар, татварын мэдээллийг нь задруулсан явдал нь Трамп болон бусад нэхэмжлэгчдийн нэр хүнд, санхүүгийн ашиг сонирхолд ноцтой, нөхөж баршгүй хохирол учруулсан байна.
Мөн уг хэрэг санаатай эсвэл ноцтой хайхрамжгүй байдлаас үүдсэн байж болзошгүй тул нэмэлт торгуулийн нөхөн төлбөр нэхэмжилж магадгүй гэжээ. Үүнээс гадна тус улсын хууль тогтоогчид энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг ажиглаж эхэлжээ. Учир нь Трамп өөрийн удирдаж буй гүйцэтгэх засаглалын харьяа байгууллагуудыг шүүхэд өгч байгаа юм.
"IRS" нь Сангийн яамны харьяанд байдаг. Одоогоор аль аль байгууллага уг хэрэгт тайлбар өгөөгүй байна. Сангийн сайд бөгөөд түр "IRS"-ийн дарга энэ хэрэгт хариуцагчаар татагдаагүй. Трамп 2024 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг олон том хэмжээний нэхэмжлэл гаргасан. Тэрбээр 2024 оны сонгуульд нэр хүндийг нь унагах зорилготой гэж үзсэн нийтлэл, номын улмаас "New York Times" болон "Penguin Random House"-ыг 150 тэрбум ам.доллараар шүүхэд өгсөн. Мөн "Wall Street Journal"-ыг Жеффри Эпштейнийн төрсөн өдрийн мэндчилгээтэй холбоотой нийтлэлийн улмаас 100 тэрбум ам.доллараар, "BBC"-г 2021 оны нэгдүгээр сарын 6-ны Конгрессын ордонд халдсан үйл явдлын өмнөх илтгэлийг эвлүүлэн засварласан гэх шалтгаанаар 100 тэрбум ам.доллараар шүүхэд өгчээ.
Эдгээр нэхэмжлэлүүдийг Флорида мужид төвтэй хуульч Алехандро Брито гаргасан эсвэл дэмжин оролцсон байна. Нэхэмжлэлд дурдсанаар "New York Times" дор хаяж найман нийтлэл, "ProPublica" 50-иас дээш нийтлэлийг задруулсан татварын мэдээлэлд тулгуурлан нийтэлжээ. Харин Чарльз Литлжоны хувьд 2023 оны есдүгээр сард Трамп болон бусад чинээлэг америкчуудын татварын мэдээллийг задруулсан хэргээр яллаж, улс төрийн зорилготой байсан гэж прокурорууд мэдэгдсэн. Тэрбээр 2023 оны аравдугаар сард гэм буруугаа хүлээж, 2024 оны нэгдүгээр сард таван жилийн хорих ял сонсжээ.


Сэтгэгдэл байхгүй байна