Бодлогын хүн

2020/10/22

Хотын хөгжил хүнээсээ гэдэг. Ямар иргэн байна, бид тийм хотод амьдарч байна гэсэн үг. Наанадаж хогоо хаяхгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, бие биедээ хүндэтгэлтэй хандахын тулд цахилгаан шатнаас буух гэж  буй хүнээ түрүүлээд гаргах маш энгийн зүйлд бид суралцаагүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа хүртэл шахцалдаж нэгнийхээ стрессыг барсаар. Ийм энгийн зүйлүүдийг хэрэгжүүлдэггүй хэрнээ бусдаас маш өндөр шаардлага тавьдаг. Энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна гомдлын үг чулуудсаар. Өнөөдрийн бидний амьдарч байгаа хотод олон шийдээгүй, дутуу орхисон ажлууд бий. Иргэд үүнд бухимдах нь ч зөв. Гэхдээ бид өнөөдөр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хотын хөгжил нэг хүнээс бус нийтээрээ хичээж байж хөгжинө. Бусад орнуудын хөгжлийн явцыг харахаар тэд хамгийн эхлээд эртлэн босч ажилдаа явдаг юм байна. Энэ үед үйлчилгээний гэсэн бүх газар нээлттэй байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Өглөө эрт босдог хүн бараг байхгүй. Үйлчилгээний газруудын нээх цаг тэгийг заадаг.  Цагаа тулгаж орноосоо босчихоод зэрэгцээд замын хөдөлгөөнд ордог. Ингээд л нөгөө гайхал түгжрэл чинь эхэлнэ дээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Т.Жаргалсайхан хурандаа бараг арван жилийн өмнө ингэж хэлж байв. “Хотын түгжрэлийг бид шийдэх гарц байна. Хотынхон та нар цагаа тулгаж битгий бос л доо. 8 цагт босоод 8 цаг 15 минут гээд гарахаар түгжрэл гарна шүү дээ гэж”. Үнэний хувьтай. Бид түгжрэлийг өөрсдөө бий болгоод байгааг маш энгийнээр мэргэжлийн хүн тайлбарласан. Харамсалтай нь бид яг арван жилийн өмнөхөөсөө илүү түгжирсээр байна. Түгжрэлийн өөр нэг шалтгаан нь хөдөө орон нутгийнхан хотод олноор суурьшсан явдал. Биднийг хүүхэд байхад бараг 20 жилийн өмнө хөдөөнөөс хотод суурьшина гэдэг жинхэнэ асуудал байв. Тухайн үеийн Хотын дарга нарын баримталсан бодлого бол хот хэдэн хүн амьдрах багтаамжийг судалсны үр дүнд ийм шийдвэр тооцоог гаргасан нь тодорхой. Энэ бол оновчтой шийдвэрийн нэг байлаа. Өнөөдөр хотын хөгжилд бодлого дутагдаад байна. Хотын бодлогыг наанадаж арван жилийн хугацаатай гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд аль нэг фракц бүлэглэлд хамаарахгүй хүнийг бодлогоор томилж ажиллуулах явдал юм. Ингэснээр тухайн томилогдсон Хотын дарга бодлогоо ч барьж, ард иргэдэд ажлаа тайлагнадаг зарчимтай байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр өнөөдрийн хотын хөгжил, хөгжлөөс үүдсэн хариуцлага, алдаа оноог хэнтэй ч тооцох боломжгүй болчихоод байна. Өнөөдрийн харж байгаа өнцгөөр бол Хотын даргын сунгаанд  нэр нь дурдагдаад буй эрхмүүд бий.  Тэдний ажлын туршлага, хийсэн  бүтээснийг нь харвал хоттой холбогдсон нь цөөхөн байна. Ихэвчлэн намын тохироогоор орж ирсэн хүмүүс харагдана. Харин энэ дундаас арай дөнгүүр нь НИТХ-ын дарга Р.Дагва санагдана. Энэ хүн 2005 оноос хойш хотын амьдралтай холилдож яваа аж. Тодруулбал, огт танихгүй мэдэхгүй салбар биш сүүлийн 15 жилийн хугацаанд хотын алдаа оноог мэдэх хүн байна. Тиймээс түүний хуримтлуулсан туршлага, ажлын арга барил хотод яагаад хэрэг болохгүй гэж. Өнөөдөр ажлаа мэддэг,ачаалал даадаг хүн гарч ирвэл иргэдийн хувьд сонголтоо хийхэд бэлэн байгаа. Гол нь намын тохироо энэ тэрний хүн гэдэг нь иргэдэд маш их ачаалал авчирдаг төдийгүй дунд нь ажил орхигддог цалгар назгай байдал хотын хөгжилд жинхэнэ утгаараа тушаа болж байна. Бид хотын хөгжлөө үргэлжлүүлэхийн тулд хамгийн түрүүнд бодлогын хүн гаргаж тавих цаг үеийн зайлшгүй шаардлага гарч ирлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин