• Эхлэл
  • ШЕЗ-ийн болон шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав

ШЕЗ-ийн болон шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав

2021/04/01

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Хууль зүйн байнгын хорооны дарга уг Ажлын хэсгийг ахлах нь хууль зөрчих тул Ажлын хэсгийн ахлагчаар Байнгын хорооны дарга бус УИХ-ын гишүүнийг томилох тухай горимын санал хэлж байв.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уг Ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт Ажлын хэсгийг “УИХ-ын гишүүн ахлана” гэж заасан, мөн УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчийг томилсон тул санал хураалт явуулахгүй гэсэн тайлбар хийв. 

Ингээд Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Үүнд:

  • УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн,

  • УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж,

  • Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд,

  • ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж,

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул,

  • МӨХ-ны дэд ерөнхийлөгч М.Баасанбат,

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,

  • “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах тухай гишүүн тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан.

Харин нэр дэвшигч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй болно.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасан.

Иймд Монголын Хуульчдын холбооноос ажлын хэсгийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэн.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөрийн Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүдээс гарсан горимын саналын дагуу Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдсан.

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохыг гишүүд дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин