• Эхлэл
  • Н.Энхтайван сайд аа! ГХЯ-ны нэрийг барьсан сэжигтэй этгээд зугаалаад байна!

Н.Энхтайван сайд аа! ГХЯ-ны нэрийг барьсан сэжигтэй этгээд зугаалаад байна!

2020/10/14

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна. 

Одоогоос 14 хоногийн өмнө миний бие ГХЯ-аас Монгол Улсын иргэн Гумаажав овогтой Барсыг Румын Унгарын хил дээр шалгаад нэвтрүүлсэн ч Румыны тал араас нь уг паспортын хүчинтэй эсэхийг шалгаж эхэлсэнийг, хамгийн гол нь иргэн Г.Барс нь гадаад яамны ажилтаны хуурамч үнэмлэхтэй байсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаад дээрх мэдээлэл улам баталгаажиж байна. Үүнийг дараах албан бичгээс харна уу! 

 

Өөрөөр хэлбэл дээрх үйл явдлаас гурав хоногийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 24-нд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас хууль хяналтын байгууллагад хандан “Иргэн Г.Барсыг шалгуулах тухай 08/4317 тоот албан бичиг илгээсэн нь анхаарал татаж байгаа юм. Ноцтой нь “Тус яам Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн үнэмлэх ашигладаггүй тул дээрх үнэмлэхийг Г.Барс өөрөө, эсхүлөөр этгээд хуурамчаар үйлдсэнбайх бөгөөд хууль бусаар ашигладаг байх магадлалтай байна. Иймд иргэн Г.Барсыг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан “баримт бичгийг ашиглах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгах арга хэмжээ авахыг хүсье гэжээ. 

Тэгэхээр иргэн Гумаасүрэнгийн Барс ГХЯ-наас огт олгодоггүй “Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэсэн үнэмлэхийг хуурамчаар үйлдэн эзэмшиж байсан эрүүгийн ноцтой хэрэг үйлдсэн байж болзошгүй байна. Энэ бол шинэ баримт! 

Хамгийн гол нь Төрийн нарийн бичгийн даргын энэхүү албан бичгээс Иргэн Г.Барст “Цагаан нуур” чөлөөт бүсийн захирагчийн 2019 оны тавдугаар сарын 22-ны 19/85 тоот албан бичгийн дагуу А-00009726 дугаартай албан паспорт олгосон нь тодорхой болов.

Тэгвэл тухайн цаг үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Даваасүрэн, ГХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан, Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар энэ талаар мэдээгүй өнгөрсөн үү, тусалсан уу, хэн олгов гэдэг сонин байна. 

Нөгөөтэйгүүр Унгар болон бусад орноор амьдраад он удаан жил болж буй иргэн Г.Барст “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагч Асылбекийн Аманкелди яагаад өөрийн байгууллагын нэрээр албан бичиг хийж өгч албан паспорт авахад нь туслах болов? 

Энэ бүхний ард заавал улстөрчид байдаг. Хар тамхины бизнес, янжуурын бизнесийг хийх суурь нөхцөл болсон хуурамч болон хулгайгаар авч үлдсэн албан болон диипломат паспортуудыг цэгцлэх ажлыг хийсэн бүхэн өнөөдөр “Бүлэглэл”-ийнхний зэвүүцлийг төрүүлж байна. Гэвч Төрөө хүндэлсэн, Төрийн алтан аргамжааг дээдэлсэн элч төлөөлөгч олон бий. Хамгийн гол нь ГХ-ны экс сайд Д.Цогтбаатарын хийсэн “тэмцлийг” үргэлжлүүлж авч явах ёстой ГХЯ-ны өнөөгийн удирдлагууд хяналт шалгалтаа сайжруулах шаардлагатай байна. Албан болон дипломат паспортууд мэр сэр олгогдсоор байгааг хянаж чадахгүй бол хяналт тавих ёстой даргад арга хэмжээ авах ёстой. Энэ талаар ГХ-ны сайд Н.Энхтайван, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нарт итгэл тавин хүлээе. Харин тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайханд бол итгэл алдарсан, Элчин сайдаар ч томилох ёсгүй гэдгийг дахин хэлье! Яагаад гэвэл Г.Барсад албан паспорт дахин олгож болох эсэхийг тэр хянах ёстой байсан, яагаад гэвэл түүнийг шалгалт хийгээд буцсаны дараахан 70 кг героин зөөж яваад баригдсан Б.Баттүшиг түүний баз буюу хамаатан садан гэхчлэн дэндүү олон шалтгаан бий! Яагаад түүнийг эхлээд Унгарт, дараа нь Белорусьт Элчин сайдаар томилуулах гэж зүтгээд байна вэ? 

Энд нэг асуудал бий. Ерөнхийлөгч 11 Элчин сайдын нэрийг оруулж ирэхэд Европын холбооны орнуудад, ялангуяа хил дамнуулан наймаа хийсэн асуудал гаргаж байсан Турк, Болгар, Польш, Унгар, Чех зэрэг оронд Элчин сайд томилохдоо тун нухацтай хандсан нь туйлын зөв. Бараг “янжуурын наймааны зам” гэхэд хилсдэхгүй. Энэ замаар өөр ямар ч наймаа явж буйг таашгүй. Гэхдээ хэнийг, ямар учраас нэрийг нь зүтгүүлээд байгааг мэддэг хүмүүс нь хараад л “уншиж” байсан нь “но”-той. Ерөнхийлөгч энэхүү болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсоосон сайн талтай. 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгыг Кызыльд ерөнхий консулаар томилсныг олон нийт улс төрийн томилгоо гэж үзсэн,Ж.Баясахыг Гадаад харилцааны сайдын 2018 оны 8 дугаар сарын 3-ны A/69 тушаалаар Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилсон нь Дипломат албаны тухай хуулийг зөрчсөн гэхчлэн салбарынхны шүүмжлэл дагуулдаг юм билээ. Тэр ч байтугай ХЗДХЯ-ны боловсруулсан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн англи хувилбар нь ГХЯ-ны албан тушаалтны өрөөнөөс гарч ирсэн хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан мэдэгдэж байсан удаатай. Энэ удаад ч Б.Баярсайханы ажлын хариуцлага алдсанд арга хэмжээ авч “Элчин сайд” суудлаар шагнах бус лавшруулан шалгах ёстой. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа хамгаалж, мөн ГХ-ны сайд Н.Энхтайван, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нар хяналттай, хариуцлагатай хандахгүй бол олон нийт уг томилгоонууд ямар үр дагавар дагуулахыг анхааралтай ажиглаж байна. 

У.Оргилмаа. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин