• Эхлэл
  • МАН тойрогтоо дахин очихоос “айж” байгаагаа Л.Оюун-Эрдэнэд учирлажээ

МАН тойрогтоо дахин очихоос “айж” байгаагаа Л.Оюун-Эрдэнэд учирлажээ

2023/05/23

МАН-ынхан тойрогтоо дахин очихоос “айж” байгаагаа Л.Оюун-Эрдэнэд учирлаж, Ж.Гүррагчаа тэргүүтэй 11 гишүүн ҮХНӨ-ийг эсэргүүцжээ

 

 УИХ ирэх долдугаар сарын 01-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах учиртай. УИХ-ын гишүүд саяхан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даалгавраар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойргууддаа сурталчилж, иргэдэд гишүүдийн тоог 152 болгох талаар дуулгасан биш ам руугаа алгадуулсан гэхэд болно.

Учир нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар нүүрсний хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй учир УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Тэднээс гадна өөрсдийнх нь хэлснээр, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд зэрэг УИХ-ын гишүүн болон УИХ-ын гишүүн бус 17 “Унтаж буй баавгай”-г АТГ нүүрсний хулгайчаар нэрлэж, шүүх Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 27 дахь (2023.05.23) өдрөө шүүж буй энэ үед Боловсролын зээлийн сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хүүхдүүд, хамаарал бүхий хүмүүстэй холбоотой дуулиан олон нийтийн бухимдлыг бүр ч гааруулаад байна. Тиймээс УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэд “Хулгайчдын тоог 152 болгож нэмэхгүй. Тэднийг бидний татварын мөнгөөр тэжээдэг шүү” хэмээн хатуухан хэлж, ажлын байр, ядуурлыг бууруулах, цалин, тэтгэвэр нэмэх тухай асуултуудаар булж эргээд тойрогтоо очихоос халширч айтал нь хатуу үгээр буулгажээ.

УИХ-д үнэмлэхүй олонхи МАН-д улс төрийн уур амьсгал ямар байна вэ. Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн асан, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй төрд өндөр албан тушаал хашиж явсан 11 ахмад гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж, УИХ-ын гишүүд өчигдөр (2023.05.22) болсон МАН-ын бүлгийн хурал дээр “Одоо тойрогтоо очоод “МАН, АН, ХҮН-ынхан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох талаар санал нэгдлээ” гэдгээс өөр юу хэлэх юм бэ” хэмээн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нараас асуужээ. Энэ үеэр Ерөнхий сайдын хувьд, тоймтой байр суурь илэрхийлээгүй.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Болгоно оо, бүтээнэ ээ” гэх утга бүхий үг хэлж, намынхаа гишүүдэд “массаж” хийсэн аж. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн “Гадаахь уур амьсгал эвгүй болж эхэллээ. “УИХ тар” гэсэн акци цаашид ч хүчтэй өрнөх нь. Хулгайтай тэмцэх нь зөв. Гэвч шударга ёсны төлөөх гэх энэ тэмцлийн буулга нь МАН-д, тэр дундаа УИХ дахь бүлгийн гишүүд дээр тун ширүүн бууж байна шүү. Жоомоо алах гээд гэрээ шатаах вий” хэмээн байр сууриа илэрхийлжээ.  

Эх сурвалж: С.Бат

analiz.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин