• Эхлэл
  • Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хуралдаан үргэлжилж байна

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хуралдаан үргэлжилж байна

2020/07/02

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн. Өнөөдөр /2020.07.02/-ны 20.00 цагийн байдлаар шүүх хуралдаан үргэлжилж байлаа. Ингээд шүүхийн албан мэдээллийг хүргэж байна.

Н.Номтойбаярын шүүх хуралдааныг хойшлуулах

хүсэлтийг хүлээн авсангүй

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.

Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө нь 3 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

 

Ж.Эрдэнэбатад 2-8 жилийн ял оноох зүйлчлэлээр

яллах дүгнэлт ирүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 22 өдрийн 11.00 цаг товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт товлосон юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин