• Эхлэл
  • Д.Дамба-Очир:Би болоод манай гэр бүлийн хамааралтай ямар ч компани ЖДҮ-гийн зээл аваагүй

Д.Дамба-Очир:Би болоод манай гэр бүлийн хамааралтай ямар ч компани ЖДҮ-гийн зээл аваагүй

2020/03/16

Ээлжит сонгууль дөхөж буй энэ үед иргэдийнхээ боломжийг хулгайлж, эрх мэдлээрээ түрий барин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг өөрсдөө авсан хэрэг улам анхаарал татаж, ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийг дахин сонгохгүй байх уриалга гараад байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрөө болон гэр бүлийнх нь хамаарал бүхий ямар ч компани ЖДҮ-гийн зээл аваагүй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Тэрээр

-Би ямар ч зээл аваагүй. Би тэр тусмаа манай гэр бүлийнхэнтэй хамааралтай ямар ч компани ЖДҮ-гээс зээл аваагүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Харин яагаад түүнийг ЖДҮ-гийн зээл авсан гэсэн “бүлэг”-т хамааруулсан талаар

-Би УИХ-ын гишүүний хувьд тойргийн компани, аж ахуйн нэгжийг дэмжиж, туслах үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу Эрдэнэт хотынхоо компанийг дэмжих бичиг гаргаж байсан. Тэр бол миний болон манай гэр бүлтэй ямар ч хамааралгүй. Ер нь бол 40 гаруй гишүүн тодорхой компаниудыг дэмжих бичиг гаргаж байсан. Үүнийг надтай нялзааж байна гэсэн тайлбар өгсөн юм.

ЖДҮ-гийн дуулиан дэгдсэнээс хойш эрхэм гишүүд өөрийнхөө нэр дээр байдаг, эсвэл хувь эзэмшдэг, гэр бүлийнхнийх нь эзэмшлийн компаниудад зээл гаргуулж өгсөн нь тодорхой болсон. Д.Дамба-Очирын хувьд 1991 оноос бизнес эрхэлж эхэлсэн, түүний үүсгэн байгуулсан “Очир” компанийг хүмүүс сайн мэддэг. Үүнээс улбаалаад “Очир” гэсэн нэртэй болгоныг түүнтэй хамааруулж ойлгодог болсон нь ч нууц биш. Ямар сайндаа л 13 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан “Очир төв” хэмээх нэртэй дэн буудлыг түүнтэй хамааруулж байх вэ дээ? Тийм ч учраас түүнийг “Би ЖДҮ-гийн зээл аваагүй” гэж хэллээ гэхэп итгэхгүй байх хүн олон. Аливаа асуудалд баримттай хандах нь зүйтэй учраас эхлээд ЖДҮ-гийн зээл авсан компаниудаас түүнтэй хамааралтай компани бий эсэхийг харах нь зүйтэй.

Мэдээж бичиг илгээж, дэмжсэн гэх компанийг ч түүнтэй хамааралтай эсэхийг шалгах нь зүйтэй. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын дэмжсэн гэх “Сапфир стоун” гэх компани нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр бол 2016 онд байгуулагдсан, 1 хүний эзэмшилтэй, өөр хувьцаа эзэмшигчгүй М.Бат гэдэг хүний компани юм байна. Энэхүү компани нь Эрдэнэт хотод жижиг, дунд үйлдвэрлэл байгуулахаар зээлийн хүсэлт гаргасан. Ажлын байр бий болгох, жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлээч гэж тойргоосоо сонгогдсон гишүүнд хүсэлт гаргасан учраас дэмжсэн, гэхдээ ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй гэжээ.

Монголчуудын хувьд мэдээлэл авах орон зай хязгааргүй. Хэдийгээр энэ нь ололттой тал боловч худал ташаа мэдээлэл газар авах хандлага их болсон. Тэр тусмаа өрсөлдөгчийнхөө талаар худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараах болсон нь нэгэнт бүгдэд ойлгомжтой болсон. Тэр тусмаа сонгууль дөхөж байгаа энэ үед худал ташаа, зорилтот мэдээлэл их гарах болсон, магадгүй цаашдаа ч энэ мэт худал мэдээлэл гарна гэдэгт нэг их эргэлзэх зүйлгүй. Тийм болохоор өрсөлдөгчдийн тараасан ташаа мэдээлэл бус баримт нотолгоотой мэдээлэл эсэхийг нягталж байх нь яах аргагүй чухал болоод байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин