• Эхлэл
  • Үерийн гамшиг ҮАБЗ-өөс ч айхгүй! Үндэсний бүтээн байгуулалтын чанарыг хэнээс нэхэх вэ!!!

Үерийн гамшиг ҮАБЗ-өөс ч айхгүй! Үндэсний бүтээн байгуулалтын чанарыг хэнээс нэхэх вэ!!!

2020/08/17

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Айраг-Бор-Өндөрийн төмөр зам энэ сарын 12-13-нд шилжих шөнийн үерт 10 цэг дээр угаагдаж урссаныг холбогдох албаныхан нууцалж буйг өмнө нь сошиал хуудсаар мэдээлсэн. Харин яг тэр үерийн үеэр Үндэсний бүтээн байгуулалтын маань гол нүүр царай гэж зарлагдсан, “ЭТТ”компанийн нүүрсний орлогоос 750 тэрбум төгрөг зарцуулагдахаар Засгийн газрын хоёр ч тогтоол батлуулаад ажиллаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам мөн л үерт нэрвэгджээ. Энэ бол төмөр замын чанар, технологийн алдаатай холбоотой гэж нэрээ нууцлахыг хүссэн мэргэжилтнүүд харамсаж буйгаа илэрхийлэх боллоо. 

Үерт өртсөн төмөр зам Зүүнбаянгаас 50 км-ийн зайд бөгөөд дөнгөж баригдаж буй учир төддүгээр цэгт гэж баримжаалах нарийн тэмдэглэгээ байхгүй. Шаардлага хангахгүй 50 км хайрга дэвссэн, мөн зам төмөр угсрахаас өмнө төмөр зам эвдэрч байгаа нь харамсалтай.

Энэ төмөр замын ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, “Тавантолгой-Зүүнбаян төмөр зам” компани хариуцаж байгаа бөгөөд ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал тавьж буйг олон нийт сайн мэднэ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт очиж “Алтан гадас”, “Залуучуудын алдар”, “Эхийн алдар” одонгуудыг бараг л “тарааж” шагнаад дараа нь УБТЗ, МТЗ компанийн удирдлагуудтай найрласан байдаг. Гэтэл шагнуулагсдын ажлын чанар нэг иймэрхүү байна. 

Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн боловч чанар шаардах эрх ард түмэнд бий. Өдөр бүр бороо орж үер бууж байдаг улс байсан бол яах байсан юм бэ? Нэгэнт төрийн дээд хэмжээнд шийдвэрлээд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа болохоор нэг л бороонд ингэж урсаад байх төмөр зам барьж хэн нь хэнийгээ хуурах билээ?

Яагаад ийм зүйл болов? Товчхондоо геологи, геодезийн судалгааны ажлыг муу хийснээс болсон байж болох юм. Тухайлбал, үерийн урсацыг буруу тооцоолсон, чигжээсний зузаан багадаж, шуудуу нь алга болоод элс орж ирсэн, үерийн ус даланг зад татаж рельс, дэрний үе нь тулгуургүй буюу “агаарт” байна. Энэ бүхнийг дараах зурагаар харуулъя.

Одоо хариуцлагыг хэн хүлээх вэ? Технологийн алдаа гаргавал засахад зарцуулах хөрөнгө гэж тусдаа төсөвлөсөн билүү? Ийм сорилтыг давахгүй байгаа төмөр зам хэр баттай ашиглагдах вэ? 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл тэсэх болов уу? Ер нь цэргүүд барьж чадна гэдэгт цаашид итгэж болох уу? 

Үндэсний бүтээн байгуулалтын үнэн нүүр царайг нэг удаагийн үер харуулж байгаа нь энэ бус уу? Уг төмөр замыг барих зураг төслийн олон хувилбар байдаг ч эцсийн хувилбар нууц бололтой. Миний бие өмнө нь бичиж нийтэлж байсанчлан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бариулах гэж “ РЖД International”-ийн Сергей Столяров 2020 оны 2 дугаар сарын 5-8-нд Монголд ирж ажиллаад буцсан байдаг. Тэрбээр 2020 оны 2 дугаар сарын 5-нд эхний уулзалтаа “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай хийхээр товлосон байсан ч тэрбээр эмнэлэгт хэвтэж байгаа тул уулзалт цуцлагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 6-ны пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, “Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөлтэй уулзсан байна. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай уулзаж төмөр замын зураг төсөлтэй танилцсан байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор  “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн“РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар  гарын үсэг зурсан байдаг. 

Гэсэн ч өнөөдрийн байдлаар “РЖД Интернейшнл” ХХК Монгол Улсын Үндэсний бүтээн байгуулалтын ажилд оролцсонгүй. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямаа нарын байгуулсан техникийн зөвлөх үйлчилгээний гэрээг Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлж чадахгүй нь гэсэн утгатай захиа “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевичид очсон байна. 

Иймээс өөрсдийн алдааг хэн рүү ч бухах аргагүй өөрсдөө л үүрч таарах нь. ТЭЗҮ-ийг хийсэн “Ниппон коеи” компанийн зураг төслөөс хэр гажсаныг олж тодруулах, алдаа дутагдлыг эртхэн засч залруулахгүй бол Ерөнхийлөгчиийн телевизээр хэлснээр “нууж” буй төмөр замын бүх нууцыг ард түмэнд нь задлахаас аргагүй болно. Учир нь энэ хөрөнгө бол ард түмний өмч. 

Үндсэн хуулийн 6.2-т заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. “Эрдэнэс Тавантолгой” стратегийн ач холбогдолтой орд мөн бөгөөд ард түмний мэдэлд байдаг л юм бол өнөөдрийн байдлаар иргэн бүрт ногдох 1072 хувьцааны ашгийг нь Сангийн яам “харамлаад”, зарим хэсгийг нь төмөр замын ажилд зарцууллаа гэтэл барьж байгаа төмөр замын чанар нь энэ. Ард түмэнд юу ил байх вэ, ард түмэн байгалийн баялгаас юу хүртэв?

##ТӨМӨРЗАМ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин