• Эхлэл
  • Гадаад худалдаа, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Андлалын өргөө”-г барихаар болсон

Гадаад худалдаа, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Андлалын өргөө”-г барихаар болсон

2020/08/11

Сошиал ертөнц сүүлийн 2-3 хоног Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж эхлээд орхигдсон “Андлалын хөшөө”-гөөр амьсгаллаа. Чухамдаа бол хамгийн сүүлийн үеийн трэнд сэдэв тэр байв. Эхэндээ сошиалаар нэг сэвэхээрээ дэгсдүүлдэг дээ, тэр нь олон нийтийг хамраад давалгаалаад ирэхээрээ бараг л “солиорол” болно гэж бодож суулаа. Гэтэл үнэндээ үгүй аж. Бодит байдал дээр “солиорол” нь тэнд л сүндэрлэн босчээ.

Уг “Андлалын өргөө” цогцолбор нь улсын төсвөөс “хумсалсан” 2,6 тэрбумын өртгөөр босох үнэлэмжтэй төлөвлөгджээ. Харин одоогоор газар дээрээ боссон хөшөө нь энэ байна. Хэдийгээр тухайн цогцолборын ажил эцэслэн дуусаагүй ч гэсэн эхлэл ийм байхад төгсгөл ойлгомжтой харагдаж байна. Эхэлсэн бол дуусгах хэрэгтэй. Амласан бол хийх ёстой. Ард түмний халааснаас хумсалж авсан мөнгөөр, улсын төсвөөр ингэж тоглож болохгүй. Төсвийн мөнгөөр төсөл хэрэгжүүлнэ гэж том том юм ярьж, өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэдгээ зогсоо. Жилдээ 400 мянга хүрэхтэй үгүйтэй жуулчин ирдэг Монголд “400 сая жуулчин авчирна” гэж бүлт үсэрсэн сайд бантсандаа эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоо зарласнаар энэ түүх эхэлсэн байдаг. Тиймдээ ч Өндөрхаан төвтэй Чингис аймагт Хүлэг Боорчийн “Андлалын өргөө” цогцолбор, “Их хуралдай” цогцолбор, “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор гэх мэтийг барихаар болсон нь энэ юм.
Нийт 5,7 тэрбум төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар өнөөх цогцолборуудаа барих болсон бөгөөд түрүүчийн бүтээн байгуулалт нь ийм л байна.

Өөд өөдөөсөө хараад хэрсэн бух шиг духаараа “мөргөлдсөн” энэ хоёр ууртай хүрэл хүрэн харь царайтныг хараад хэний сэтгэлд гэрэл гийж, их нөхөрлөл, андын журам, андгай тангараг тавих вэ. Уужуу талбиун байхыг ухаангүй тэнэг гэж, хүлцэнгүй даруу байхыг хүссэнээ дураараа хийж болно гэж бодоод байх шиг. Тэгвэл ард түмнээрээ ингэж тоглодоггүй юм аа. Тэсвэр тэвчээрт хүртэл хязгаар бий. Энэ тухай бичсэн, шүүмжилсэн иргэдтэй хатуу тэмцэнэ ч гэх шиг. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн хүмүүстэй хариуцлага тооцно ч гэх шиг сонин юм ярьж, солжир үйл хийхээсээ ичих хэрэгтэй, эрх баригчид. Хуулийн дор хүн бүр адил тэгш эрхтэй нь үнэн л юм бол хариуцлагыг бид биш, төсөл эхлүүлсэн, төгрөг халаасласан улс нь хүлээж таарна. “Андлалын өргөө” цогцолборыг ярьж бичсэнээр МАН-ын доторх хагарлыг өөгшүүлж байна гэх бор шувуу ч нисч эхэлжээ. Тэд дотроо хагарах жирийн бидэнд ямар хамаа вэ. Бид та нарыг сонгосон. Та нар амласнаа хий. Чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өг. Зарчим ердөө энэ.  

Сүүлийн үеийн хамгийн трэнд болсон энэ сэдвээр холбогдох албан тушаалтнууд хүртэл сэвж эхэлжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн ЗДТГ-аас өчигдөр мэдэгдэл гарсан байна. Түүндээ “Албаны эх сурвалжийн мэдээллээр сүүлийн 30 шахам жил тусгагдаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн хоёр жилд Хэнтий аймагт өрнөж байгаа бөгөөд тэр дундаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болж буй томоохон цогцолборуудыг Монгол улсад урдаа барьдаг инженер, архитекторуудын оролцоотойгоор гүйцэтгэж байгаа билээ. Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг цогцолборуудыг барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бол автомашины зогсоол, талбай, үйлчилгээний зориулалтаар баригдах бусад бүтээн байгуулалтын ажлыг хандиваар босгох юм байна” гэжээ.

Үнэндээ 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсвөөс гаргаж чадсан байдаг. Нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж яригдаж байгаад улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгаж чаджээ. Тэгсний хүчинд цогцолборыг сүндэрлүүлэх мөнгө хөрөнгө ямартай ч улсын төсвөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гарсан нь үнэн.

“Андлалын өргөө”-ний зураг төслийг “Классик Хаус” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хос Санаа” ХХК ажиллажээ. “Хос санаа” компанийн хувьд 2012 онд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд “Андлалын өргөө”-ний барилгаас өөр ямар нэгэн төсөл тендер авч байгаагүй юм байна. Харин Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй байгууллагын болон газар зохион байгуулалт, кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын жагсаалтад нэр байдаг компани ажээ. Тэгэхээр гадаад худалдаа, байгаль орчин, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Андлалын өргөө”-г барихаар болсон гэсэн үг. Ингэж л чөтгөрийн нүдийг гурилаар хуурдгийн үлгэр эхэлдэг байна.

 Л.Оюун-Эрдэнийг дэмжигч залуучуудын холбоо ч гэнэ үү, хөдөлгөөн ч гэнэ үү бас мэдэгдэл гараад амжиж. Түүндээ “Сүхбаатарын талбайн урдах усан оргилуурт цогцолборыг барих явцад яг ингэж билээ. Харин ашиглалтад орсных нь дараа бүгд очиж, зургаа даруулж, гадаад улсад байгаа юм шиг байна гэцгээсэн нь саяхан” гэсэн байх юм.  Үнэндээ Монголын анхны цэцэрлэгт хүрээлэн болсон Төв талбайд нийтийн бие засах газартай, усан оргилуур барих гэж улайран тэмцээд 3,2 тэрбумаар санасандаа хүрсэн ч, өнгөрсөн долдугаар сарын их борооны үеэр нийслэл усанд автахад төв замын хөрсний ус зайлуулагч шугамыг хөндлөн тэс цохиод усан оргилуурын шугам татчихсан байсан нь илэрснийг мартаагүй л байлтай. Ёстой хойд урд хоёр хормойгоо хольж сольсон явдал болсон шүү дээ. Түүнийг давтвал олигтой зүйлд л лав хүрэхгүй.

 

                                                                                    Н.Саранчимэг

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Хэнтийн “цементэн овоолго”-ыг аудитаар шалгуулья

Төсвийн мөнгө уйлдаггүй буюу Л.Оюун-Эрдэнэ сайдын "онцлох" бүтээн байгуулалт

 


Сэтгэгдэл (1)

  • Болио миний хөгшин одоо боль! Юу юм бэ чи?!
    Өнгөрсөн хойно нь битгий хэдэн хөлсний халтруудаараа олон юм хуцуулаад бай Оюун-Эрдэнэ сда минь
    2020 оны 08 сарын 11
Сонин хачин