“Чингис хаан” үндэсний музейн мэдээлснээр, дэлхийн эртний соёл иргэншил, тэдгээрийн харилцан нөлөөллийг харуулах “Эртний дэлхийн өв. Афро-Евроазийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ 800-МЭ 800” олон улсын үзэсгэлэн энэ сарын 4-нд Италийн Милан хотын Прада санд нээлтээ хийлээ.
Нээлтэд “Чингис хаан” үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун оролцсон байна. Тус үзэсгэлэнд 80 орчим байгууллагын 200 гаруй үзмэр, эд өлгийн зүйл дэлгэж байгаагаас “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгөөс хоёр дэсийн үзмэр, эд өлгийн зүйл оролцож байгаа юм.
Энэхүү үзэсгэлэнгээр эртний боловч түүхэн хөгжлийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой нэгэн цаг үед газар дундын тэнгисийн бүс нутгийн соёл болон Зүүн Африк, Азийн соёл иргэншлүүдийн хооронд өрнөж байсан харилцаа, харилцан нөлөөллийг цоо шинэ, урьдчилан төсөөлөөгүй өнцгөөс харуулахыг зорьсон бөгөөд, дэлгэгдсэн бүтээлүүд нь төрөл зүйл, уран сайхны болоод түүхэн үнэ цэнээрээ онцгой, соёл хоорондын олон талт солилцоо, харилцаа холбоог нээн харуулахыг зорьжээ.
Уг үзэсгэлэн нь олон чиглэлд өрнөсөн, “олон өнцөгт” сүлжээ мэт бүтэц бүхий археологийн олдвор илэрсэн нөхцөл, орчны онцлог, соёлын солилцооны цар хүрээ, эрчим, худалдааны томоохон төвүүдэд өөр өөр гарал үүсэлтэй эд өлгийн зүйлс зэрэгцэн оршиж байсан түүхэн бодит байдлыг онцлон харуулж байгаагаараа онцлогтой юм.
Тухайлбал, Төв Ази, тэр дундаа Монголын нутагт Грек-Ромын соёлын бүтээлүүд байсан, Европт Энэтхэгийн соёлын дурсгалууд хүрч ирсэн зэрэг баримт нь эртний ертөнцийн соёл иргэншлүүдийн хооронд олон зуун жилийн турш өргөн хүрээтэй харилцаа, солилцооны сүлжээ оршин тогтнож байсныг илтгэж байна.
Монголын музей, эрдэм шинжилгээний байгууллагын сан хөмрөгөөс үзмэр, эд өлгийн зүйлсийг олон улсын энэхүү үзэсгэлэнд дэлгэн толилуулж байгаа нь Монгол Улсын түүх, археологи, соёлын өвийг дэлхийн олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой юм.




Сэтгэгдэл байхгүй байна