• Эхлэл
  • Нөхөн сонгуулиас нөхөн сонгууль үүсэх нь

Нөхөн сонгуулиас нөхөн сонгууль үүсэх нь

2021/08/19

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал хураалтыг ирэх аравдугаар сарын 10-нд хийхээр товлоод буй.  
Одоогоор уг нөхөн сонгуульд МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоор мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлээд байгаа. 
МАН Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэх тохироо МАХН-тай хийсэн гэх шум сошиалд дэгдсэн. Э.Батшугар 2020 оны УИХ-ын сонгуульд мөн тойргоос нэр дэвшин сонгогдож чадаагүй ч өндөр санал авсан. Өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд мөн нэр дэвшээд, ялагдал хүлээсэн Э.Батшугар олны нүднээс “нуугдмал” байгаа бөгөөд нөхөн сонгуульд бэлтгэж буй гэх мэдээлэл бий. 
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөх талаар мэдээлэл ч цацагдсан.   
Харин сөрөг хүчи Ардчилсан намаас С.Эрдэнэ, М.Тулгат нарын нэр хүчтэй явж байгаа ч УИХ-ын гишүүн, сайд асан Л.Гантөмөр, Хөххотод консулаар сууж байсан Д.Мөнх-Эрдэнэ нарын нэр бас яригдаж буй. Ингээд ерөнхийдөө нэр дэвшигчид тодорсоор байна. 
Энэ гол асуудал биш. Нөхөн сонгуулийг төсвийн мөнгөөр явуулна гэдгийг бүгд мэднэ. Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулиас дахиад нөхөн сонгууль үүсэх магадлалтай болоод байна. 
Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг УИХ тухай бүрд нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг. 
Энэ дагуу УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлыг 2 тэрбум 287 сая төгрөгөөр баталсан. Гэвч 28-р тойрогт МАН-аас хэн нэр дэвшихээс хамаарч НИТХ-д эзэнгүй суудал гарч дахин НИТХ-д нөхөх сонгууль явах магадлалтай  болоод байна. Яагаад гэвэл МАН-аас НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай нар нэр дэвших шум бас байгаа. Хэрэв тэднээс хэн нэг нь УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших юм бол НИТХ-д нэг суудал эзгүйрч дахин нөхөн сонгууль явагдах магадлалтай. Гэвч нийслэлд нөхөн сонгууль явуулах зардал, төсөв бэлэн байгаа гэж үү?
Татвар төлөгчдийн мөнгөөр ингээд нөхөн сонгуулиас нөхөн сонгууль хийгээд байх нь хэнд ашигтай вэ? 
Хэрэв НИТХ-д дахин нөхөн сонгууль явагдах юм бол шинэ баталсан хуулиараа томсгосон тойрогт хэдий хэр төсөв зарцуулагдах бол! Hэдэн зуун саяар л яригдах байх даа. 


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин