• Эхлэл
  • М.Хүрэлсүх: Төлбөрөө төлөөгүй гэж С.Амарсайхан биднийг гүтгэсэн

М.Хүрэлсүх: Төлбөрөө төлөөгүй гэж С.Амарсайхан биднийг гүтгэсэн

2020/09/07

Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан хууль зөрчин “НарМон” компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд мэдээлсэн. Харин Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн өөрийн цахим хуудсаар үүнийг гүтгэлэг гэж мэдэгдсэн. Харин нь хэн нь гүтгээд байгаа, хөшигний ард ямар үйл явц өрнөж байгаа талаар өнөөдөр “НарМон” компанийн захирал М.Хүрэлсүх болон тус компанийнхан сэтгүүлчдэд танилцууллаа. Тус компанийн 25 жил эзэмшсэн Амгалан дахь газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус, бүр гэмт хэргийн шинж чанартай учраас тэд Захиргааны хэргийн шүүхэд хандана гэлээ.

Тухайлбал, Засаг дарга асан С.Амарсайхан төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр газрын эрхийг цуцалсан гэж захирамж дээрээ бичсэн боловч тус компани ямар ч өр төлбөргүй, бүр илүү төлөлттэй байгаа гээд Засаг даргын захирамж гаргахаас 14 хоногийн өмнө холбогдох албанаас “НарМон” компани ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж баталгаажуулсан албан бичгийг үзүүллээ.

Тэрбээр “Нийслэлээс манай газрын эрхийг цуцалсан талаараа бидэнд мэдээлээгүй. Бид Амгалан дахь тухайн газартаа складын аж ахуй эрхэлдэг, энэ зун дахин хоёр агуулах нэмж барихаар төлөвлөсөн байсан. Гэвч өнөөдрийг хүртэл манай компанитай холбоотой нэг ширхэг ч нэхэмжлэлийг бидэнд өгөхгүй байгаа. Бид өмнө нь газрын мөнгөө цаг тухай бүрт нь төлж, байсан” гэж мэдэгдэв. 

Мөн энэ талаар "НарМон" ХХК-ийн менежер Г.Золбоот “Манай компани нь 1996 оноос тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Бид тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Х.Наранцацралтын захирамжийн дагуу ХХК түлш, модон материалын зах байгуулах гэрээ гэрчилгээг гаргуулж авсан. Мөн сүүлийн 20 жилийн турш төмөр замын болон бусад аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Гэтэл гэнэт ингэж нууцаар захирамж гарган, наймдугаар сарын 18-ны өдөр албан бичгийг үйлдэж, 24-ний дотор газараа чөлөөлөхийг шаардсан байсан. Тухайн албан бичиг нь ч хугацаанаасаа хоцорч буюу 28-ны өдөр ирсэн" гэв. 

"НарМон ХХК" долоон хоногийн өмнө уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирээгүй аж. Иймд тэд Захиргааны хэргийн шүүхэд хандахаас гадна энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг тул Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандана гэдгээ хэллээ. 

Үүнээс гадна газрыг нь дээрэмдэн авахын тулд АТГ-д зохиомол хэрэг үүсгэх, дарамтлах нөхцөл үүсч байгаа учраас тэд хэвлэлийнхэнд хандаж байгаа аж.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.  

Төрийн дээрэм-1: М.Хүрэлсүхийн газрыг хэн дээрэмдэх гэв

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин