• Эхлэл
  • Үндсэн хуулийн 6.2 буюу ашиггүй маргаан, ахисан шатны "улс төр"

Үндсэн хуулийн 6.2 буюу ашиггүй маргаан, ахисан шатны "улс төр"

2020/08/20

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй зарим нэг асуудалтай холбоотойгоор улс төрийн зарчим хүчнээс гаргаж буй эсэргүүцэл, шүүмжлэл эрх баригч намыг тун эвгүй байдалд оруулаад байна. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын уг сэдвээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэг дээр хэлсэн үгээс үзвэл “эвгүй” гэхэд ч хэтийдсэн нөхцөл байдал үүсээд байгаа бололтой.

УИХ-ын дарга энэ тухай “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой” гэснээс үзвэл төдий хэрээр хор хөнөөлтэй гэсэн үг.

Сануулахад Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг өнгөрөгч 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ-өөр “төрийн нийтийн өмч” хэмээн өөрчилсөн билээ. Тэр үед нь хуульч мэргэжилтнүүдийн зүгээс “төрийн болон нийтийн өмч гэдэг чинь хоёр тусдаа зүйл. Нэр томьёоны хувьд алдаатай байна. Үүнээс болоод эрх зүйн маргаантай асуудлууд үүснэ шүү. Битгий ингээч ээ” гэж сануулсаар байсан авч манай нөхөд чихгүй толгойлоод баталсан билээ. Адаг сүүлд нь өнөөдөр уг заалтыг “Ерөнхийлөгч санаачилсан” гэж хэлж үзэж байх шиг. Хэн санаачилсан байх нь хамаагүй л дээ. Баталсан нь УИХ.

Үүнээс болж одоо УИХ дээр хэлэлцэгдэхээр орж ирээд буй зарим хуулийн төсөл дээр маргаан үүсээд байгаа билээ. Тодруулбал, “Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар газар, түүний баялгийг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх эрх зүйн боломж бүрдчихлээ” гэх эсэргүүцлийг парламентад суудалтай зарим намын зүгээс гаргаад байгаа.

Хууль тогтоогчдын зүгээс “Газрын хэвлий, түүний баялаг төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зарчим хэвээрээ. УИХ-аас батлан гаргах бүх хууль тогтоомж үүнд нийцэж гарах ёстой” хэмээн тайлбарлаж байгаа ч тэр нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Асуудал "цүүндээ биш" бололтой.

ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэж байх үед манай хуульчдын зүгээс 6.2-т бичсэн “төрийн нийтийн өмч” гэдэг нэр томьёоноос илүү түүнийг дэлгэрүүлсэн тайлбар нь хор хөнөөлтэй талаар маш тодоор хэлж, сануулж байсан. “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг хэзээ ч амь оруулж болохгүй юм шүү гэж.

Магадгүй энэ хоёрын хооронд ямар нэг уялдаа бий байх. Ямар ч иш үндэсгүйгээр “Байгалийн баялаг, ард түмний өмч байх ёстой. Гадныханханд өгч болохгүй” гээд байгаагийн цаад утга энэ ч байж магадгүй. "Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж байна" гээд байгалийн баялгийг “тэгш хуваах” нэрээр олон тооны сан байгуулаад, түүнийгээ захирах зарцуулах эрхийг нь төр авчихвал одоо байгаа бүх зүйл нурж унана. Тэнд хувийн хэвшлийн тухай яриа байхгүй, ардчилал, парламент ч хэрэггүй, Казакстанууд шиг нэг хүний улс болно гэсэн үг. Нэг удаагийн сонгуульд ялах гэж улайрсан манай попууд "өөрөөс чинь илүү хэн нэгэн үргэлж шилэн дээр чинь амьсгалж байдаг" гэдгийг мартсан байж.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн ҮНХӨ-д шургуулсан уг заалт санаандгүй хийсэн “алдаа” ч биш, санаатай хавчуулсан “чулуу” байж мэдэх л юм. Сонгууль дөхөхөөр хөзрөө дэлгэх байх л даа. Хэн нэг нь хэн нэгнийхээ мөрөөдлийг хулгайлж ч магадгүй.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин