• Эхлэл
  • Сэргэлэн багачуудын өргөө Сэлэнгийн IV цэцэрлэг

Сэргэлэн багачуудын өргөө Сэлэнгийн IV цэцэрлэг

2023/05/26

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

 

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ

Гадаа ганц нэгхэн бороо дусалж, зун цаг айлчлан ирснээ тунхаглах шиг өнгийн цэцэгс дэлбээгээ нээж, Монгол Улсын хоймор нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын өнгө үзэмж тун ч сайхан байв. Хааяа нэг хөтлөлцөн алхах хос залуус. Бяцхан үрээ салхилуулан зогсох залуухан ээж, хичээлдээ яаран гүйх бяцхан сурагчдаас эхлээд сэлэнгэчүүдийн амьдрал завгүй өрнөнө. Сүхбаатар хот жилээс жилд цэцэглэн хөгжиж, хүн амынх нь дийлэнх хувийг идэр насны залуус эзлэх болжээ. Тэдний үргэлжлэл болсон бяцхан сэлэнгэчүүд ч төрөлх нутагтаа айх айдасгүй, аз жаргалтайгаар амьдарч байна. Харин тэдэнд сургуулийн өмнөх боловсролыг олгож, хөгжүүлж, бяцхан зүрхэнд нь хайр, дурсамж үлдээж буй үлгэр жишээ хамт олон бол улсын тэргүүний IV цэцэрлэгийнхэн юм. Хурууг минь булцгархан гараараа чангаас чанга атгаж, өөдөөс минь гэнэн томоогүй харцаар цоо ширтэх тэр гэгээхэн нүд. Хамаг ганган хувцсаа өмсчихөөд ардын дуугаа дуулж, монгол бүжгээ бүжин зогсох нь дэндүү өхөөрдөм ажээ. Ирээдүйн сэлэнгэчүүдийг хүмүүжүүлж буй IV цэцэрлэг нь 1944 онд анх 25 хүүхэдтэйгээр ажилчдын хүүхэд авах журмаар байгуулсан, аймгийн ууган цэцэрлэгийн нэг юм. 1983 онд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг болж өргөжсөн бол 2018 онд өргөтгөл хийж, томруулсан байна. Энэ үеэс тасралтгүй үйл ажиллагаа явуулж өдгөө 270 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай болжээ. Ингээд 1997 онд ажил туршлага, сурган хүмүүжүүлэх арга барилаараа тэргүүлж, улсын тэргүүний цэцэрлэг болсон байна. Одоогоор тус цэцэрлэг есөн бүлэг, 34 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм ....

Магадгүй та ч гэсэн эргээд хүүхэд насандаа очихсон гэж нэг бус удаа бодож байсан нь лавтай. Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн гэгээн, цайлган, хэзээ ч мартагдамгүй нандин үе. Улсын тэргүүний IV цэцэрлэг нь монгол ёс заншил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх том зорилготой. Энэ хичээл зүтгэлийг нь үнэлж, Засгийн газраас аймаг, сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаснаар Монголын ард түмний олон зуун жил уламжлан ирсэн соёлыг хүүхэд багачуудад зааж, хүмүүжүүлэхэд нь зориулж 15 сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Цэцэрлэгийн хамт олон энэ мөнгөөр таван ханатай өргөө цагаан гэр ангийг цэцэрлэгийн хашаандаа барьж тохижуулсан байв. Гэрийн гадаа авьяаслаг багш нар нь бүжгээ бүжиглэж, гэрт бэлтгэл ангийн бяцхан хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж биднийг угтав. Гэрийн доторхыг ажиглавал хойморт нь алаг мэлхий өрж, хажууд нь эмээл хазаар тэргүүтнийг өлгөжээ. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн домбо, модон аягыг тавьсан байв. Бяцхан хүүхдүүд энэ өргөөндөө хичээллэснээр монголчуудын ахуйн соёл, уламжлалтай танилцдаг тухай IV цэцэрлэгийн эрхлэгч Д.Баяржаргал онцолж байсан юм. Тэрбээр “Бид энэ өргөөндөө дээлтэй монгол, цагаан сар, эрийн гурван наадам гэсэн үйл ажиллагаа явуулдаг. Багш сурган хүмүүжүүлэгч бидний хувьд хүүхэд багачууддаа энэ уламжлалт ёс заншлаа зааж , сургаж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.   

IV цэцэрлэгийн эрхлэгч Д.Баяржаргал

НЭГ АНГИ 25 ХҮҮХЭДТЭЙ

Багш Б.Саруулчимэг

Тус цэцэрлэгийн багш Б.Саруулчимэг “Би 1990 оноос хойш энэ цэцэрлэгтээ ажиллаж байна. Манай цэцэрлэгийн гол онцлог нь  монгол уламжлал дээр тулгуурласан гэж ойлгож болно. Хүүхдүүд маань ч чөлөөт цагаараа морь уралдуулж, алаг мэлхий өрөх уламжлалт тоглоомоор наадах дуртай. Би бэлтгэл бүлгийн багшаар ажиллаж байна. Хүүхдүүдээ сургуульд ороод онц сурахаас илүү нэг нэгэндээ тусалдаг, бусадтай эвтэй хүн болоосой гэж хүсдэг” гэсэн юм. Сүхбаатар хотод одоогоор есөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тиймээс Сүхбаатар хотын хэмжээнд хаалганы цаана үлдэж буй хүүхэд байхгүй гэж Б.Саруулчимэг багш онцолж байсан юм. Харин Сэлэнгэ аймгийн хэмжээнд 36 цэцэрлэг байгаа ажээ. IV цэцэрлэгийн хувьд нэг ангид 25-аас илүү хүүхэд авдаггүй. Анги дүүргэлт хэтэрхий их биш учир бяцхан багачууд ая тухтай орчинд өсөж, хүмүүжиж байна. Таван настай н.Намхай, н.Мөнхсар хоёр нэг ангийн найзууд. Тэд бүх зүйлийг хамт хийж, нэг нэгэндээ тусалдаг тухай ангийн багш нь ярьж байлаа. Мөнхсар “Би цэцэрлэгт явах дуртай. Өглөө ирээд Намхай найзтайгаа морь уралдуулж тоглодог. Миний морь үргэлж хурдан давхидаг. Багш маань үргэлж бидэнд найзуудтайгаа эвтэй тоглоорой” гэж захьдаг гэсэн юм. Ийнхүү сэргэлэн багачуудын өргөө Сэлэнгийн IV цэцэрлэгээр зочлоод гарахад өхөөрдөм жаахан хүүхдүүд жижигхэн гараараа даллан, сайн явахыг ерөөгөөд үлдэв.

Таван настай Намхай, Мөнхсар хоёр нэг ангийн найзууд. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин