Төрийг хазаарлахуй

2023/04/20

Төрийн соёрхолт Д.Сосорбарамын нийтлэлийг хүргэж байна. 

Хямгагүй, хазааргүй төр нь өөртөө өмч төвлөрүүлэн цүнх баригчдаар хүрээлүүлж тэднээрээ өөрсдийгөө өөгшүүлдэг. Хямгагүй байх шалтгаан нь татвар төлөгчид болон байгалийн баялгаас орж ирсэн орлогыг үрэн таран хийнгээ эрх мядагтнууд өөрсдөө цулайх зорилго. Бас гадны буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгон дээрэмддэг. Хөнгөлөлттэй зээлийг, элдэв олон санг дарга нар танил талаараа дамжуулан хувьдаа завшин хялбархан мөнгөжих хэрэгсэл болгодог. ЖДҮ, Хөгжлийн банк, Эрдэнэт, Нүүрс, Төмөр замын, Янзан бүрийн төсөл юу болж байгааг хар! Дээрх явдал суудал төр хазааргүй байгаагийн гамшиг.

Төрийн данхар бүтцийг нурааж, маш цомхон бүтэцтэй болгож, засгийн мэдлийн өмчийг нээлтэй ил тод хувьчлах, бизнесийн явцыг татварын дарамтгүй болгох, банкны чөлөөт систем бүрдүүлэх,цаасан мөнгө хэвлэхийг таслан зогсоох, эдийн засагт засаг хөндлөнгөөс оролцохыг хориглох…

Засаг: 

  1. Хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалах сэргийлэхтэй болох,
  2. Хувийн өмчийг дээрэм тонуулаас өмгөөлөх хараат бус,ёс зүйт шүүхтэй байх,
  3. Гадна дотнын буруу халдлага үйлдлээс үндэстнээ аврах батлан хамгаалал энэ 3 л засаг төрийн үндсэн үүрэг. Ингэж байж л төрийг хазаарлана. 

Хувь хүнийг төрийн дарангуйлал, харгислалаас хамгаалах гэж л үнсэн хууль оршдог. Үндсэн хууль нь дуртай үедээ засаж, дургүйгээ хүрэхээр ноолдог эрх мэдэлтэнд олгосон ямба биш. Төрийг хазаарлаагүй цагт хаашаа л бол хаашаа, сүрдүүлэг хийн айдсаар удирдах арга галбир руу галгиулна. Тийм учраас төрийг хазаарламуй.

Хазаар хямга гэдэг нь эмх цэгцтэй саруул сэтгэлгээ, эрүүл ухаантай байх үндэслэл. Элдэв хэрэгт орооцолдсоноосоо болоод өршөөл хайгсад олшрох янзтай болоод явчихлаа. Аврал хүмүүнд өөрт нь бий. Буг, бурхан ч хүний дотор байдаг араншин. Ааш авираас мөн чанар илэрнэ. Зөв хүнээс саруул сэтгэлгээ цацарна. Буруу сэдлээс бохир бүхэн асгарна. Үнэн зөв ёс зүй, учир зүй, гоо зүй ертөнцийг тунгалаг байлгах гольдирол. Тун ч их мэдлэг бодит мэдээлэлтэй байж гэмээнэ саруул сэтгэлгээ ундарч эрүүл хандлага бэхжинэ.

Өршөөлийг өөр газраас хайх биш өөрөөсөө ол! Өөр хаанаас ч уучлал ирэхгүй. Төр, сүлд хоёр ямар ч өршөөл хэнд ч үзүүлэхгүй. Өршөөл ирэхдээ тултал буруу зангаруу битгий орж бай. Төрийн сүлд бол хэн нэгний зурсан зураг. Төр нь эрх чөлөөг боож дарангуйлах эрх бүхий хүнд суртал. Тийм учраас хүн төрөлтөн төрийн харгислалаас өөрийгөө хамгаалах гэж үндсэн хуулийг эрэмбэлэн цогцлоодог. Харин төрийнхөн нь үндсэн хуулийг эрх мэдэлтэнд олгосон бэлэг сэлт мэт андуурч хадуураад дураараа авирлаж засаглалын хямрал үүсгэж үймээн самуун дэгдэх нөхцөлд хүргэдэг.

Төр, төрийн сүлд хоёр өршөөлийн газар биш харин харгислал дарангуйллын зэвсэг болой. Төрийг, түүний нэрээр гул баригсдаар харгислал үйлдүүлэхгүйн тулд төрийг хязгаарлан хазаарламуй.

Хазааргүй морь унаж яваа эзнээ яаж ч мэдэхийн адил хямгагүй, хязгаарлалгүй төр хүнийг алж хяддаг. Төрийнхөн дээрэмчин, тонуулчин, алуурчин болдог. Хүн өөрийнхөө сүр сүлдийг дээдлэх нь л аминд өлзийтэй бөлгөө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин