• Эхлэл
  • Хийсэн “Ослын буулт” ба “Завдсан” оффшор шилжүүлгийн буруутан хэн бэ?

Хийсэн “Ослын буулт” ба “Завдсан” оффшор шилжүүлгийн буруутан хэн бэ?

2020/04/14

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ ослын буулт хийсэн ТВС-2МС-ийн талаар 2017 оны 6 дугаар сарын 13-нд ИНЕГ-аас няцаалт хийж билээ.

Тэр үед ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ““Үзүүлэх нислэг үйлдэхээр манай улсад ирсэн, ОХУ-ын RA2099G бүртгэлийн дугаартай ТВС-2МС нисэх онгоц нь алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, байгаль орчин, эрүүл мэндийн үйлчилгээнд ерөнхий зориулалтын агаарын тээврийг ашиглах төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг байсан. Энэ онгоц бол ОХУ-ын онгоц. ОХУ-ын нисэх бүрэлдэхүүн жолоодож байсан. Тиймээс ч ОХУ-аас Осол зөрчлийг шинжлэн шалгах комисс ирж ажиллаж байгаа. Энэхүү онгоцтой холбоотой Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн өр төлбөрт орох асуудал байхгүй” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Мөн ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом “ИНЕГ нь зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй агаарын хөлгүүдийг бүртгэж, гэрчилгээ олгодог. Тиймээс ИНЕГ-ын сайтад буй нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгүүдтэй холбож андуурах хэрэггүй. Энэ бол ОХУ-д бүртгэлтэй агаарын хөлөг. Тус агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ бусад хүчин төгөлдөр бичиг баримт бүрэн байсан” гэдгийг онцолсон.

Харин уг ослоос хоёр жилийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд ЗТХЯ болон МИАТ ХК-ийн төлөөлөл Новосибирск хотын "Русавиапром" компанийн удирдлагатай Монгол Улсад ТВС-2МС агаарын хөлгийг хамтран угсрах тухай яриа хэлэлцээ хийсэн байдаг. Уулзалтын үеэр дээрх ослыг мөн хэлэлцэж “Монгол Улсад гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сарын 2-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд үзүүлэх нислэг хийх үеэр RA-2099G дугаартай ТВС-2МС агаарын хөлөг унасан. МАК (Международный авиационный коммитет)-ийн дүгнэлтээр 2 дугаар пилотын алдаанаас болж унасныг тогтоосон. Тухайн унасан онгоцыг Россавиация–аас Аккредитаци аваагүй “МИАТ”-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт засвар хийсэн нь дүрэм зөрчсөн явдал юм” хэмээн дүгнэжээ.

Түүнчлэн “МИАТ” ТӨХК Росавиация-аас Итгэмжлэл аваагүй нөхцөл байдлыг ашиглан “СибНИА” 2 ширхэг ТВС-2МС агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-д ОХУ-д “Сертификат типа” аваагүй агаарын хөлгийг худалдахаар шахсан нь ИКАО-гийн дүрмийг зөрчсөн хэрэг гэж Ажлын хэсэг үзсэн байна. 

Энэхүү ажлын хэсэг нь Монгол Улсад анх удаа ОХУ-ын “TBC-2MC” болон АНУ-ын GOLAX агаарын хөлгийг угсрах, хамтарсан үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх гэж байна хэмээн шоудаад байсан “ОХУ-ын Новосибирск хотын Сибниа нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран угсрах, Бүгд Найрамдах Словени Улсын ‘Pipistrel’ агаарын хөлгийг Монгол Улсад угсрах гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг хийж төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ажлыг дүгнэсэн байдаг юм. 

Төслийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТВС-2МС агаарын хөлгийг дотооддоо угсрахаас гадна Бүгд найрамдах Чех болон Словени улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг судлах, хэрэгжүүлэх явдал байсан. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал ахалж ажиллаж байв. Тэрбээр тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт ТВС-2МС агаарын хөлгийн анхны загварыг гардуулж байсан. Одоо харахад төслийн хэрэгжилтийн зах зух нь төрийн зайлшгүй үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх, бизнес, аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийг хөгжүүлэх, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын агаарын хөлгийг эрчимтэй ашиглах буюу Дарханы замыг хуулж хаяад Сэлэнгэ рүү бага оврын агаарын хөлөг нисгэж туршсан, мөн буултын талбайг бэлтгэхээр холбогдох орон нутгийн удирдлагуудтай өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан гэрээ сэлттэй холбоотой байжээ гэсэн логик дүгнэлтэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн өмнөх хоёр сайд ч мэдэж байсан, эхлүүлсэн ажил гэсэн үг. Ямар ч байсан хэн нэгэн болиулсангүй. 

Сонирхуулахад ОХУ-ын “СибНИА”, Монголын “МИАТ” ТӨХК хооронд 2017 оны 9-р сарын 14-нд гэрээ байгуулагдсан. 

2017 оны 10-р сарын 4. Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийсэн Новосибирск хотын Захирагч А.Е.Локоть, Хурлын төлөөлөгч В.Е.Барсук, Аж үйлдвэрлэл инновацийн газрын дарга А.Н.Люлько нар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

2017 оны 11-р сарын 8. УИХ-ын зарим гишүүд “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж байгаа “ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явц, байдалтай танилцав.

Гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Л.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Учрал нар багтжээ. 

Тэр үед ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал,ажлаа танилцуулаад, “тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалт учраас Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сонирхолтой нь яг тэр өдөр, тэр үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энэхүү онгоц шинэчлэгдсэнээр хөдөлгүүрийн жин 680 кг-аас 140 кг болж, 1400 км буулгүй нисэх чадвартай, олдоц ихтэй ТС-1 маркийн нисэхийн шатахуун хэрэглэж ашиглалтын зардлыг бууруулж байгаа юм байна. Иймээс уг онгоцыг эх орондоо албан ёсоор угсарч эхэлснээр улс орны эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэллээ” гэх албан мэдээг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн эх сурвалжтайгаар харж болно. Энэ өдрөөс хойш гурван сар ч хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон билээ. Сонирхолтой биш гэж үү, гурван сарын дараа Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын чуулганаар томилогдохоо мэдсэн юм шиг энэ онгоцыг тайлбарлаж байсан нь? 

Гэсэн ч ОХУ-ын “СибНИА”, Монголын “МИАТ” ТӨХК хооронд 2017 оны 9-р сарын 14-нд гэрээ байгуулагдсан гэрээ хэрэгжихгүй явсаар 2019 оны 7 дугаар сарын 9-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн албан баланк, гарын үсэгтэйгээр ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланд “гэрээг хэрэгжүүлж ажиллахад дэмжлэг үзүүлэх хүсэлт ирүүлснийг” уламжилсан байх юм. 

Улмаар ОХУ-ын “СибНИА”-ийн захирал Е.Барсукийн гарын үсэгтэй албан бичиг 2019 оны 11 дүгээр сарын 6-нд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд ирснийг “захидлын” хэмжээнд хүлээн авч хэлэлцсэн байдаг юм. 

Уг гэрээ хэрэгжихгүй байсан гол шалтгааны нэг нь ОХУ-ын “СибНИА” нь АНУ-д үйлдвэрлэгдсэн “ТВС-2МС агаарын хөлгийн TPE-331-12 хөдөлгүүрийн төлбөр болох 1, 261,130,815.21 төгрөг,АНУ-д үйлдвэрлэгдсэн агаарын хөлгийг 5 алгатай Hartzell Propeller HC-B5MP-5CL сэнсний төлбөр болох 127,591,184.79 төгрөг, НИЙТ хөдөлгүүр, сэнсний төлбөр болох 1,388,722.000 төгрөгийг хүлээн авах данс нь Виржинийн арлын болон Кейманы арлын оффшор данс илгээгээд байжээ. Энэ тухай МИАТ, ИНЕГ-аас Төрийн байгууллага аливаа төлбөр тооцоог оффшор данс руу хийж төлөх боломжгүйг дурдан хариу бичиг илгээхэд гэрээнд заасан үнээ нэмж нэхэмжилсэн байгаа юм. Тиймээс гэрээ хэрэгжээгүй. Хэрэгжүүлэхийг уламжилсан ЗГХЭГ-ын дарга, захиа хүлээн авсан Ерөнхий сайд нар энэ нарийн учрыг мэдэж байсан болов уу? 

ЗТХЯ болон МИАТ ХК-ийн төлөөлөл Новосибирск хотын "Русавиапром" компанийн удирдлагатай 2019 оны 7 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд Монгол Улсад ТВС-2МС агаарын хөлгийг хамтран угсрах тухай яриа хэлэлцээ хийсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан хоёр жилийн хугацааны ажлаа дүгнэжээ. Уулзалтын үеэрМонголын тал “ТВС-2МС агаарын хөлгийг угсрах, үйлдвэрлэх зах зээлд нийлүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах ажлыг судалж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу хийж буй ажлын талаар танилцуулга хийсэн байна. Мөн энэ оны 2019 оны 9 дүгээрр сарын эхэнд тэмдэглэх Халхын голын ялалтын 80 ойн жилийн баярын арга хэмжээний үеэр ТВС-2МС агаарын хөлгөөр үзүүлэх нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлээд МИАТ ХК-ны ТВС-2МС агаарын хөлгийг шинэчлэх талаарх байр суурь, үндэслэлийг танилцуулжээ.

Харин Оросын талаас “ОХУ-д ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх төслийн хувьд ЗХУ-д (хуучин нэрээр) зохион бүтээсэн болон ашиглаж байсан бага оврын онгоцыг гэрчилгээжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг дурдаж, эдгээр агаарын хөлгүүд бүгд “Ашиглах аттестат”-ын үндсэн дээр нислэг үйлдэж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн цаашид Монгол Улсад ТВС-2МС агаарын хөлгийг угсрах төслийг Оросын талаас ОХУ-ын иргэний агаарын тээврийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагын ТВС-2МС агаарын хөлгийг угсрах, засах, техникийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Новосибирск хотын “Русавиапром” компани ажиллах нь зүйтэйг дурджээ.

 

Үүний дараа Улаанбаатар хотноо 2019 оны 09 дүгээр сарын эхэнд Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээний үеэр ТВС-2МС агаарын хөлөг үзүүлэх нислэг үйлдэх ажлыг зохион байгуулах талаар боломжит хувилбаруудыг хэлэлцсэн байгаа юм. Үүнд: 

  1. “Русавиапром” Ан-2 агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-аас худалдан авч өөрийн мэдлийн Ан-2-т Улаанбаатарт хөдөлгүүр сэнс суурилуулж улмаар ТВС-2МС агаарын хөлгийг эргэж “МИАТ” ТӨХК-д 1.5 сая ам.доллараар зарах.
  2. МИАТ” ТӨХК нь Оросын талд бэлэн байгаа 2 ширхэг ТВС-2МС агаарын хөлгийг худалдан авах.(“Русавиапром” компанийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № 212 тоот албан бичиг) гэсэн хоёр саналыг дэвшүүлжээ.

Монголын талаас “ИНЕГ, “СибНИА” хүрээлэн хооронд 2017 онд ТВС-2МС агаарын хөлгөөр үзүүлэх нислэг гүйцэтгэх тухай гэрээний хүрээнд Халх голын ялалтын баярын арга хэмжээнд үзүүлэх нислэгийг оросын талын эзэмшилд байгаа ТВС-2МС агаарын хөлгөөр гүйцэтгүүлэх саналыг 3 дахь боломжит хувилбар гэж дэвшүүлэхэд Оросын тал “Зарчмын хувьд бололцоотой” гэжээ. 

Ажлын хэсэг ИНЕГ, МИАТ ТӨХК ОХУ-ын “СибНИА” болон “Русавиапром” компанийн хооронд ТВС-2МС агаарын хөлгийг угсрах талаар хийж ирсэн ажлыг дүгнэж дараах нөхцөл байдлыг тогтоов. Үүнд:

  1. ИНЕГ, “МИАТ” ТӨХК “СибНИА”, “Русавиапром” компанийн хооронд байгуулсан гэрээнүүд нь ОХУ болон ИКАО-гийн дүрэм зөрчсөн тул хуулийн дүгнэлт гаргаж, тооцоо нийлж дуусгавар болгох шаардлагатай;
  2. Монгол Улс, ОХУ болон ИКАО-гийн хууль журмын шаардлагыг харгалзан дүгнэх нь:
  3. Ан-2 агаарын хөлгийг Монгол Улс болон ОХУ-д Гэрчилгээ (Сертификат типа) олгогдоогүй тул тухайн бүр нэг онгоцонд олгосон “Аттестат о годности к эксплуатации” үндэслэн гадаадын зах зээлд худалдах эрх ОХУ-ын компанид байхгүйгээс гадна ТВС-2МС агаарын хөлгийг Монголд угсрах хуулийн үндэслэлгүй. 
  4. ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлаг (Росавиация) “МИАТ” ТӨХК-ийг ОХУ-д үйлдвэрлэсэн агаарын хөлөгт Их засвар, техникийн үйлчилгээ хийх Итгэмжлэл (Аккредитаци) олгоогүй. Итгэмжлэлийн үндсэн дээр “МИАТ” компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ТВС-2МС агаарын хөлгийг үйлдвэрлэх, их засвар хийх болон техникийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий “Русавиапром” компанийн техникийн инженерүүдийн хамт Ан-2 агаарын хөлөгт их засвар болон шинэ маягийн хөдөлгүүр сэнс суурилуулах эрх зүйн үндэс нээгдэнэ;
  5. “СибНИА” Британийн Виржин Арал дахь “Клинт интернашнл” компанийг ашиглан “МИАТ” ТӨХК-тай хөдөлгүүр, сэнс болон бусад дагалдах сэлбэг худалдах гэрээг 2017 онд байгуулсан. Төлбөр тооцоог оффшор дансанд шилжүүлэхийг шаардаж. Ерөнхий сайдад хаяглан “МИАТ” ТӨХК төлбөр тооцоог үндэслэлгүй шалтгаанаар төлөхгүй байгаа талаар захидал илгээсэн. Энэхүү нь Монгол Улсын дотоодын хэрэгт оролцох оролдлого гэж дүгнэж байна;
  6. “МИАТ” ТӨХК Росавиация-аас Итгэмжлэл аваагүй нөхцөл байдлыг ашиглан “СибНИА” 2 ширхэг ТВС-2МС агаарын хөлгийг “МИАТ” ТӨХК-д ОХУ-д “Сертификат типа” аваагүй агаарын хөлгийг худалдахаар шахсан нь ИКАО-гийн дүрмийг зөрчсөн;
  7. Монгол Улсад гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сарын 2-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд үзүүлэх нислэг хийх үеэр RA-2099G дугаартай ТВС-2МС агаарын хөлөг унасан. МАК (Международный авиационный коммитет)-ийн дүгнэлтээр 2 дугаар пилотын алдаанаас болж унасныг тогтоосон. Тухайн унасан онгоцыг Россавиация–аас Аккредитаци аваагүй “МИАТ”-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт засвар хийсэн нь дүрэм зөрчсөн явдал юм гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байдаг.

Ямартай ч Төрийн байгууллагаас оффшор данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан энэ процесс УБТЗ ХНН-ээс Латвийн ABLV банкны оффшор данс руу мөнгө шилжүүлж ТМХСервисийн үйлчилгээг авсан хэрэгтэй тун адилхан. Ялгаатай нь үйлдэгдээгүй. Үүнд нь ИНЕГ, МИАТ компанийн хуулийн багийнханд баярлах ёстой байх. Харин манай улстөрчид ямар санаа агуулж, хэнтэй гэрээ хэлэлцээр хийдэг тухайд тасралтгүй ярих учиртай.

У.Оргилмаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин