• Эхлэл
  • Оройтсон бодол буюу сонгуулийн зардлыг бууруулах нь

Оройтсон бодол буюу сонгуулийн зардлыг бууруулах нь

2020/04/29

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин СЕХ-ны гишүүдийг дахин хүлээж авчээ. Уулзалтаар ирэх сонгуулиар нэр дэвшигчдээс гарах зардлыг тооцох зуураа СЕХ-ны гишүүдийг аяар аяархан ятгахаа мартсангүй. 

Тэрээр энэ удаа “2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг шаардахаар байгаа нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их байгааг” шүүмжлэн хэлэлцсэн байна. УИХ-ын энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэвэл нам, нэр дэвшигчдээс гарах нийт зардал 474 тэрбум /нэг нэр дэвшигч дунджаар 474.4 сая, сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан 19 нам, эвсэл нийлээд 95 тэрбум/ төгрөгт хүрэх тооцоог хийжээ.

Тиймээс дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон ААН-үүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой эсэхийг бүх шатандаа бодож үзэхийг чухалчилсан байна.

Зардлыг тооцоог ЭНД-ээс үзнэ үү.

Ерөнхийлөгчийн "мэргэн буучид” ч бас энэ сэдвийг овоо хараандаа аваад ээлж дараагүй галлаж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацааанд нэр дэвшигчдийн сонгогчидтой хийх уулзалт, санал хураалтын байруудад иргэдийг олноор цуглуулах нь цар тахлын халдварын үед ямар их эрсдэл дагуулж болох талаар ятгаж, нэг үгээр “сонгуулиа хойшлуулья” л гээд байна.

Уг нь бол бид ч гэсэн дэлхий нийтэд үзэгдэж, харагдаж байгаа дэвшилттэй зүйлүүдээс суралцаж эхлэх хэрэгтэй л дээ. Өмнөд Солонгосчууд гэхэд санал өгөх байранд ирсэн сонгогчдыг 2 метрийн зайтай тэмдэглэгээ тавин дугаарлуулж байгаад саналыг нь авчихлаа. Манайхаас илүү хүнд нөхцөлд шүү. Сурталчилгааны тухайд нэр дэвшигчид заавал тэгж нэг бүрчлэн айл хэсч явах, Соёлын ордонд баахан хүмүүс шахцалдуулж байгаад шүлсээ үсчүүлэх шаардлагагүй. Ямар өнгөрсөн зуун биш.

Нөгөө дээр тооцоолсон их зардлаар хэвлэсэн мөрийн хөтөлбөр, танилцуулгаа айл айлын хашаа давуулж шидээд л боллоо биз дээ. Дээр нь телевиз, олон нийтийн сүлжээ гэж байна. Телевизүүдийнхээ цагийг аймаг, аймагт нь хувааж өгөөд л эфирээр нэр дэвшигчидтэйгээ уулзчихад болно.

Үнэхээр л УИХ-ын ээлжит сонгуулийг явуулахгүй гэвэл УИХ онц байдал зарлах хэрэгтэй. Үүний тулд цар тахлын аюул осол улс орныг бүхэлд нь хамарч, хүн амын эрүүл амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн байх учиртай. Арай ч үүнийг хүсэхгүй биз дээ.

Харин сонгуулийн зардлын тухайд бол нэгэнт өнгөрсөн, хожимдсон яриа. Үүнийг бүр оны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхдаа бодох ёстой байсан юм. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, хувь тэнцүүлсэн системийг хуульчилья, ядаж л 2012 оны сонгууль шиг холсолсон системээр сонгуулий явуулья гэж. Үүний тулд л өмнө нь гацаа, дараа болоод байсан Үндсэн хуульдаа нэмэлт хийж, “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтооно” гэдэг заалт оруулсан.

Гэтэл яг хуулиа батлах дээрээ ирээд эрх баригч нам дахиад “мурисан”. Хамгийн үрэлгэн гэж тооцдог, хамгийн их мөнгөнөөс хамааралтай гэгддэг мажоритари сонгуулийг дахиад сонгосон. Тэр үед энэ тухай бодоогүй нь л харамсалтай.

Жалгын нэг сонгуульддаг мажоритари тогтолцооноосоо салахгүйгээр сонгуулийн зардлаа бууруулах ямар ч боломж байхгүй. Дээр нь нөгөө 76 нь тойрог тойрог руугаа зулгаасаар байгаад төсвийн нэгдсэн бодлого ч гэж байхгүй. Үүнээс болоод нэр дэвшигчдийн тулд хүч тэнцвэргүй тулаан болж, хэн нь хэнийхээ халаасанд орсон тухай л ярьж байна. Ардчиллыг булшиллаа, тэгш эрхийг устгалаа ч гэж байна.

Сануулахад, энэ удаагийн парламент хоёр ч гишүүнээ чөлөөлсөн. Дахиад нэгийнх нь асуудал яригдаж байгаа. Мэдээж нөхөн сонгууль явуулаагүй. Хэрвээ хувь тэнцүүлсэн буюу пропорционалиар сонгуулиа явуулсан байсан бол жагсаалтын ард бичигдсэн хоёр нэр дэвшигчийн гишүүний бүрэн эрхийг УИХ-аар баталгаажуулаад цаашаа явах байлаа. Яах вэ, эрх баригч нам хэт олонхи гэдгээрээ бардаж байгаа юм л даа. Хэрвээ парламент дахь хүчний харьцаа тэнцэж үлдсэн бол тэгээд дуусаа. УИХ-аас ямар ч шийдвэр гарахгүй. 

Одоо дээр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, "давхар дээлний" хязгаарлалттай холбоотойгоор Засгийн газрын бүрэн эрхийн асуудал яригдаж байна. Хэрвээ сонгууль хувь тэнцүүлсэн системээр явсан байсан бол У.Хүрэлсүх сайд нараа чөлөөлөхгүй гэж хэрэлдэж байхын оронд УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөөд, дараачийн шинэ гишүүдийг УИХ батламжлаад явчих байлаа. Сонгууль болоход сар үлдсэн гэдэгтээ ч гол нь биш. 

Дахин хэлэхэд сонгуулийн зардлыг хэмнэх тухай яриа одоо нэгэнт дууссан. Харин сонгуулиа яаж аль болох мөнгөний нөлөөнөөс холуур, дээр нь эрсдэл багатай зохион байгуулах вэ, ямар шинэ дэвшлийг ашиглах вэ гэдэг тухай л ярих ёстой.

Сонгууль гэдэг бол сонгох эрхээс гадна шинэчлэлт өөрчлөлт, шинэ боломжийн тухай асуудал. Сонгууль болгоноор сонгогчид шинэ боломжийг хайдаг. Алдсан бол алдаагаа засч залруулахыг хүсдэг. Нэг бэрхшээлээс болоод нөгөө боломжоо алдахыг хэн ч хүсэхгүй. Энэ бол аль нам ялах, ялагдахтай огт хамаагүй зүйл. 

Яах вэ, Х.Баттулгын хувьд энэ бүрэн эрхийн хугацаа нь дууссан УИХ, Засгийн газрыг санаснаараа хөдөлгөхөд амархан харагдаж байж болох ч иргэдийн хувьд тийм биш. Сонгууль гэдэг бол шинэ боломж.

inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин