ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ

2020/08/13

Нийтлэлч Б.Цэнддоогийн нийтлэлийг хүргэж байна

Нэг. Кайрын хошигнол.

Баабар хошигнон ярьдаг юм, Кайрын музейн ажилтнуудыг. Гурван мянганы тэртээх дурсгал чихэлдсэн, хашаандаа хүртэл муми овоолсон, үзмэр нь шалаар хөглөрсөн гэмээр, тийм музей л дээ, Кайр хот дахь Египетийн музей. Хэтэрхий их үзмэртээ хахаад, дэглэлт тавилт нь хоёрдугаарт эрэмблэгдсэн газар. Музейд байна уу, эсвэл “Костко” энээ тэрээ шиг агуулах худалдааны сүлжээ дэлгүүрийн антикварийн тасагт явна уу гэж эргэлзмээр. 

    Хэрвээ та Кайр орж амжаагүй бол төсөөлөх боломж байна. Жишээлэхэд, Ордос дахь Чингис хааны онгоноор аялж, зэргэлдээ хошууных нь “Нууц товчооны музей” зэргийг үзсэн бол олдвор баримтаас илүүтэй хөшөө баримал, дизайнаар зодсон хийцийг санаж байгаа байх. “Нууц товчоо”-г бүрэн эхээр нь цаас, төмөр, ширэн дээр бичээд зогсоогүй, вааран дээр буулгаад шатааснаа үзмэр болгосон байдаг.  Мэдээж, “Нууц товчоо”-ны үйл явдлыг олон янзаар зурж үзүүлсэн. Тааруу музей гэх гээгүй шүү. Юу нь сонин гэхээр, Кайрын музей хийгээд Ордос дахь “Нууц товчооны музей” бол үзвэр толилуулах аргын хоёр туйл санагддаг. Нэг нь бодит олдвор нь хэтэрсэн, нөгөө нь төлөөлөл-төсөөлөл, дүрслэл нь хэтийдсэн ч гэмээр юм уу? За энэ ч яахав, юунаас болоод энд тэндхийн музей рүү орчихов, гэхээр ийм юм.

    Кайрын музейд зургийн аппараттай орох, зураг дарахыг хориглодог. Хаа сайгүй л ийм байдаг болохоор гайхах ч юм биш. Харин үүдний харуул нь зочид аппарат зүүсэн, нуусан алин болохыг нягтлахаас гадна, гарыг нь дагуулан харна. Хэрвээ 10 фунт(Английн паунд биш болохыг анхаарна уу!) атгуулчихвал чиний аппаратыг олж харахаа болино. Дотор хэсгийн ажилтнууд аппарат бүхий хүн ороод ирсэн байвал олон юм ярихгүй, зүгээр л зураг дарж эхлэхийг нь хүлээнэ. Яг зураг аваад эхэлбэл дэргэд ирээд, хазгай мурий англи хэлээр “Зураг авах хориотой” тухай шулганаж гарна даа. Мэдээж, 10 фунтээ авсны дараа бол зураг дарж байгааг харах завгүй болчихно.

Баабар юуг гэж хошигносон гэхээр “Хэрвээ тэдэнд 10 биш, 100 паунд өгсөн бол мумигаа тэвэрч гарч ирээд харуулах байсан” гэж.

Та нар жигшиж байгаа, тийм үү? Авилгачин, хахуулчин, дүрэм журмаа уландаа гишгэсэн Мисир албан хаагчид эртний түүхт энэ орныг сөнөөж байна, мөн үү??

Гэхдээ энэ бол ёс суртахууны хувьд найгаа алдсан ч гэсэн мөн чанараараа “харьцангуй эрүүл” нийгмийн шинж гэвэл та мэл гайхаж цэл хөхрөх биз ээ?

Хоёр. Тэнэг нөхөр ухаантай дайснаас хорон.

-Хорвоог муу санаатнууд, шуналын туламнууд хөнөөдөггүй. Харин өөртөө ч, өрөөлд ч ашиггүй юм хийдэг тэнэгүүд л хөмөрч хаядаг тухай Карло М Сиполла хэмээх сониуч судлаач бичжээ. Тэрээр “Тэнэглэл, түүний хуулиуд” хэмээх сонирхолтой, бас хөөрхөн судалгаатай ном бичиж, энэ дүгнэлтээ баталгаажуулсан байдаг юм. 

    Нэгдүгээрт: шуналтай хүнийг, санаа муутай хүнийг, боловсролгүй хүнийг, ядуу хүнийг, бохир заваан хүнийг, ёс суртахуунгүй хүнийг “Тэнэг” гэж Карло үзэхгүй байна.

    Хоёрдугаарт: шуналтай болоод муу санаатай, боловсролгүй атлаа хүмүүжилгүй, ядуу агаад бохир, ёс суртахуунгүй дээрээ ичгүүргүй хүнийг тэрээр сайн ухаалаг гээгүйг бас болгооно биз

    Гуравдугаарт: шунахай, хорлонтой, харанхуй бүдүүлэг, ёс суртахуунгүй байдал нь хүний л хорвоогийн шинж учраас түүнтэй тэмцэх туршлага, таних чадвар нийгэмд байдаг гэдгийг зохиогч иш үндэс болгосон байдаг.

     Хүний ертөнц шунал дээр цогцолсон гэдгийг Өрнө, Дорнийн мэргэд бүгдээрээ л анхааруулж, Будда ч айлдсан, Адам Смит ч хэлсэн. Бурхан багш шуналтай тэмцэхийн оронд “Яагаад шунаад байгаа” эх үүсвэрээ олж харахыг сургасан бол Адам Смит, хүн хүний шуналын нийлбэр нь эдийн засгийг хөгжлийг хөдөлгөгч “үл үзэгдэх” гар болон хувирдгийг судласан байдаг. Ерөөсөө “Хүсэл ба шунал” нь эзнээ л хөнөөдөг болохоос биш, хүний нийгмийг бүхлээр нь самардаггүйг мэргэд бас олж харжээ. Яагаад гэвэл, ямар ч мундаг шунал өөр нэгний шуналтай тулаад гацдаг. Гэтэл, тэнэглэл нь тэнэглэлээ гацаана гэсэн номгүй.

   Бурхан ч тэр, эдийн засагчид ч ялгаагүй, шунал буюу гоёор хэлэхэд “хувийн сонирхол”-ыг энэ ертөнцөд байж болшгүй зүйл гэж үзээгүй. Шунал нь үл ханах шинжтэй тул эзнээ байнгийн эрэлтэнд оруулснаар зовоодог тухай нэг нь айлдсан байхад нөгөөдүүл нь мөнөөх байнгын эрэлт нь хүний нийгмийг баялаг бүтээгч болгох сурвалж болдгийг олж харсан авай. 

Гурав. Төрөл төөрөгсөд

Хүсэл шуналаасаа нэгэнт ангижрагчид бол өнөөгийн хүний нийгмийн гишүүн байх боломжгүй. Тэд нирваанд хүрсэн гэгээрэгч болоод сансрын хүлээснээс алдуурах учиртай. Ингэхгүй, төрөл төөрч гариг андуурах юм бол ертөнцийг түйвээгч хорлогчин болж нийгмээ самрагч, хувьсгалын болон шашны фанатуудад хувирдаг. 

   Сая Пакистанд тарьсан моддыг “буруу ном”-ын гээд булга булга татан хаялж байгаа фанатуудын бичлэг яваад байгааг манайхан харж шогшроод байсан нь үүний жишээ. Уг нь ойжуулалт нь тэдний эрүүл энх амьдралд тунч хэрэгтэй зүйл шүү дээ. Улмаар, тэднийг шоолохын өмнө өөрсдийгөө нэг харчихмаар байгаа юм. “Хятадын вакцина хийлгэж Ковидоос хамгаалуулсанд орвол үхсэн нь дээр” гэсэн бот-ын жиргээг хувилж түгээн давалгаалаал байгаа манайхан ч тэднээс юуны ялгаа. Хэвийн эрүүл хүн бол ямарч хамаагүй вакцина хийлгээд, яаж ийгээд амьд үлдэхийг боддог юм байгаа биз дээ.

    Дээрэмчид, хулгайч нарийн үйлдэл рацианаль шинжтэй учраас түүнийг урьдчилан таамаглах, хамгаалах, сэргийлэх боломжтой. Ухаандаа, тэд бусдын өмч баялгийг устган сөнөөхийн оронд өөрийн өмч рүү зөөвөрлөх, нууц сан үүсгэх хандлагатай байдаг. Иймээс тэдгээрийг нь олж илрүүлэх замаар хувь хүнд болон нийтийн өмчлөлд учирсан хохирлыг нь барагдуулах нимгэлэх боломж ядаж байгаа гэсэн үг. 

 Харин тэнэгүүдэд хүний унаган шинж болох “хүсэл, шунал” байдаггүй учраас бүхий л хандлагууд нь иррациональ шинжтэй, улмаар логикгүй учраас урьдчилан тааварлах, сэрэмжлэн хамгаалах боломжгүй байдаг гэнэ. Хулгайч баяжих зорилгоор түрийвчийг чинь суйлж, дээрэмчин бээр алмаазан бөгжийг тань авахын тулд таныг алж мэднэ.

    Гэтэл тэнэгүүд “Таныг ямар ч шалтгаангүйгээр, ямар ч ашиг хонжоо олохгүйгээр, ямар ч төлөвлөгөөгүйгээр, тааварлах аргагүй газарт, төсөөлөөгүй цаг үед хохироож чадна. Энэ бүхнийг урьдчилан таамаглах, сэргийлэх ямарч боломжгүй” тухай мөнөөх Карло М Сиполла бичжээ.

  Энд өгүүлэн буй “Тэнэг” гэдэг ойлголт нь боловсролгүй, бүдүүлэг, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй хүмүүсийг хэлээгүй, харин өөртөө ямар ч ашиггүй үйлдэл хийдэг хүмүүсийг хэлээд байгааг дахин сануулъя. Ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр, ашиг хонжоо бодолгүйгээр бусдыг хохироодог тийм үйлийн эзэд.

   Тэнэгүүд маш царайлаг, харваас хүмүүжилтэй, бузгай жээнтэлмээн төрхтэй, үнэхээрийн өндөр боловсролтой, олон хэлтэй, чемодан дүүрэн дээд боловсролын дипломтой ч байж болно гэсэн үг. Гагцхүү өөрийгээ төдийгүй чамайг ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр алах, сүйрүүлэхэд бэлэн байдлаараа л ялгаатай.

   Гоёор хэлбэл: Нирваанд байх ёстой атлаа Самсара-д төрсөн, хувийн сонирхлоор хөдөлдөг нийгэмд амьдардаг атлаа “үл үзэгдэх гар”-гүй мэндэлсэн этгээдийн тухай яриад байгаа хэрэг. Харахад гэмгүй, тэр байтугаа шударга ч юм шиг харагддаг атлаа “харь гаригийн” хандлагатай төрөгсөд хүмүүний нийгмийг түйвээх хандлагатай байдаг гэнэ.

   Бид зөвхөн тамд байх учиртай улс л сансар хорвоог түйвээдэг мэтээр бодож явтал, диваажинд орших нигууртнууд ч төөрөөд ирчихвэл самраад хаячихдгийг эндээс мэдэж авч байна. Аливаа юмс байх учиртай байрандаа л байвал төгс төгөлдөр болно гэдгийн учир ч энэ ажгуу.

    Хүн болгон л хүсэл шуналтай байдаг хойно хүсэл шунал дэндсэн нэгнээсээ хамгаалах инстинкт нь бидэнд заяагдмал чанартай аж. Дорно дахины мэргэд ч хүнийг шуналтай ба шуналгүй гэж ангилахын оронд “хүн бүхэн шуналтай учраас түүнийхээ учир шалтгааныг ухварлан таних”-ыг хичээнгүйлэн захисаар ирсэн. Чи бусдынхаа л нэгэн адил хүсэл шуналын хүлээсэнд төрсөн гэдгээ эхлээд мэдэж ав, шалтгааныг нь ухамсарлан тань, улмаар “Хүсэл шуналдаа хөтлөгдөж амьдрахын оронд шунал хүслээ өөрийн дураар хөтлөх хэмжээнд хүрэх”-ийг номлосон.

   Өрнийн мэргэд болохлоор, хүн болгон бусдаасаа илүү их орлого олохыг хүсдэг, тэр хэрээрээ үйлчлүүлэгчиддээ илүү чанартай, илүү аятайхан бараа үйлчилгээ санаачилж эхэлдэг. Үр дүнд нь үйлчлүүлэгч, худалдан авагчид илүү сайн сонголттой болж байдаг. Гэхдээ энэ бүхэн хуулийн болон ёс суртахууны тодорхой хязгаар дотор өрнөнө гэдгийг хэлж өгчээ. Наад зах нь, илүү сайн талх барихын оронд хөрш талхчныхаа гэрийг шатааж болохгүйг тодорхойлсон зохицуулалт байдаг.

Гурав. Хорлонт өв.

ХХ зууны коммунист дэглэмийн хамгийн хорлонт “өв” бол аллага хядлагын ул мөр гэхээсээ илүүтэйгээр нийгмийн сэтгэл зүйд үлдээсэн “хувийн ашиг сонирхолгүй, даян дэлхийн социализмын төлөө бусдыг байтугаа өөрийгөө ч юманд чинээнд бодолгүй хөнөөх чадалтай” баатруудын үлгэр юм.

    Бидний үеийнхний хүмүүжлийн үлгэр нь өлсгөлөнгийн жилүүдэд гэр бүлээ тэжээх гэж хэдхэн шуудай тариа улсад тушаалгүй нуусан эцгийгээ улаантнуудад барьж өгч алуулсан Зөвлөлтийн пионер Павлик Морозов гэгч хүүхэд байв. Эцсийн дүндээ Павликийн дүү нар өнчирч, төрсөн ээж нь бэлэвсэрч, гэр орон нь өлсгөлөнгөөр сүйрэх түүнд хамаагүй. Өөрөө бас өнчирч, өлсөж зовох нь ч падгүй. Тариа нь улсын тариа биш өөрийнхөө газраас хураасан ургац байсан, нуусан тариагаар Павликийн ээж дүү нараас гадна, өөрийг нь тэжээж өлсгөлөнгөөс аварч үлдэх учиртай нь илэрхий ч гэсэн “чи сайн хүн болохын тулд ингэх л ёстой” гэж номлоно.

   Ийм тогтцолцоо эцэг эхээ ч егүүтгэхээс буцахгүй албан ёсны тэнэгүүдийг бөөнөөр нь үйлдвэрлэхээс гадна хүний нийгмийн хамгийн нандин хэлхээс болох гэр бүлийг ч аймшгийн хамтлаг болгоно. Хүүхэд нь итгэл үнэмшлийнхээ төлөө эцэг эхээ ч гаргуунд гаргах магадтай тул гэр дүүрэн айдас. Жорж Орвэлийн “Амьтны ферм”, “1984” зэрэг туурьд үүнийг маш гоё гаргасан. Өнөөгийн умард Солонгосын төрх л дөө. (Солонгос гэснээс та нар “Operation Chromite” киног лав үзсэн байх. Яагаав нөгөө Лиам Ниэсон тоглодог. Киноны гол баатруудын үзэл санааны зөрчлийг гаргахдаа: коммунизм, капитализм сайхан муухай гэхийн оронд “а.Үзэл санааны төлөө гэр бүлээ золиослох хэрэгтэй. б.Гэр бүлээ золиосолж байгаа бол үзэл санаа биш гэсэн хоёр шугамыг сөргөлдүүлэн харуулдаг)

    Коммунист тогтоц нь Буддын сургаалаас өөр ёс суртахууны нийтлэгтэй болж амжаагүй нүүдэлчдийг хотшуулж, мэргэжил боловсролтой болгохын зэрэгцээ хүнийх нь мөн чанарыг эвдэж хаясан нь хорлонтой. Өөрөөр хэлбэл, ямар ч хувийн сонирхол эрх ашиггүй, шуналгүй атлаа Даян дэлхийн коммунизм гээчийн төлөө өөртөө ч ашиггүй, өрөөлд ч хэрэггүй юм хийхэд бэлэн этгээдийг олноор үйлдвэрлэх дамжаа байсан юм. 

    Жинхэнэ коммунист бол ямар ч шуналгүй, авилга авахгүй, хулгай хийхгүй, хүн зодохгүй боловч өөртөө ямарч ашиггүй юмны төлөө төрсөн эцгээ ч сэтгэл өвдөхгүй хөнөөлцөх шинж чанартай. Даян дэлхийн коммунизмын төлөө өөрийн амь нас, гэр бүлээ байтугаа эх орноо золиослоход бэлэн. Эх орноо золиослоно гэхээр худлаа санагдаж байвал ХХ зууны МАХН-ын программ(ялангуяа 1960-аад оны), хөтөлбөрүүдийг дурын газраас нь сөхөөд хараарай. Даян дэлхийд социализм ялахын өмнө одоогийн соц.орнуудын хил хязгаар арилж, тусгаар тогтносон Монгол эх орон татан буугдаж, Зөвлөлттэй нэгдэн нийлэх тухай, Чингисийн байгуулсан монгол төр мөхөх тухай хар дээр цагаанаар бичээстэй байгаа. Ингээд харахаар, тухайн үеийн удирдагчдаас гаргаж байсан, “тусгаар тогтнолоосоо татгалзаж ЗХУ-д нэгдэн нийлэх” гэсэн удаа дараагийн оролдлогууд гайхаад байх биш.

    Манай өнгөрсөн үеийн хорлонт өв дундаас өнөөгийн “эр оронч” хүн болж бусдыг дарамтлах тоглоомын дүрэм эхтэй. Гэвч өнөөгийн "эх орон"-чид хувийн сонирхолтой, хэвийн шуналтай, зүгээр л бизнес утгаар “намирч” яваа гарууд байгаа учраас тэнэгүүдээс илүү аюултай биш...

    Хүн төрөлхтний тодорхой хувь нь өрөөлд байтугаа өөртөө ашиггүй, тэр байтугаа хөнөөлтэй алхам хийхэд бэлэн “харь гаригийн” мөн чанартай төрдөг аж. Монголчууд ч хүн амынхаа тоонд харьцах хэмжээний “тэнэг”-тэй байж таарна. Хэвийн хэмжээний тэнэгүүдтэй улс орон хэвийн л яваад байдаг болтой. Харин Монгол улс болохоор албан ёсны тэнэг үйлдвэрлэх дамжаанд нэгэн жарныг өнгөрөөсөн учраас бусдаасаа илүү эрсдэлтэй байгаа юм. Өөртөө ашиггүй алхам хийх, бусдыг болоод эх орноо ямарч өш хонзонгүйгээр хорлон сүйтгэх, тэрч байтугаа ямар ч урвалтын сэдэлгүйгээр тусгаар тогтнолоо нураах магадлалтай этгээдүүд зохих хэмжээнээсээ хэтэрхий олон гэсэн үг. 

-Би энэ зүйлийг өөрийнхөө төлөө хийгээгүй. Та нарынхаа сайн сайхны л төлөө ингэлээ хэмээх сэтгэлд дотно, танил тунхаг бол хамгийн сэрэмжлүүштэй дохио, тэнэгүүдийн аюул хаяанд ирснийг харуулах аюулын харанга гэдгийг дээр өгүүлсэн номын зохиогч бидэнд сануулж байна.

   Зөвхөн өөрөө ашигтай юм хийх нь ёс суртахуунгүй байдлын илэрхийлэл, харин өөртөө огоот эрх ашиггүй юм хийдэг болчихвол “анти ёс суртахуун” болж хувирах аж.

Төгсгөл.Танил “шунал”

Өгүүллийн эхэнд гарсан Кайрын музейн авилгач ажилтнууд муухай яа. Гэхдээ тэд Тэнэгүүдээс илүү аюултай биш аж. Тэд өөртөө “10 фунтын ч ашиггүй” бол ямар тэнэг алхам хийхгүй. Ёс суртахуунгүй боловч логиктой, шуналтай боловч рациональ хандлагатай учраас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой.

     Манайд авилга, хулгай цэцэглэж байна. Муухай. Гэхдээ л тэдний үйлдэл нь огт шуналгүй “Тэнэгүүд”-ийнх шиг хөнөөлтэй биш. Тэд хувьдаа хөрөнгө хуримлуулах зорилготой учраас баялгийг шударга бусаар шилжүүлж байдаг. Гэвч хулгайлж аваачсан улсын болоод хувь хүний баялгийг ор мөргүй устгахгүй. Иймээс мөрөөр нь хөөж олоод хохирлыг барагдуулах нигууртай. Ядаж л нийгэмд сургамж болгох үүднээс үзүүлэн маягаар шийтгэх боломжтой. Бид авилгач, хулгайч, луйварчдийг дарж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэтэл, тэнэгүүдэд зориулсан хууль, шийтгэх зүйл заалт үгүй. 

     Өөртөө ямар ч ашиггүйгээр хөрөнгө оруулагчдийг хөөж туусан, өмчийг улсын мэдэлд хураах нэрээр эзэнгүйдүүлж үрэн таран болгосон “Тэнэг”-үүдийн учруулсан хохирол нөхөгдөшгүй. Өөрийн ашгийг өчүүхэн ч бодолгүйгээр эх орноо хамгаалах нэрээр хорлосон этгээдийн тарьсан гамшиг ч тэр мэт. (Хэрвээ та Милтон ба Рөүз Фридманы “Хувь заяагаа сонгох нь” номыг уншсан бол эхний хуудсан дээр “Ямарч боловсролгүй атлаа гал дөлтэй эх оронч шиг эрх чөлөөний эрлэг гэж үгүй” хэмээх ишлэл буйг санах байх) Тэд хувьдаа сэтэрхий тэвний ч ашиг гаргаагүй болохоор мөрөөр нь нэхэмжлэх, шийтгэх зэмлэх, хохирол барагдуулах боломжгүй. Ядаж ганц алтан бурхан хулгайлах зорилгогүйгээр сүм хийдийг нураасан, аминдаа ганц төлөгтэй ч болох санаархалгүйгээр хөрөнгө хурааж коммуна байгуулж түйвээсэн этгээдүүдийн учруулсан хохирол шиг нөхөгдөшгүй. 

Хорвоо дээр төрсөн бүх хүн өөрийн гэсэн шуналтай. Шунал нь хэтэрсэн хүн аюултай. Огт шуналгүй байвал түүнээс ч хөнөөлтэй.

Дээрэмдэж, хулгайлж хохироосон этгээдтэй тэмцэж, хохирлоо гаргуулж болно. Дээрэмдэлгүй хулгайлалгүй, дээр нь өөртөө өчүүхэн ч ашиггүй хохироосон тэнэг таарвал хохь ажгуу. 

2020.08.12


Сэтгэгдэл (1)

  • Уулын өвгөн
    Шар хаданд оч доо чиний солиотой эрээчих зүйлийг хэн ч тоохгүй
    2020 оны 08 сарын 15
Сонин хачин