• Эхлэл
  • Өлсгөөгүй гишүүдийн өлсгөлөнгөө зогсоосон үнэн шалтгаан

Өлсгөөгүй гишүүдийн өлсгөлөнгөө зогсоосон үнэн шалтгаан

2021/05/13

Хотын төв талбай дээр зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоогоод хоёр хоног өнгөрөв. Өлсгөлөнг зогсоож буйгаа зарлахдаа УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бид тэмцлээ зогсоохгүй. Төлөвлөсөн ажлаа хийж дуустал тэмцэнэ. Нэг намын дарангуйлал сөнөх болтугай. Монголд ардчилал мандан бадрах болтугай" хэмээн уриалсан авч өнгөрсөн хоёр хоногийн дотор лав МАН-ын дарангуйлалтай тэмцэж буй төрхөө харуулсангүй. Харуулахгүй байх учир шалтгаан ч бас бүлгийн гишүүдэд үлдсэн бололтой. Тэр нь өлсгөлөнгийн үеэр тагнуулын гүйцэтгэх ажилтнуудын хийсэн нууц бичлэг байж магадгүй.

Талбайн өлсгөлөнг татан буулгахаас нэг хоногийн өмнө УИХ-ын дарга захирамж гаргаж, нөхцөл байдлыг намжаахаар хоёр намаас хамтарсан ажлын хэсэг гаргасныг уншигчид санаж буй байх. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-аас гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, АН-аас Ж.Батсуурь, Ц.Туваан, Д.Ганбат нарыг оруулсан байдаг. Гэвч уг ажлын хэсэгт шийдээд байх зүйл ч үлдсэнгүй. Учир нь өлсгөлөнг зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдлыг өлсгөлөн зарласан нөхөд өөрсдөө бий болгосон байдаг. Товчоор хэлбэл, өлсгөлөн зарласан нөхөд өлсгөлөнгийн үед мөрдөх ёстой наад захын дүрэм журмаа сахиагүйтэй холбоотой.

Өлсгөлөн зарласнаас хоёр хоногийн дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийнхаа автомашиныг талбайн захад шахаж тавиад нууцаар хоол идсэн тухай мэдээлэл, зураг хөрөгтэйгээ нийгмийн сүлжээнд тавигдсан хэдий ч өлсгөлөн зарласан нөхөд хариу няцаалт хийлгүй өнгөрснийг олон нийт санаж буй нь лав. Гэвч энэ нь "гэм биш зан" гэгчээр ганц Н.Алтанхуягийн "булхай" биш байсан юмсанж. Өлсгөлөнд оролцсон гишүүд бүгдээрээ /А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Ганибал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ц.Туваан/ л иймэрхүү хоолны дэглэмтэй байсан бололтой. Үүнийг нь ч өлсгөлөнг ажиглаж байсан тагнуулын гүйцэтгэх ажилтнууд бичлэгээр баримтжуулжээ. Энэ тухай мэдээлэл "дээшээ" явсанаар хуурамч өлсгөлөнг зогсоохоос аргагүйд хүрчээ. Мэдээж МАН-ынхан "бичлэг чинь байгаа шүү" гэдгийг нөхдөд анхааруулсан нь тодорхой.

Тэгээд ч хүмүүнлэгийн үүднээс, өлсгөлөнд оролцож буй хүмүүсийн амь нас, аюулгүй байдлын үүднээс байнга эмчийн хяналтанд байлгадаг ёстой. Гэтэл манай нөхдөд хийсэн эмчийн үзлэгээр өлсгөлөн зарласнаас хойш долоо хоночихоод байхад "ходоодондоо хоолтой" байсан нь тодорхой болжээ. Угаасаа ч хавсарган цагаар хүйтэн цементэн дээр гадуураа нөмөргөх майхан ч үгүй гадаа сууж байгаа хүмүүс үүнээс өөрөөр бүтэн долоо хоног тэсэх боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс нөхдийн хувьд МАН-тай "зөвшилцсөн" нэр зүүгээд өлсгөлөнгөө зогсоохоос өөр аргагүй болсон бололтой. 

Харин А.Адьяасүрэн гишүүний хувьд өлсгөлөнг албан ёсоор зогсоохоос хоёр хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар талбайн өлсгөлөнг орхисон авч тэр нь ч гэсэн өлссөнөөс болоогүй, хүйтэн цементэн дээр олон хоног доороосоо даарсанаас болж эмэгтэйчүүдэд тохиолддог өвчний шалтгаанаар эмнэлгийн тусламж авахад хүрсэн тухай эх сурвалж хэлэв. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин