• Эхлэл
  • Шүүгч Д.Доржсүрэн татгалзсан тул Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Шүүгч Д.Доржсүрэн татгалзсан тул Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

2022/05/12

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Найдангын Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч илтгэгч шүүгч Д.Доржсүрэн өөрөө хэргээс татгалзан гарсан тул шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Шүүх хурлын товыг шүүх бүрэлдхүүнийг дахин бүрдүүлсний дараа товлох юм байна. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар "Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан", мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.

Шүүх хуралдааны өмнө Хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг "Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Харин шүүгчид хараат бусаар хэрийг шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон" хэмээн мэдээлсэн. 

Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров энэ талаар "Н.Түвшинбаярын зүгээс шүүхэд нөлөөлөх гэж оролдсон, үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл худал. Энэ буруу, зөрүү мэдээллийг залруулах нь зүйтэй. Н.Түвшинбаярын зүгээс шүүхэд нөлөөлөх ямар ч оролдого хийгээгүй, хийхчгүй" хэмээн хэллээ. 

Шүүх хуралдаанд хохирогчийн талаас 10 гэрч оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд 9 хүн ирсэн байна. 

Дашрамд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулах, хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин