Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ зогсолтгүй өссөөр 5600 ам. доллароос давж, Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн тэнгисийн цэргийн флот Иранд дөхөж ирснийг сануулж, Хятадад цэргийн дээд албан хашдаг хоёр генералыг баривчилсан бол Энэтхэгт нипах гэдэг хүний аминд аюултай вирусний халдвар дэгдлээ. Мөн Энэтхэг улс Европын Холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулсныг онцлох нь зүйтэй. Ингээд өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Анхны гурван талт уулзалт ахиц дэвшил авчирсангүй
Орос-Украины дайн эхэлснээс хойш анх удаагаа АНУ, ОХУ, Украины гурван талт уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод боллоо. Уулзалтын явцад дайныг зогсоох тал дээр тодорхой ахиц дэвшил гараагүй боловч талууд дахин уулзахаар тохиролцжээ. Украинд аюулгүй байдлын баталгаа олгохын өмнө Донбассыг Орост өгөхийг Америкийн тал ятгасаар байгаа тухай хэвлэлүүдэд бичсэн байна. Уулзалт болж байх үеэр Оросын тал Харьков муж руу дроноор довтолсны улмаас 5 хүн амь үрэгджээ.
Энэтхэг-Европын чөлөөт худалдааны гэрээ байгуулагджээ

20 гаруй жилийн турш хэлэлцээ хийсний эцэст Энэтхэг улс Европын Холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Ингэснээр 2 орчим тэрбум хүн ам бүхий чөлөөт худалдааны бүс бий болно. Энэтхэгийн тал Европын автомашинуудад ногдуулж буй 110 хувийн татвараа таван жилийн дотор 10 хувь болгон бууруулж, Фольксваген, Рено зэрэг брэндүүдэд зах зээлээ нээж өгөх ажээ. Мөн Европын дарсны татварыг одоогийн 150 хувиас аажмаар 20 хувь болгон бууруулах ажээ. Европын Холбооноос Энэтхэг рүү экспортолж буй бараа бүтээгдэхүүний 97 хувьд ногдуулж буй гаалийн татварыг цуцлах эсвэл бууруулах юм.
Хятадын цэргийн дээд албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхлэв

Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэнли нар холбогдсон авлигын томоохон дуулиан дэгджээ. Хэрэв Жаныг огцруулах шийдвэр гарвал энэ нь 1989 оны Тяньаньмэний талбайд эсэргүүцлийн ажиллагааг дарсан цагаас хойш Хятадын армид хийсэн хамгийн том халаа сэлгээнүүдийн нэг болно. Цэргийн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй хоёр генералыг авлигын хэрэгт холбогдуулан огцруулснаар Хятадын удирдагч Ши Жиньпиний гарт цэргийн бүх эрх мэдэл төвлөрөх юм.
Америкийн флот Иранд дөхөн иржээ

Америкийн тэнгисийн цэргийн асар том цуваа Иранд дөхөн ирж буйг Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эрх баригчдад анхаарууллаа. Хэрвээ Иран улс цөмийн ба пуужингийн хөтөлбөрүүдийнхээ асуудлаар хэлэлцээ хийхгүй бол өнгөрсөн онд цөмийн байгууламжуудад нь өгсөн цохилтоос хамаагүй илүү хүчтэй цохилт өгнө гэж тэрбээр хэлсэн байна. USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон дагалдан яваа хөлөг онгоцууд Оманы буланд хэдийн ирсэн бөгөөд энэ нь байлдааны онгоцуудаар Иранд цохилт өгөхөд хамгийн ойрхон байрлал юм.
Энэтхэгээс ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгав

Энэтхэгийн Баруун Бенгал мужид хүний аминд аюултай “нипах” гэдэг вирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Азийн зарим улсууд Энэтхэгээс ирж буй зорчигчдыг сайтар чанд шалган нэвтрүүлж байна. Энэхүү вирус амьтнаас буюу гахай, сарьсан багваахайгаас хүнд халдварласан байх магадлалтай. Мөн бохирдсон хүнсээр дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Иймээс цар тахал дэгдэх эрсдэл өндөр байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нипахыг Covid-19 ба зика вирусний нэгэн адилаар хамгийн аюултай 10 өвчний жагсаалтад оруулжээ. Одоогоор вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх вакциныг гарган аваагүй, эмчилгээний аргыг боловсруулаагүй байгаа тул нас барах магадлал маш өндөр буюу 40-75 хувьтай байна.
Тесла бизнесээ төрөлжүүлнэ
Тесла компани Калифорни муж улсын Фримонт хот дахь үйлдвэртээ S, X загварын автомашинуудыг үйлдвэрлэхээ зогсоож, уг үйлдвэрийг хүн дүрст Optimus роботуудыг үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөж байна. Түүнчлэн Илон Маскийн эзэмшлийн xAI компанид 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Теслагийн автомашины борлуулалт Европын зах зээлд буурсан бөгөөд орон зайг нь Хятадын BYD загварын автомашин эзэлсэн байна.
Алтны үнэ зогсолтгүй өссөөр байна

Чикагогийн CME таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх унц алтны үнэ 5626.8 ам.долларт хүрчээ. Энэ долоо хоногийн эхээр алтны үнэ анх удаа 5000 ам.долларын босгыг давж, долоо хоногийн хугацаанд 10 гаруй хувиар өслөө. Харин 2026 он гарснаас хойш 27 хувиар, өнгөрсөн 2025 онд 65 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүнийг дагаад мөнгөний үнэ тасралтгүй өссөөр байгаа бөгөөд нэг унц нь 120 ам.долларт дөхөж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мөнгөний үнэ анх удаа 100 ам.доллар давсан билээ.
Шинэ аваргууд тодорлоо

Дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн теннисчин Карлос Алькарас Австралийн нээлттэй тэмцээний финалд Сербийн тамирчин Новак Жоковичийг хожсоноор тус тэмцээнд анх удаагаа түрүүлсний зэрэгцээ Их дуулгын бүх тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчнаар тодорлоо. Мөн Казахстаны теннисчин Елена Рыбакина дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусийн тамирчин Арина Соболенког буулган авснаар анх удаагаа аваргалав. Ийнхүү энэ оны Их дуулгын анхны тэмцээнд ийнхүү шинэ аваргууд тодорлоо.
Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох үйл явдлууд:
- Даваа гараг – Сталинградад фашистын Германы цэргийг бут цохисны 83 жилийн ой
- Мягмар гараг –1945 оны энэ өдөр Америк-Филиппиний цэргийн хамтарсан хүч Манила хотыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлжээ
- Лхагва гараг – Хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр тохионо
- Лхагва гараг – 1840 онд Вайтангийн гэрээнд гарын үсэг зурсан өдрийг Шинэ Зеландын үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг
- Пүрэв гаргаас бямба гарагт – Англи, Франц, Ирланд, Итали, Шотланд, Уэльс гэсэн Европын 6 улсын регбичид оролцдог “The Six Nations Championship” уламжлалт тэмцээн явагдана.
- Баасан гараг – 1911 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган, 1945 оны энэ өдөр Ямайкийн нэрт дуучин Боб Марли нар мэндэлжээ
- Баасан гараг – Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын нээлт болно
- Бямба гарагт АНУ-ын Даллас хотноо эрэгтэй теннисчдийн Dallas Open тэмцээн эхэлнэ
- Бямба гарагт АНУ-д Үндэсний балетын өдрийг тэмдэглэнэ
- Хоёрдугаар сарын 2-8: Олон улсын сүлжээний долоо хоног
УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/.


Сэтгэгдэл байхгүй байна