FREE! Ж.Эрдэнэбат

2020/12/16

УИХ-ын гишүүнээр сонгогдсон  хүнийг  торны цаана хорьчихдог хууль, дүрэмтэй улс бол манайх. Сонгууль эхэлмэгц Ж.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэж, зүйл заалтаар ангилсаар түүнийг аавын хаалга татуулсан. Сонгууль ч дуусч, Ж.Эрдэнэбат ч гишүүний үнэмлэх гардаж авахаар болов. Гэвч тэр чадаагүй. Учир нь түүнд зургаан жилийн хорих ял оноосон. Ингэж явсаар парламентад нэг хүний суудал эзгүйрсээр таван сарын хугацаа өнгөрөв. Эл байдлыг Олон Улсын Парламентын холбооноос /ОУПХ/ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрх зөрчигдсөн хэмээн улсад хэрэг үүсгэж эхэллээ.

ОУПХ-оос Ж.Эрдэнэбатыг хүний эрхийн зөрчлүүд, мөрдөн шалгах ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй, шүүх ажиллагаа шударга явагдаагүй, парлементийн гишүүний халдашгүй байдалд халдсан гэх дүгнэлт гаргав.  

Ж.Эрдэнэбат 2012 оноос хойш Сэлэнгэчүүдийг төлөөлж байгаа төрийн түшээ. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр 1996 оноос ажлын гараагаа эхлүүлж, хувийн нэгэн компанид нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Үүний дараа Хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаас Сэлэнгэ аймгийн Засаг дарга болох хүртлээ дэвшин ажиллажээ. Чухам энэ үеэс түүний улс төрийн гараа эхэлж, 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй хатуужсан улстөрч аж. 2016 онд МАН олонх болсноор Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилсон байдаг. Гэвч энэ албан тушаал ганцхан жилийн настай байсан.

Түүнийг Ерөнхий сайд байхдаа “Элбэг орд” ХХК-аар дамжуулан дүүдээ газар авч өгч, дүүдээ болон өөртөө давуу байдал бий болгож албан тушаалаа ашигласан гэж үзсэн. Мөн ЗГ-ын шийдвэрийн үеэр хэн нэг хүнд нөлөөлж, хэлж ярьж, үгсэн хуйвалдаж, албан тушаалын шахалт дарамт үзүүлж байсан хэмээн буруутгасан байдаг. Гэвч тэр үүнийг эрс эсэргүүцэн, хэлс хэрэгт гүтгэгдэж байгаа давж заалдах шатны шүүх хурлын үеэр илэрхийлсэн байдаг.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Их олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгөхийг хүсье” гэж хэлжээ. Үүнийг л ОУПХ шийдэх гэж байгаа юм. Өмнө нь С.Зориг агсаны хэрэгт тус холбооноос шийдвэр гаргаж байсан ч тэгэсхийгээд намжсан байдаг. Гэхдээ энэ удаагийн улсад үүсгэж буй хэрэг нь тийм ч хурдан намжих асуудал биш. Хэрэг үүсгэсэн л бол ОУПХ-ноос мөрдлөгө хийнэ, шийдвэрийг дахин нягталж авч үзнэ. Хэрэг үнэхээр хүний эрх зөрчсөн ноцтой үйлдэл болох нь тогтоогдвол Ж.Эрдэнэбат суллагдах нь цаг хугацааны асуудал болох биз ээ.  

Ж.Билэгт


Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ж. Эрдэнэбат үнэндээ хэлмэгдсэн шүү. Төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үнэн юм даа. Энэ хүнийг яаралтай суллаж, их хуралд нь суулгах хэрэгтэй.
    2020 оны 12 сарын 22
Сонин хачин