Монголын уншигч хүүхдүүдийн гар дээр нэгэн шинэ ном хүрч байна. Дэлхийн анхны эмэгтэй Нобелийн шагналтан Шведийн алдарт зохиолч Сельма Лагерлёфын “Галуу дагасан гайхамшигт аян” зохиолыг Хүүхдийн төв номын сангаас хоёрдахь орчуулга, гуравдахь удаагийн хэвлэлтээр шинэчлэн хэвлүүлжээ. Дэлхийн олон хэлээр хэвлэгдэн гарсан үнэ цэнэтэй гайхамшигт зохиолыг монголын уншигч хүүхдүүдийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлж, Бээжин дэх Шведийн ЭСЯ, Орифлэйм Монголия, Эпирок Монголия, Сэндвик Монголия компаниуд ивээн тэтгэсэн байна. Танин мэдэхүйн болоод хүмүүжлийн өндөр ач холбогдолтой энэхүү номын нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
“Галуу дагасан гайхамшиг аян” номын зургуудыг зураач Г.Мөнхжаргал зурж амилуулан, хүүхдийн зохиолч О.Сундуйн шүлэг, гавьяат багш С.Батболдын аяар номын дуу бүтэж, номын ертөнц шинэ хөгөөр баяжжээ. Хүүхдийн төв номын сангаас гар зургийн уралдаан зарласан байна. Уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирүүлснээс сурагч С.Эрдэнэ-Орчлон, Д.Азжаргал, З.Эмүжин нар эхний гурван байрт шалгарсан бол сурагч С.Мишээл, Б.Хонгорцэцэг нар тусгай шагнал хүртлээ.
Хүүхэд багачуудад амьд байгальтай зөв харьцах, байгалийн сонин сайхныг мэдэж ойлгохын хэрээр байгаль амьтныг хайрлах, хамгаалах ёстойг зүй тогтлын агуулгаар тайлбарлан, танин мэдэхүйн болон сургамжит санаагаар баяжуулан бичсэн энэхүү гайхамшигт ном ЕБС-иудын номын сангуудад тараагдаж байна. Хүүхдүүд та бүхнийг бяцхан Нильс хүүтэй хамт олон гайхамшигт зүйлстэй учирч, баатарлаг үйлс бүтээж, хамт аялахыг урьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна