30 жил, 36500 хоног... Хагас жаран жил. Төмөр замын буйдхан өртөөний эгэл борог амьдралтай ахан дүүс хамтлаг байгуулах гэж шийдэн, магадгүй учраа олохгүй, сандран, өөрсдөдөө итгэх аргагүй бэрхшээлийг даван туулах гэж зориглон байсан өдрөөс хойш хагас жаран өнгөрсөн гэсэн үг.
Хагас жаран жил гэдэг их түүхийн хувьд багахан мэт боловч нэгэн дор зангилагдсан хамт олон хамтлагийн хувьд маш урт, бахдам хугацаа. Уран бүтээлээ хийж байгаад зогссон, хэсэг зуур зогсонги байдалд орсон, бүр тарж бутарсан хамтлагуудын дэргэд бол жарнаас их хугацаа, уран бүтээл төрөх, “амьд” байх цаг тоолол өөр байдаг учраас...
Нэгэнтээ манай рок попын нэг атаман “Хамтлаг гэдэг хамтаараа лаг байхыг хэлнэ” гэж хэлсэнчлэн хамтлаг нэгэн бие болон зангилагдаж, хагас жарныг туулахад юу эс тохиолдох билээ. Тэр тусмаа уран бүтээлийн хувьд бараг л завсарлага аваагүй гэхээр энэ бол домог юм. Нэг дуу дуулаад л од болдог заримуудын дэргэд түүхэн домог юм.
Дуулсан, уйлсан, омогшсон, дэвэрсэн, цөхөрсөн, тэсэрсэн... бүх түүх энд буй. Энэхүү хагас жарныг зөвхөн тоогоор илэрхийлэхэд тэд 33 удаагийн бүрэн хэмжээний /бүрэн хэмжээний шүү дээ/ тоглолт хийж, 117 видео клип бүтээж, 18 CD гаргажээ. 117 клип... Нэг клип гаргах гэж ямар нүсэр ажил болдгийг уран бүтээлчид бүү хэл энгийн сонсогч, үзэгчид ч гадарлах биз. Басхүү 249 дуу бүтээсний хэд хичнээн нь ХИТ болсныг тоолоход хэцүү. Яагаад гэвэл хэтэрхий олон ХИТ-тэй болохоор
Энэ бүхний нууц юундаа байсан гэвэл Д.Отгонбаярын хэлсэнчлэн “Энэ 30 жилийн турш бид нэг ч өдөр уран бүтээлээсээ хөндийрөөгүй, 30 жилийн турш өдөр болгон энэ өдрийн төлөө хичээж байсан шүү” гэсэн үг илэрхийлэл нь болохоор.
Ах дүү тав ба хоёр Наранбаатар
“Хурд”-ын ахан дүүс, тэдний дүү нарын “Чоно” хамтлагийнхны тухай та бид бүгд мэднэ. Нэгэнтээ шорвог амтай “Буян” Жагаа “Та нар нийлээд “Хурдан чоно” гэдэг хамтлаг байгуулчихаач” гэж даапаалж байсныг бодоход үнэхээр дийлдэшгүй ах дүүс болох нь тодорхой байгаа биз. Би л хувьдаа удмын төрмөл авьяас юм даа гэж боддог, бас ийм авьяаслаг хөвгүүд өсгөж бойжуулсан ээж, ааваар нь бахархдаг. Ерөөсөө байгалийн төрмөл авьяас гэдэг хүсээд ч олддоггүй тавилан. Хамтлагийн долоон гишүүний тав нь ах дүүс.
Том ах Д.Ганбаяр мэдээж хамтлагийнхнаа “базна”. Алдарт “Цэргийн бодол”-ын эзэн энгүүн, эелдэг, бас хошин зантай. Энд ч тэнд ч ажил амжуулж явдаг, микрофоны хөгжимгүй хэсэг буюу ярих хэсгийн нэлээдийг Д.Ганбаяр эзэмшдэг байсан бол сүүлийн үед Д.Отгонбаярт энэ үүрэг шилжжээ. Угаасаа ч микрофоны хөгжимгүй хэсэг буюу хөтлөлтийг үндсэндээ хариуцдаг Д.Отгонбаяр тайзыг хөдөлгөгч, хөгжөөгч, гал цогтой, доргио үгээрээ өдөөгч, басхүү арын албаны томоохон менежер.
Цогоо... Цогоо... Цогоо...
Ямар ч хамтлагийн гоцлол дуучин нь тэртэй тэргүй од нь байдаг бол Цогоо даруухан, чимээгүй, бүр дэндүү даруухан, амнаас нь ер нь цөөхөн үг унадаг болов уу? Түүний хоолой бол гайхамшиг. Дээшээ цойлох юм бол цойлоод л байдаг мөртлөө хэзээ ч хүчлэхгүй, хэзээ ч бардамнан хашгирахгүй, одоо л зогсох байхдаа гэтэл үргэлжлээд улам хүчийг аваад байдаг мөртлөө чихэнд нийцтэй “сонин” хоолойтой. Ерөөсөө л түүнд ямар ч илүүц маяг, чимэг, харгиа, нугалаа байхгүй. Нургиад л байдаг ЦОГ мэт үргэлжилнэ, бас гэнэт ПҮР хийн асна. Магадгүй яг л энэ илүү ч үгүй дутуу ч үгүй хоолойны бяраар биш зүрхний бядаар дуулдаг нь түүний цор ганц давтагдашгүй онцлог, хүмүүнийг ховсдон татдагийн нууц байдаг биз. Тиймдээ ч түүнээс рокийн архираан, “Зураг шиг бүсгүй” “Цэргийн бодол “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор” баллада уянга асгардаг, зэрэгцэн оршиж чаддаг байх.
Нааяа, Нарсар хэмээх тайзны нэрээр хоногшсон аргил болон ритм гитарчид хоёулаа Наранбаатар нэртэй бас сонирхолтой тавилан гэмээр. Хамгийн арын эгнээнд байдаг ч хамгийн бэст бөмбөрчин Д.Отгонбаатар бол зүгээр л гал, гал...
Тоглолтын сенсаци юу байв аа гэж үү?
Мэдээж тоглолт өөрөө сенсаци. Зөвхөн арын албанд 1000 гаруй хүн ажиллаж, 30 гаруй мянган хүн тоглолтыг үзсэн. Харин үзэгчид нүдэн багцаагаар 40 гаруй хүн цугласан гэлцэж байна лээ. Рок попынхны бүхий л төлөөллийг жагсааж, поп дива Б.Сараа, Т.Ариунаа, МУГЖ Ц.Энхманлай тэргүүтэй “Харанга”-ынхан, “Хар сарнай”, “Нисванис”, дуучин Т.Дэлгэрмөрөн тэргүүтэн рок попын мундгууд бултаараа хүндэтгэл үзүүлсэн халуун агшныг олон үгээр нуршихын оронд зүгээр л тоглолтын хөтөлбөрийг энд хавсаргачихья.
Харин нөгөө сошиалаар дэгддэг сенсацийн тухайд харьцангуй гайгүй, хог шорооны хэрүүл гарсангүй, тоглолтын дундуур хөөрхөн охид хөвгүүд том, том ууттай хог дамжилж гаргаж байгаа харагдсан. Ерөнхийдөө л “60, 70 80” аад оныхон даралтныхаа эмийг зэхэж, эвхдэг сандал, халуун савтай цайгаа зэхээд очсон тухай, рок дуун дээр хиймэл зүлгэн дээр хөлөө жийгээд сууж байсан тухай, “хөөрхөн” жижигхэн шүүмж, хошигнол дэгдсэн төдий. Хамгийн том “муу” сенсаци нь мэдээж Төрийн хүндэтгэлийн торгон цэргүүдийг тоглолтын тайзнаа жагсаасан гэсэн “зарчимч” шүүмжлэл. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэхчилэн... маш “ухаалаг” шүүмжлэл байна лээ. Бодвол тэнд жагсаахыг зөвшөөрсөн Төрийн ёслол хүндэтгэлийн албанд илүү “харьяалагдах” шүүмж биз ээ. Үндсэндээ тэгээд төр нь “доошоо орсон” уу, “Хурд”-ынхан хэтэрхий “аархсан” уу, ТӨР гэж яг юу сан билээ гэдэг нээлттэй маргаан хэвээрээ үлдэнэ биз.
“Хурд”-ын фенүүдийн хэтэрхий олон “өнгө”
Сошиалд хөөрхөн маргаан дэгдээдэг женерешний тухайд түүх, түүхээрээ үнэн, тээр 30 жилийн өмнө анхны хайраа амтлан байсан идэрчүүдийн уянга, цэл залуу насныхаа гал дөлөөр бадарсан цэргийн насныхны дурсамж, 20 гаруйхан настай ч “Зураг шиг бүсгүй”-г аялах дуртай залуус, рок хэмнэлд үсээ хаялан ертөнцийг огоордог, угаасаа бадарч дэврэх ёстой орчиндоо л онгирон орилох хүмүүсийг нас зүсээр нь ялгаад ч яалтай. Тэд нэгэн үдшийг цэнгэн өнгөрүүлж байна, тэнд хагас жарны турш бий болгосон фенүүд нь цугласан байна. Тэр өдөр 18 нас хүрч байсан өдгөө 50 ч хүрээгүй байгаа “залуус”-ын хувьд 30 жилийн ой бол жинхэнэ түүх, тэр үед 40 дөнгөж хүрч байсан идэр залуу өдгөө 70 настай идэрмэг эрс, намбалаг “охид” яагаад доргиж болохгүй гэж? 15, 16-хан настай фен охид хөвгүүд, 60 гаруйхан настай онгиргон фенүүд хамтдаа доргих нь харин ч хамгийн сонин содон бас гайхамшигтай агшин, амьдралын давтагдашгүй өнгө байсан шүү. Зүгээр л цэнгэлдэх дүүрэн цугласан энэ хүмүүсийн зургийг харчих.
Өмнө нь ч дэгддэг л байсан рок хамтлаг мөн бишийн тухай “бясалгал”, шогчлолоос “муу” сенсаци байхгүй шахам, сошиалчид “цахилгаан гитартай зохиолын дуучид” гэж чимхсэн төдий. Угаасаа “Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй бол хөнгөн бийр хөшихийн хэрэг юун” гэдэг шиг аялгуу эгшиг, уран бүтээл нь хүмүүний сэтгэлийг хөндөж, хоногшин ирсэнээс хойш хэн нэгэн түүнийг хэлэлцэх нь ч юу сан билээ. Коршок юм уу, саравчтай малгай духдуулж, жийнс, спорт гутал жийсэн cool 60 настнууд, “Хурд”-ын подволк- оор ижилсэн доргин бүжиглэн 50-тангууд, донжтой хэв маягтай 40-тонгууд, үсээ хаялан орчлонгоос тасран рокрох 20, 30 тангууд, гитар, гэрэлтдэг бөмбөлөг барьсан, дунд сургуулийн хүүхдүүд ... өнгө, өнгийн дүр зургууд тэнд байсан.
Яг л энэ дүр зургаас, тавхан настай охин үсээ хаялан “рокорч”, дунд сургуулийн охид хөвгүүд гар, гараа атган дэвхэрч, ахимаг насны рок хувцастай cool доргигчид, үсээ хаян сэгсэлзэх улаан рокеруудаас “Хурд”-ын өнгөрсөн хагас зууны бүтээсэн, ирэх жилүүдийнх нь хурдлах зам бэлээхнээ харагдах шиг.
Энэ л дүр зургаас, магадгүй та бид дахиад 30 жилийн дараа “Хурд” яг энэ магадгүй үүнээс гоё тайзнаа үсээ хаялан зогсохыг харах байх гэсэн сэтгэгдэл төрсөн. Яг л “Аясын салхи”-ын Энди шиг. Тэртээ хаалттай социализмын үед буюу 1984 онд НАХЯ-ны Улсын Цагдан Сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах газрын чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа “Аясын салхи” хамтлагийг байгуулж байсан Энди буюу Д.Энхтэгш “Хурд”-ын 30 жилийн ойн тайзнаа рокоо дуулаад зогсч л байна шүү дээ. Домог цаашаа байгаа биз.
ХИТ болсон дуунууд, тоглолтын зохион байгуулалт, “Хурд”-ын 30 жилд хүндэтгэл үзүүлсэн рок попын акулууд, үе, үеийнхний төлөөлөл, шинэ үеийн “цахиур”-уудын талаар энд нурших юун. Тоглолт үзсэн хүн болгоны сэтгэгдэл байж байгаа юм чинь. Тиймээс богинохон бичвэрийнхээ төгсгөлд шинэ мэдээлэл хүргэе.
30 жилийн түүхээ зурагласан нүсэр тоглолт хийсэн “Хурд”-ынхан амсхийх завдал авалгүйгээр хөдөө орон нутгийг зорих гэж байгаа гэнэ шүү. Тэд
06 сарын 16-нд Хархорин
06 сарын 18-нд Хөвсгөл
06 сарын 20-нд Сэлэнгэ
06 сарын 22-нд Дархан
06 сарын 24-нд Эрдэнэтэд тоглолтоо толилуулна. Хаана ч очсон халуун алга ташилтаар угтдаг тэдний хувьд ч, “Хурд” гэхээр цөс нь хөөрч, хөл нь хурдалдаг фенүүдийнх нь хувьд ч “Юун цагаан сар, юун наадам” гэдэг болох буй за. Амжилт, “Хурд”-ынхаан, хурдлаарай гэж хөдөөгийнхөн чинь хүлээж байгаа шүү.
А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна