• Эхлэл
  • Б.Баяраа: Иргэнийхээ эсрэг парламент нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна

Б.Баяраа: Иргэнийхээ эсрэг парламент нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна

2021/10/28

Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульч Б.Баяраатай ярилцлаа.


-Хөөн хэлэлцэх хугацааны талаар эхлээд ойлгомжтой тайлбарлаж өгөхгүй юү?

-Иргэдийн зүгээс төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр, үйл ажиллагаанд өргөдөл гомдол гаргах, мөн шүүхэд хандах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэгт хуулийн хугацаатай болохыг бид бүхэн мэднэ. Үүний нэгэн адилаар төр нь иргэнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахад ч хуулийн хугацаа тогтоосон байдаг. Зөвхөн эрүүгийн төдийгүй иргэн, захиргааны аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагддаг. Хуулийн процесс нь хэмжээ хязгаар, нарийн цаг хугацаатай байх зайлшгүй шаардлагатай. Хуулийн салбарт цаг наргүй, тодорхойгүй нэг ч ажиллагаа байж болохгүй. Үүний нэг нь эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах, улмаар ял шийтгэх боломжит дээд хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголтоор илэрхийлдэг.

-Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа заавал байхын ач холбогдол юу вэ. Заримдаа их шүүмжлэл дагуулж байх юм?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн үнэт зүйлсийн нэг юм. Эрүүгийн эрх зүйгээр жишээ татъя. Төрийг төлөөлдөг хууль хүчний байгууллагаас хүн хүч, техник хэрэгсэл, эрх мэдэл, эдийн засгийн давуу байдал зэрэг төрийн механизмуудыг ашиглах замаар хэн нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгадаг.

Ийм хүч тэнцвэргүй харилцаанд хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа иргэдийг цаг наргүй хэдэн жилээр шалгаж шаналган залхаан цээрлүүлэхгүй байх зорилгоор Эрүүгийн хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгснөөрөө хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн өндөр ач холбогдолтой. Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй бол бүх насаараа хэрэгт шалгагдаж байна гэх нэр зүүж хилээр зорчихгүй, ажилд орохгүй, өдөр бүр цагдаагийн байгууллагад цагаа бүртгүүлж, хуулийн байгууллагад дуудагдах, цагдан хоригдох зэргээр иргэнд маш их хүндрэл учирдаг тул энэ процесст ямар нэгэн хуулийн хязгаарлалт зайлшгүй шаардлагатай. Нэг ёсондоо хэрэгт шалгаж байгаа нэрээр хэт сунжирсан урт удаан хугацааны залхаан цээрлүүлэлтээс урьдчилан сэргийлж иргэнийг хамгаалсан хууль зүйн баталгаа юм. Хүний эрх, эрх чөлөөнөөс гадна өөр нэг ач холбогдол нь хууль шүүхийн байгууллагыг гэмт хэрэг илрүүлэх, шалгах үүрэгтээ хайнга назгай хандахгүй байх, гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлэх, тэдгээрийг хариуцлагажуулах үүднээс дэлхийн ихэнх улс оронд хөөн хэлэлцэх хугацааг түгээмэл хэрэглэдэг.

-Төрд иргэнийхээ гэм буруутай эсэхийг шалгах хугацаатай үүрэг өгч байна гэсэн үг үү?

-Тийм. Хуулийн байгууллага, албан тушаалтныг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Товчхондоо хугацаатай үүрэг өгч байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш бус тэнцвэргүй нөхцөлд явагддаг тул нөгөө талаас иргэний хувьд боломжит хугацаанд гэмт хэрэг үйлдсэн эсэхээ шалгуулах, гэм буруугийн асуудлаа шуурхай шийдвэрлүүлэх эрх олгож байна гэсэн үг.

Хэрэв эрүүгийн хэрэг шалгах хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй бол огт гэм буруугүй хүнийг ч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах нэрийдлээр урт хугацаанд, магадгүй бүх насаар нь залхаан цээрлүүлэх байдлаар эрүүдэн шүүхийг зөвшөөрнө гэсэн үг.

-Олон нийтийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшуулдаг гэсэн шүүмжлэл их өрнөдөг шүү дээ?

-Ял завших болон хөөн хэлэлцэх хугацаа дуусах нь хууль зүйн агуулга, ач холбогдлын хувьд тэс өөр ойлголт. Ял завших гэдэг нь хууль бусаар төрийн албан хаагчид нөлөөлөх замаар эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, мултрах тухай ойлголт бол хөөн хэлэлцэх хугацаа нь иргэнд хуулиар зөвшөөрөгдсөн боломж юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь нэг талаар төрийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг шуурхай болгож хариуцлагажуулах, нөгөө талаар иргэний хувьд шалгагдаж буй хэргээ боломжит хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг илэрхийлсэн ойлголт юм. Тиймээс тодорхой хугацаанд шалгагдаад гэм буруу нь тогтоогдоогүй бол хэрэгсэхгүй болгуулах нь иргэний хууль ёсны эрх.

Хөөн хэлэлцэх хугацаа нь мөрдөн байцаалтын шатанд дуусгавар болбол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шууд зогсоох үндэслэл болдог. Энэ тохиолдолд шалгагдаж байгаа иргэний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй юм. Мөрдөгч, прокурор нь гэм буруутай эсэхийг шийдвэрлэх эрхтэй этгээд биш. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн суурь зарчим байдаг. Тиймээс шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын шатанд хэн нэгнийг гэм буруутай эсэх асуудлаар мөрдөгч, прокурор нь дүгнэх эрхгүй. Гэм бурууг эцэслэн шийдвэрлэдэг эрх нь гагцхүү шүүхэд хадгалагддаг. Шүүхийн өмнөх шатанд хугацаагүй шалгагдахаас урьдчилан сэргийлж хууль тогтоогчид хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулдаг.

-Саяхан Үндсэн хуулийн Цэц дээр Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж эцэслэн шийдвэрлэсэн талаар тайлбарлахгүй юу?

-УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргүүдийг сэргээн шалгах хууль баталсан. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шүүх, хуулийн байгууллагаар нэгэнт эцэслэн шийдвэрлэгдэж дууссан хэргийг архиваас авчирч сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэл оногдуулахыг хуулийн байгууллагуудад үүрэгжүүлж тулгасан хууль байсан учраас иргэний үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчсөн дэлхийн жишигт байхгүй муу хууль болсон. Энэ нь Монгол Улсын парламентат ёсны төлөвшил, ардчилал хүний эрх, эрх чөлөөний дархлаа ямар сул байгааг харуулж байна. Ер нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, тэр дундаа яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэхийг үүрэгжүүлсэн хууль Монгол Улсад урьд хожид байгаагүй. Дэлхий нийтэд ч олон улсын эрх зүйн зарчим, гэрээгээр хориглосон байдаг. Хуучин коммунист улсуудад Эрүүгийн хуулийг дордуулж буцаан хэрэглэсэн цөөн жишээ бий. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд Эрүүгийн хуулийг дордуулах замаар буцаан хэрэглэхийг хүлээн зөвшөөрөгддөггүй шалтгаан нь хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт дахин шүүж, дахин ял шийтгэж хэлмэгдүүлж хохироохгүй байх зорилгоос үүдэлтэй. Эрүүгийн хуулийг буцаагаад хэрэглэвэл хэрэг хэзээ ч хуучрахгүйн зэрэгцээ “Хүн нь олдвол хэрэг нь олдох” байдлаар хүссэн хүндээ эрүүгийн хэрэг үүсгэх аюултай. Энэ бол иргэнийхээ эсрэг парламент нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Үндсэн хуулийн Цэцээс уг хуулийг хүчингүй болгосон. Гэвч хууль үйлчлэх хугацаанд Үндсэн хууль зөрчсөн хуулиар хэсэг хугацаанд иргэдэд ял өгчихсөн. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу тухайн хэргүүдийг шинээр илрүүлж дахин шийдвэрлэх үндэслэл бүрдсэн.

-Манай улсын хууль тогтоох байгууллагаас хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар бодлого баримталдаг вэ?

-Монгол Улсад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оныг хүртэл Улсын дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл, харин 2017 оноос анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл, харин 2020 оноос яллагдагчаар татагдах хүртэл тоолдог болов. Хуулийн бодлого боловсруулагчийн түвшинд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг улам чангаруулж яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоодог болсон. Энэ нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Эрүүгийн хуульд оруулсан яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг зохицуулалт нь уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралтай юм. Үүнээс өмнөх үйлдлийн хувьд тухайн үеийн хуулиар яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай.

Гэтэл манай зарим мөрдөгч, прокурорын хуулийн мэргэжлийн мэдлэг дутмагаас шалтгаалж яллагдагчаар татагдсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно гэсэн буруу ойлголт нийтлэг байдаг. Үнэндээ 2020 оноос хойш үйлдлийн тухайд л яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоохоор хуульчилсныг анзаардаггүй. Түүнчлэн заавал шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоолгосны эцэст хөөн хэлэлцэх хугацааг шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа нь ажиглагддаг. Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ч ажиллагаа явуулахыг шууд хориглосон зохицуулалттай.

-Одоо хуулийн байгууллагуудад хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэр үндэслэлтэй хэрэглэж байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол мөрдөн байцаалт, шүүхийн аль ч шатанд эрүүгийн хэргийг шууд хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журам, хугацаагаар хязгаарлагддаг нарийн төвөгтэй процесс юм. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлахыг хориглодог. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт мөрдөн байцаалт явуулах, эсхүл шүүхээс ял шийтгэх нь хууль дээдлэх зарчмыг шууд зөрчих төдийгүй иргэний халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрхэд халдаж байгаа хэрэг юм.

Ер нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихөөд байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгаад байвал үүнийг эрүүдэн шүүх нэг хэлбэр гэж үздэг. Тухайн хэргээ хуульд заасан хугацаанд нотолж, эсхүл цагаатгаж чадахгүй атлаа хугацаагүй, цаг наргүй шалгаад байж болохгүй.

-Энэ тохиолдолд эрхээ яаж хамгаалах боломжтой вэ?

-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй иргэнийг тодорхойгүй хугацаагаар хэрэгт холбогдуулан шалгаж, залхаан цээрлүүлж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт иргэнийг үргэлжлүүлэн шалгах нь хууль зөрчиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль бусаар мөрдөж шалгаж хэлмэгдүүлэх үндэслэлийг бий болгодог. Мөн эрүүгийн хэрэг шалгах ажиллагаа аливаа хязгаарлалтгүй, дур зоргын шинжтэй байж болохгүй. Иймд иргэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан хэрэгт холбогдуулан илэрхий үндэслэлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бол тухайн буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль бусаар шалгагдсан нөхөн төлбөр авах, хохирлоо нэхэмжлэх зэргээр эрхээ хамгаалах нь зүйтэй. Тухайн иргэнд холбогдох үйлдэл хэрэгсэхгүй боллоо гээд гомдол гаргахгүй орхигдуулах нь хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр юм. Зарим тохиолдолд тухайн шалгагдаж байгаа гэмт хэрэгт шүүхээр орж ял шийтгэл эдлээд дуусах хугацаанаас ч удаан хугацаа өнгөрчихөөд байхад цаг наргүй шалгаад л байдаг. Бүр таван жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэгт 10 жил өнгөрчихөөд байхад ч шалгаж байгаа тохиолдол байсаар байна. Энэ нь иргэнийг залхаан цээрлүүлж эрүүдэн шүүж байгаа хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин