• Эхлэл
  • МОНГОЛ, КУВЕЙТИЙН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

МОНГОЛ, КУВЕЙТИЙН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

2020/06/18

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2020 оны 6 дугаар сарын 17-нд тохиолоо. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах нар харилцан баяр хүргэж, захидал солилцов.

Сайд нар захидалдаа, өнгөрсөн он жилүүдэд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбар чиглэлээр өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлж, улам бүр бататган ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолжээ.

Өнгөрсөн хугацаанд Кувейт Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Тайширын Усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт- Тариалангийн чиглэлийн нийт 415 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн бол одоо тус улсын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв эмнэлэг барих, Өндөрхааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлж байна.

Баярын захидлыг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн Туслах сайд Али Сулейман Аль-Саидад гардуулж өгөв.

Монгол Улс Булангийн орнуудаас Кувейт Улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин