• Эхлэл
  • Ц.Оюундарь: Эрх баригчид сонгуулийн үеэр нэр татуулах хэмжээний үндсэн том заалтуудыг огт санаа зовохгүйгээр, эрээ цээргүйгээр зөрчсөн

Ц.Оюундарь: Эрх баригчид сонгуулийн үеэр нэр татуулах хэмжээний үндсэн том заалтуудыг огт санаа зовохгүйгээр, эрээ цээргүйгээр зөрчсөн

2021/06/17

"Иймээс Ардчилсан намаас хэн ч дэвшсэн ялахааргүй байжээ гэж дүгнэж байгаа"

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ? Сонгуулийн үр дүн гэнэтийн явдал байв уу?

-Гэнэтийн явдал байгаагүй ээ. Олон янзын судалгаагаар иймэрхүү дүн гарах нь ээ гэдэг таамаглал гарч байсан. Ерөөс Ардчилсан намаас (АН)-аас хэн ч нэр дэвшсэн ялагдах хэмжээний зохион байгуулалтыг эрх баригчид ковидын дэглэмийг ашиглан хоёр жилийн турш тууштай явуулсан, сонгогчдын сэтгэл зүйг бэлэн мөнгөөр “угжиж”, бүрэн бэлтгэлийг хангасан байсан. Ийм нөхцөлд АН-ын хувьд үзэл санаагаа хамгаалах зорилтыг л тэргүүн зорилгоо болгон оролцлоо. Сонгууль гэдэг улс төрийн намын хувьд үнэт зүйл, үзэл санаа, улс төрийн талбарт тунхаглаж буй соёл хандлагаа таниулах давхар зорилгыг агуулсан үйл явц байдаг. Энэ үйл явцын дунд Ардчилсан нам талцаж хуваагдаад байгаа гишүүдийнхээ дунд яг хэд нь улс төрийн намын гишүүн байна гэдэг утга учир, үүрэг хариуцлагаа мэддэг юм бэ, яг хэд нь намынхаа үндсэн дүрмийг ойлгож дагадаг юм бэ гэдгийг ялгаж салгасан том сорилтыг давхар хийж чадлаа гэж бодож байна.

-Шударга сонгууль болж чадсангүй. Бүхэл бүтэн төрийн аппарат нэг намын талд ажиллагаа, төсвийн мөнгөөр сонгогчдын саналыг авчихлаа гэх мэдэгдлүүлийг танай намын зарим нөхөд хийсэн. Мөн С.Эрдэнэ дарга асар их луйвар, хар хүчний эсрэг хүчин мөхөстлөө гэж хэлсэн. Энэ тухайд? 

-МАН-ын хувьд ковидын дэглэмийг ашиглаж, халамжаар угжих болон “давхар стандарт”-ыг нийгэмд хэвшүүлэх бодлогыг хоёр жил тууштай явуулсан. Үүнийг бид Ковидизм хэмээн тодорхойлсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр “онцгой нөхцөл байдал” гэдэг үгээр халхавчлан нийгэмд давхар стандартыг байх ёстой үзэгдэл болгон хэвшүүлэх бодлого юм. Ингэснээр эрх баригчдад хууль үйлчлэхээ больж, иргэд тэрийг нь “онцгой нөхцөл байдал” тул хууль хамаагүй гэдэг байдлаар хүлээн зөвшөөрөх сэтгэхүйтэй болсон. Тийм ч учраас сонгуулийн үеэр нэр татуулах хэмжээний үндсэн том том заалтуудыг эрх баригчид огтхон ч санаа зовохгүйгээр, эрээ цээргүйгээр зөрчиж байсан. Төсвийн хуулийг уландаа гишгэсэн. Төсвийн энэ жилийн хуульд л лав бүх малчдад бэлэн мөнгөөр бэлэг тараана гэсэн заалт байгаагүй.

Гэтэл 180 мянган малчдын данс руу “Засгийн газрын бэлэг” гээд шууд зуу зуун мянган төгрөг шилжүүлчихэж байгаа юм. Зээлгүй ахмадуудад гээд сая сая төгрөг хийчихэж байна. Бүр шулуухан, ил цагаанаар шүү дээ. Төрийн байгууллагуудыг бүхэлд нь дайчилсан. Төрийн албан хаагчдыг МАН-д санал өгөхийг үүрэгжүүлсэн, зарим газар бүр жагсааж байгаад аваачсан. Өмнө нь бид олон л сонгуульд ажиллаж байсан. Үйлдэл бүрээ цэнэж, өмгөөлөгчдийн баг ажиллуулж, зүйл заалт зөрччих вий гэдэг болгоомжлол, хууль дээдлэх хүндлэлийг сэтгэлдээ тээж кампанит ажлаа зохион байгуулдаг байсан. Гэтэл сая МАН бол хуулийг бүх талаар уландаа гишгэсэн үнэхээр “давхар стандарт” гэж юу байдгийг утгаар нь харуулсан кампанит ажлыг зохион байгууллаа. Сошиал сүлжээнд идэвхтэй байдаг, өөдөөс “цор цор” хийж болзошгүй бүх идэвхтнүүдийг бүгдийг нь “худалдаж” авлаа. Ийм гаж буруу хандлагыг нийгэмд хэвшүүлэх нь эргээд засч залруулшгүй муу үр дагавар дагуулахыг эрх баригчид үл тоож байгаад нь харамсаж байна. Хойч үеэ боддоггүй, зөвхөн өнөөдрийн эрх ашгийг боддог хүмүүсийн хандлага л нэг иймэрхүү байдаг л даа.

-Ардчилсан нам нэр дэвшигчийн сунгааг цахимаар явуулж, С.Эрдэнэ дарга олонхын санал авч гарч ирсэн гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ дарга нам дотроо анхан, дунд гээд бүх шатанд ажилласан, илүү суурьтай гэсэн шалгуураар гараад ирлээ гэсэн тайлбар явж байсан. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэр дэвшигчийн сунгаа хэрхэн явагдсан юм бэ?

-Өөрийн чинь сонссон тайлбар үнэн. Угаасаа сунгаанд нэр дэвшсэн таван хүнээс яг анхан шатны намаас өгсүүлээд 31 жилийн туршид мерит системээр нэг ч шат алгасалгүйгээр өгссөн хүн бол С.Эрдэнэ байсан. Тэрээр дүүргийн намын даргаар арваад жил ажилласан, дүүргийн иргэдийн хуралд хоёр удаа сонгогдсон, нийслэлийн намын дарга байсан, нийслэлийн иргэдийн хуралд мөн хоёр удаа дэвшээд ялж байсан хүн. Дараа нь УИХ-д гурван удаа сонгогдсон. Ингээд нийт долоон удаагийн сонгуулийг даван, 31 жилийн туршид дандаа сонгогчдоор дүнгээ тавиулан гарч ирж байсан хүн юм билээ. Дээрээс нь сүүлийн дөрвөн жил АН-ын даргаар ажилласан. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан туршлага нь нэлээд нөлөөлсөн байх.

Нийгмийн даатгалын ерөнхий газар гэдэг бол бүх аймаг сумдад салбартай, өөрөө дарга нь байхдаа энэ байгууллагыг бүтцийнх нь хувьд өнөөгийн түвшинд очтол өсч дэвжих зохион байгуулалтын ажлыг гардаж хийсэн хүн юм билээ. УИХ-д байхдаа мөн сонгогчдод хамгийн хэрэгтэй, амьдралд нь шууд нөлөөлөхүйц хуулиудыг санаачилж баталж байсан хүн. За мөн ардчилсан хувьсгалыг анх санаачилж, гол хүч нь болж байсан МоАХ гэж улс төрийн маш том хүчний даргаар ажиллаж байсан гээд нам доторх массыг хамарсан, намын бүх шатанд “хөл”-тэй ийм л хүн болж таарсан л даа. Бусад нэр дэвшигчдэд бол ийм “намтар” илт дутагдалтай байсан. Мөн тэдний нам доторх дэмжигчдийнх нь мөн чанар ойролцоо байсан нь санал хуваагдахад нөлөөлснөөр С.Эрдэнэд сунгаанд ялах боломжийг гаргаж өгсөн байх. Миний хувьд бол ийм л дүгнэлтийг тухайн үед хийж байсан.

-Зарим хэсэг С.Эрдэнэ бол У.Хүрэлсүхийн захиалга байсан. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээлгэсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал бага байгааг мэдсээр байж нэр дэвшсэн нь захиалга байхаас зайлахгүй гэж ярих нэгэн байна. Энэ тухайд?

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй, 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг бол У.Хүрэлсүх, Х.Баттулга нар “захиалсан” байх магадлалыг би харин илүү бодитой, амьдралд тохиолдсон үйлдлүүдээр тэр нь нотлогдоод байгаа гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших боломжгүй болсноор энэ бүх зүйл олон нийтэд ил болж эхэлснийг та бүхэн анзаарсан байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тойрсон ид маргааны үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нэг ярилцлагадаа тун ноцтой зүйл хэлсэн ш дээ. Яг үг, үсэгчлэн санахгүй байгаа ч “Хүрэлсүх уг нь Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж тохирсон байсан. Энэ тохироогоо тэр эвдэж дэвших болсноор ҮХНӨ-ийн тэр заалт болохоо больчихсон.

Хүрэлсүх нэр дэвшихгүй гэдэг тохироотой байхад бол тэр заалтад ямар ч асуудал байгаагүй” гэсэн утгатай зүйл ярьсан байдаг. Энэ тохироо яаж бий болсон бэ гэхлээр 2020 оны УИХ-д Х.Баттулгын “захиалга”-аар АН “навс ялагдаж”, МАН үнэмлэхүй ялснаар У.Хүрэлсүх хүчтэй Ерөнхий сайд болох, Х.Баттулга үүнийхээ “шан”-д 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшиж, хүчтэй Ерөнхийлөгч болох гэсэн ийм тохироо байжээ гэж харагдаж байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гурван хүний хамтын ажиллагааны үр дүнд АН “навс” ялагдаж, дахин сэргэхээргүйгээр унах ёстой байсан, тийм ч учраас АН-ыг дотор нь хагалан бутаргах, бие даасан амбицтай залуусын “толгойг эргүүлэх”, хутган үймүүлэх ажил үе шаттай, урт хугацааны турш бодлоготойгоор явагдсан нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудаас тодорхой харагдаж байгаа.

-Ардчилсан намын зөв сонголт байж, олонхын дэмжлэг авсан хүн нь С.Эрдэнэ байсан юм бол яагаад ердөө зургаан хувийн санал авав. Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй гэж Б.Пүрэвдорж гишүүн хэлж байсан. Гэтэл С.Эрдэнэ дарга 72500 гаруй хүний санал авсан. Үлдсэн 100 гаруй мянган гишүүд хаачсан бэ? Тэд яагаад нүүр буруулав?

-С.Эрдэнэ гэж хүний Ерөнхийлөгчид нэр дэвшсэн тухайд бол та бүхэн мэдэж байгаа, нам хоёр хуваагдчихсан хоёр талаас нэр дэвшилт явах нь тодорхой болсон цаг үед О.Цогтгэрэлийн талаас АН-ын гишүүн биш, УИХ-д бие дааж орж ирсэн Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшиж орж ирсэн С.Ганбаатар нар сунгаанд нэрээ дэвшүүлсэн. С.Эрдэнэ үүнийг л сөрж зогсох гэж эцсийн мөчид нэрээ дэвшүүлэн сунгаанд бүртгүүлсэн. 2017 оноос хойш У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хооронд бий болсон “урт хугацааны хамтын ажиллагааны тохироо”-ны хохирогч нь АН байсан учраас АН-аас энэ удаагийн сонгуульд Р.Амаржаргал ч байсан, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг, ер нь хэн ч байсан ялахааргүй байжээ гэж миний хувьд дүгнэж байгаа. Яахав, авах саналын тоо нь харьцангуй өөр байх байсныг үгүйсгэхгүй, гэхдээ л ялагдах байсан.

Учир нь энэ бүх ажлыг маш том хэмжээнд, урт хугацаанд төлөвлөсөн байсан нь санал хураалтын өмнөх өдөр телевизүүдийн хөтөлбөр эвдэн Ерөнхийлөгч Х.Баттулгын орсон захиалгат нэвтрүүлгээс тодорхой харагдсан л даа. За тэр гишүүдийн тооны хувьд бол АН-ын цахим бүртгэлийн санд 140 мянган гишүүд бүртгэлтэй байдаг. Аливаа дотоод сонгуульд бид “зөв сонголт” гэхээсээ илүү дотоод сунгаанд оролцсон хүмүүсийн олонхын санал авч гарч ирсэн хүнээ цааш дэмжээд явдаг дүрэмтэй. Нэр дэвшигчийг тодруулах цахим санал хураалтад 75 мянган хүн оролцсон, саяын сонгуулийн дүнг харахад бол үндсэндээ тэр хүмүүс л намынхаа төлөө нэр дэвшигч нь хэн байхаас үл шалтгаалан саналаа өгсөн дүр зураг харагдаж байгаа. Ер нь бол бүртгэлтэй 140 мянган гишүүн байгаад, АН-ыг ялсан үед тоо нь өсөөд, ялагдсан үед бага зэрэг буураад явдаг жишигтэй л явж ирсэн. Саяын сонгуулийн дүнг харахадгишүүдийн маань 50 хувь нь ямар ч байсан АН-ын дүрмээ ойлгодог, мэддэг, хариуцлагатай гишүүд юм байна гэдэг нь тод харагдлаа.

-Одоо Ардчилсан намд цаашид хэрхэх вэ гэсэн том сорилт тулгарлаа. Үүнд Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс намын Онц их хурлыг зарлаж, нэг удирдлагатай болгох асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн санал шаардлага их ирж байгаа гэж ойлгосон. Цаашдын үйл явж хэрхэн өрнөх вэ?

-Ардчилсан чөлөөт нийгэмд ямар нэг иргэн улс төрийн намд оръё гэдэг шийдвэрийг гаргахдаа тухайн эвлэлдэн нэгдсэн бүлэг нөхдийн буюу тухайн улс төрийн намын дүрмийг хүлээн зөвшөөрч, тэр дүрмийг дагана гэдгээ илэрхийлж намын гишүүн болдог шүү дээ. Хэрвээ тэр дүрэм таалагдахгүй бол тухайн намын гишүүн нам дотроо нөлөөллийн ажил хийж, улмаар дүрмээ өөрчлөх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй. Хэрэв тийм оролдлогыг хийгээгүй, эсвэл хийхийг хүсэхгүй бол тухайн дүрмийг үл хүлээн зөвшөөрөөд намаас гардаг, ийм л энгийн зүйл. Улс төрийн нам гэдэг чинь иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдсэн процесс шүү дээ. Нэгэнт орсон бол тэр чигтээ байгаад бай гэж хэн ч хэлдэггүй.

Тийм ч учраас дүрэм нь таалагдахгүй байна аа, дарга нь таалагдахгүй байна гээд АН-аас гарч яваад, бие дааж нэр дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон, өмнө нь манай намын дарга байсан хүн ч УИХ дотор одоо байж л байна. Энэ чинь сайн дурын нэгдэл. 2017, 2018 онд АН доторх залуусын шинэчлэлийн хөдөлгөөнийхний идэвхтэй оролцоотойгоор АН-ын өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн дүрэм шинэчлэгдэн батлагдсан. Энэ дүрэмд “Онц их хурал” гэдэг заалт огтоос байхгүй. Гэтэл дүрэмд байхгүй заалтаар гишүүдийг үймүүлэх гээд элдэв санаачилга гаргаад, төрөл бүрээр оролдоод байгаа явдлыг би л лав АН-ын төлөө хийгдэж байгаа үйлдэл гэж харахгүй байгаа. Үнэхээр намынхаа цаашдын ирээдүйд санаа тавьж байгаа бол цагаан дээр хараар бичигдсэн дүрэм, улс төрийн намуудын тухай хууль зэргээс л гарц гаргалгаагаа хайцгаамаар байна.

-МАН хүчтэй гэхээс илүү АН-ын дотоод хуваагдал голлох нөлөө үзүүллээ гэж ярих нэгэн байна. Зөвшилцөлд хүрэх боломж бий юу? Дотоод эв нэгдлийг хэрхэн хангах ёстой вэ. Тухайлбал, та бүхэн буулт хийх үү?

-Өнгөрсөн 31 жилд АН-ын хийсэн маш том “алдаа” бол сонгуулийн ялалтын төлөө “механик” нэгдэл хийсээр ирсэн явдал. Үзэл санаа, зарчим, дүрэм дээрээ нэгдэж байгаагүй. Ялалт гэдэг “өчүүхэн” зорилго дээр нэгдэж ирснээр ялалт байгуулсан хэдхэн хүнийг тойрч шимэгчилдэг бүхэл бүтэн үеийг бойжин бий болоход нөлөөлсөн байна. Иймд одоо хийх нэгдэл бол их өөр байх ёстой. АН-ын дүрмээ ойлгодог хүндэтгэдэг маш хариуцлагатай 75 мянган гишүүд байна, энэ хүчээ сууриа болгоод АН үзэл санааны нэгдлийг зоригтойгоор, маш хүчтэйгээр хийх ёстой. Богино хугацааны “сонгуулийн ялалт” гэдэг өчүүхэн богинын зорилго дээр үндэслэсэн механик нэгдлийн хор уршгийг бид хангалттай амссан.

-УИХ, ЗасагЕрөнхийлөгч нэг талдаа гарлаа. Хяналтын хороо алдагдлаа. Үүнээс үүдэлтэй эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Давхар стандартыг хэвшүүлсэн, хяналтгүй төрд дураар авирлах эрх баригчдын бүх оролдлого Монгол Улсын ирээдүйд асар хор уршигтай үр дагаврыг авчрах болно. Ийм учраас АН, түүний гишүүд дэмжигчид, иргэд олон нийт, бусад намууд бүгд маш өндөр сонор сэрэмжтэй байж, нягт хамтран ажиллах нь хамгаас чухал байна. Ордонд ч бай, орцонд ч бай, Ардчилсан нам хаана ч байсан хүний үндсэн эрх, тэр дундаа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн эрх, өмчийн эрх зөрчигдсөн аливаа үйлдлийг эрс эсэргүүцэн, таслан зогсоохын төлөө бүх хүчээрээ сөрөн тэмцдэг төрөлх зөн совинтой нам. Тийм ч учраас төрд тавих хяналтын тогтолцооны эхлэлийг АН эрх барьж байхдаа шилэн дансны хууль, төсвийн ил тод байдлын тухай хууль, төрийн албаны ашиг сонирхлын зөрчлийн тухай зэрэг олон хууль, бодлогуудаар тавьж чадсан. Одоо иргэдтэйгээ хамтран эрх баригчдыг шахаж шаардах бүхий л арга замыг эрэлхийлж, илүү идэвхтэй ажиллахыг зорино.

Эх сурвалж: Өдрийн сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин