• Эхлэл
  • ТОЙМ: Ерөнхий сайдтай, шүүх хуралтай өдөр

ТОЙМ: Ерөнхий сайдтай, шүүх хуралтай өдөр

2020/07/02

Долдугаар сарын 2-ны хувьд онцлог сонин үйл явдлуудаар дүүрэн өдөр байлаа. Энэ өдөр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент Монгол Улсын Ерөнхий сайдыг батламжлахын зэрэгцээ танхимынх нь бүрэлдэхүүний талаар таамаг дэгдэж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Номтойбаяр нарын шүүх хурал болж, улс орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт анх удаагаа хорио цээрийн онцгой нөхцөлд боллоо. Ингээд үйл явдлын онцлох мэдээллийг хүргэе.

31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилон батламжиллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг батламжиллаа. Өчигдөр буюу долдугаар сарын 1-нд МАН-ын Бага хурлаар өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улираан сонгохоор 100 хувийн саналаар дэмжигдэв. Түүний хувьд улиран сонгогдож байгаа хоёр дахь, хоёр удаа ажиллаж байгаа гурав Ерөнхий сайд болж байгаа юм. Ингээд чуулганы хуралдаанар санал хураалтад 71 гишүүн оролцож,  70 гишүүн дэмжиж УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. МАН УИХ-д нэгэнт үнэмлэхүй олонх болсны хувьд ийнхүү Ерөнхий сайдаа батламжиллаа. Түүнийг улираахыг ганцхан буюу АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эсэргүүцсэн санал өгсөн юм.

Сангийн сайдын эргэлзээ төрүүлсэн үг

Гэхдээ өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд та биднийг тосон хүлээж байна. Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүндхэн ачааг үүрч ажиллах болно” гэсэн үг олон нийтийн анхаарлыг татаж байгаа.  Мөн өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан Хүрэлбаатар төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр тасарсан байгаа гэж хэлсэн нь сонгуулийн үеэр сайн ажилласан гэж сурталчилж байсан Засгийн газрын байр суурь одоо үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа яагаад ийн өөрчлөгдөв гэсэн эргэлзээг төрүүлж эхлээд байна.

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал үргэлжилж байна

Энэ өдрийн хамгийн их анхаарал татсан үйл явдал нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Номтойбаяр нарын шүүх хурал давхцсан нь байлаа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурлын гадаа Сэлэнгэ аймгийн сонгогчид ирж, эсэргүүцэл илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн асан Номтойбаяр нарын хувьд энэ өдөр төрсөн өдөр нь тохиож, 42 нас хүрч байгаа юм. Тэднийг хоёуланг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр батламжилсных нь дараа баривчлан саатуулсан юм.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхлэсэн. Н.Номтойбаярыг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд УИХ-д нэр дэвшихээр СЕХ-ны тогтоол гарсны дараа баривчилсан.

Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаагчийг дарамталсан гэсэн үндэслэлээр цагдан хорихоор болсон.

Ингээд шүүх хурлыг зургадугаар сарын 26-нд товлосон боловч шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдөр болгон товлосон юм.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх байрны гадаа Сэлэнгэ аймгийн иргэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөл. Шүүх улс төрийн шийдвэр гаргах ёсгүй. Сэлэнгэчүүдийн сонголтоор тэр УИХ-ын гишүүн болсон тул сулла" гэдэг шаардлага тавин, жагссан юм. 

Шүүх хуралдааны үеэр Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх хэргийн материалтай танилцах боломж олгоогүй  гэж үзэн, шүүх хурлаас татгалзсан. Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авсангүй, шүүх хурал үргэлжилж байна.

Хорио цээртэй үеийн ЭЕШ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар 10:00 цагт эхэллээ. Энэ жил хорио цээрийн дэглэмийн нөхцөлд анх удаагаа элсэлтийн ерөнхий шалгалтыг явуулж байгаагаараа онцлог. Тийм учраас ЭЕШ-ыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу шалгалтын байрны гадна болон дотор шалгуулагч хоорондын зайг 1.5-2 метр байхаар зохицуулж, эрүүл ахуйн шаардлагын дагуу явуулж байгаа юм.

Өнөөдрийн хувьд Монгол Улсын түүх болон англи хэлний хичээлийн шалгалт явагдана. Энэ онд шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 30902 шалгуулагч бүртгүүлсэн байгаа. Эдгээрийн 27.999 нь ЕБС төгсөж байгаа шалгуулагч юм.

Ковид-Сөрөг өдөр

Уламжлал ёсоор ХӨСҮТ өдөр тутмын мэдээллээ хүргэв. Долдугаар сарын 1-ны байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 302 хүнд шинжилгээ хийж, бүгдэд нь вирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэж, сувилалд шилжлээ. Халдварын батлагдсан тохиолдол 220, эдгээрээс 177 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 43 хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа хүний 37 нь хөнгөн, нь зургаа нь хүндэвтэр байгаа. Мөн энэ хугацаанд нийт оюутан 48 хоног эмчлэгдлэн эдгээд байна гэлээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин