• Эхлэл
  • Х.Нямбаатар гишүүн "Улаан бал"-д гөлөг шиг төөрөв

Х.Нямбаатар гишүүн "Улаан бал"-д гөлөг шиг төөрөв

2020/04/15

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр NTV телевизийн "Улаанбал" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай сүрхий “буу халав”.

Мань хүн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хуулийн зөвлөх хийж, хувийн компани удирдаж байснаа ч ярив.

Гэвч хуулийн зөвлөхөөр ажиллаж, өмгөөлөл хийдэг байсан гэх гишүүн маань өөрийнхөө батлуулсан Зөрчлийн хууль дээр ирээд бүдрэв.

Хоёр жилийн өмнө гишүүн Х.Нямбаатарыг "утсан хүүхэлдэй" гэж бичсэн сэтгүүлчийг өөрийг нь "гүтгэсэн" хэргээр цагдаад өгч, 2000.000 төгрөгөөр торгуульсан билээ. Сэтгүүлч цагдаагийн шийтгэх хуудсыг барин хоёр шатны шүүхээр явсан ялагдал хүлээсэн байдаг.

Тухайн үед болсон үйл явдлын талаар "Улаан бал" Х.Нямбаатараас асуухад "Би сэтгүүлчийг шүүхэд өгөөгүй. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө явж очоод өргөдөл өгчихсөн байна лээ" хэмээн хэнэг ч үгүй залав.

Гэтэл  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар

"-18 насанд хүрээгүй хүнийг шалгах бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг,

-хуулийн этгээд бол эрх бүхий албан тушаалтныг, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр цагдаа өөрөө тогтоогоод ажиллагаанд оролцуулдаг.

Хохирогч өөрөө эхэлж гомдол гаргаад, дараа нь хууль ёсны төлөөлөгч томилуулах хүсэлт өгвөл цагдаа түүнийг нь албажуулж байж тэр хүн нь хэрэг шалгах ажиллагаанд оролцдог" гэдгийг хуульч тайлбарласан байна.

Тэгэхээр Х.Нямбаатар гишүүн ердөө хоёр жилийн өмнө эхлүүлж, жил тойрон үргэлжилсэн заргаа мартсан бол ердөө "загасны" ой санамжтай нөхөр байх нь. Хоёрдугаарт, өөрөө санаачлаад, батлуулаад явсан хуулийнхаа процессийг мэдэхгүй байгаа бол бүр түүнээс ч долоон дор юм болох нь.

Ингээд нэвтрүүлгийн эхнээс л "гөлөг" шиг төөрсөн Х.Нямбаатар гишүүн нэвтрүүлгийн турш будилсаар цагаа дуусгав. Дээр нь нэрмээд залуу хуульчдыг өөрийнхөө эсрэг өдөж орхив бололтой. Салхины өөдөөс яана гэдэг билээ дээ...

Эх сурвалж:INEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин