• Эхлэл
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг мөнгөжүүлнэ

Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг мөнгөжүүлнэ

2023/06/19

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.06.19/ хуралдаанаараа Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн, яаралтай батлах нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ.


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийн талаар орон даяар танилцуулж, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, ажил олгогчид, сайн дурын даатгуулагчид гээд нийгмийн бүх төлөөлөл болон. 30 орчим мянган иргэдээс санал авч, багцалсан.

Монгол Улсын 223 мянга орчим малчдын 20 гаруй хувь НДШ төлдөг. Хамрагдалт бага. Хэрвээ малчин өөрөө НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх юм бол төрөөс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалт оруулсан. Нэг талдаа сангийн бүрдүүлэлтийг дэмжих, олон тооны малчин иргэнийн ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах суурь заалт оруулсан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, жил бүр тэтгэврийг инфляцтай уяж, нэмэх асуудлыг тусгасан. 2023 оны төсвийн тодотголд 10 жилийн дараа үнийн өсөлттэй уялдуулж итгэлцүүрийг шинэчлэн баталсан. Тэтгэврийн зөрүүг арилгах гэдэг том ажил хийлээ. Нийтдээ 200 орчим тэрбум төгрөг зарцуулна.

Жил болгон итгэлцүүр батлаад инфляцтай уялдуулж, тэтгэврээ нэмэгдүүлбэл тэтгэврийн зөрүү үүсэхгүй. Жил бүр Засгийн газар итгэлцүүр тогтооно. УИХ төсөв батлахдаа тэтгэврийг инфляцтай уялдуулж батална.

Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн  17 хувиас 2 хувийг мөнгөжүүлнэ. Одоогийн тогтолцоогоор НДШ-ийг буцаагаад шууд тэтгэвэр олгоход зарцуулдаг.  Иргэд “миний нэрийн дансанд хэдэн төгрөг байна вэ” гэж асуудаг.  Ирэх оноос эхлээд шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн 2 хувь мөнгөжинө. Төсвийн орлого нэмэгдэх тусам энэхүү 2 хувь нь  4 хувь, 6 хувь болж нэмэгдэнэ. Нэрийн дансан дээр мөнгөжих тогтолцоо руу явж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоотой болохооор хуулийн төсөл боловсруулж байна. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-аар хэлэлцэнэ. Иргэдийн тэтгэвэр, баялгийн хуваарилалтаас хуримтлал үүссэнээр иргэд нэн шаардлагатай буюу ипотекийн зээлийн урьдчилгаа зэрэг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна.

Сингапур улсын хуримтлалын сангийн зөвлөхүүд ирсэн, ажиллаж байна. Энэ нь БНСУ, Сингапурт тогтсон тогтолцоо юм.

Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлнэ. Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах бололцоог бүрдүүлнэ.  Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бий болгож, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлттэй, санхүүгийн зах зээл дээр орж ажиллах бололцоог нээж өгч байгаа. Хаврын чуулганаар багц хууль батлагдаж байж, эдгээр зохицуулалт 2024 оноос хэрэгжих боломж бүрдэнэ.

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд шимтгэлийн хэмжээг нэмээгүй.  Хоёр хувийг мөнгөжүүлнэ гэж байгаа боловч жилдээ 369 тэрбум төгрөгийг тэтгэвэрт тавихгүйгээр мөнгөн хэлбэрээр хадгална. Тэр хэрээр төсвөөс НДШ-рүү татаас олгоно гэсэн үг. Түүний тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх ёстой.

2023 оны төсвийн тодотголоор хагас жилдээ 1 их наяд төгрөгөөр, ирэх жилээс 2 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа.  Сангийн орлого уялдаатайгаар нэмэгдэнэ гэсэн үг.

Сангийн яамтай энэ асуудлыг хэлэлцээд тэтгэврийн бүрэн хуримтлалын тогтолцоо руу аажмаар шилжих алхам хийх нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор НДС-ийн мөнгөн хөрөнгийг арилжааны банк, Засгийн газрын бонд гэсэн цөөхөн хэрэгслүүдэд байршуулж байна. Дэлхий даяараа тэтгэврийн сангийн мөнгийг хаана байршуулах вэ гэдэгт хариуцлагатай ханддаг. Хамгийн өндөр зэрэглэлийн хамгийн сайн санхүүгийн хэрэгслүүрд байршуулдаг.

Эдийн засаг сайжраад ирэхээр санхүүгийн зах зээлд байршуулах боломжтой. Хувийн тэтгэврийн сангийн хувьд санхүүгийн хэрэгсэл рүү орж байршуулах болов уу. Дүрмийн санг нь 20 тэрбум төгрөг байхаар зааж өгсөн. Шаардлага өндөр байдаг. Банктай адилхан хүмүүс өөрийнхөө мөнгийг барйшуулдаг учраас хяналттай байх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

-20, 30 жил ажилласан хүн шимтгэлээ өвлүүлэх боломж ямар байна вэ. Үр хүүхдэд нь өвлүүлэх үү, ханьд нь уу. Мөн 2 хувийн мөнгөн хуримтлалыг ипотект ашиглах боломжтой гэсэн үү?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон зүйл заалт. Бэлтгэл ажил хангах ёстой юм байна лээ. Тухайн хүний нэрийн данс дээр орлого үүснэ. Ипотект хамрагдахад урьдчилгаа төлбөрт энийгээ барьцаалаад орон сууцтай болох боломж олгооч гэж иргэд хүсдэг учраас ингэж оруулж ирж байна. Хуримтлалын сангийн тогтолцоог бий болгоходоо ингэж оруулж ирж байгаа. Таны нэрэн дээр байгаа мөнгөжүүлсэн 2 хувь нэмэгдээд явна, дээр нь улсаас өгдөг ногдол ашиг байдаг юм уу нэгтгээд ипотекийн урьдчилгаа төлбөрт ашиглаж болохоор хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад боловсруулж байна.

Баялгаасаа орж ирж байгаа орлогынхоо хэдэн хувийг иргээдүйн өв санд хадгалах вэ, хэдэн хувийг стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулах вэ, хэдэн хувийг ипотекийн зээлд хамрагдахад зарцуулах вэ гэдэг хууль эрх зүйн орчныг боловсруулж байна. Ирэх намар УИХ-д холбогдох хуулийн төсөл өргөн баригдах болов уу.

УИХ-ын Нийгмийн бодлогоын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-10 жил хамт амьдарсан, нэг нь өөд болохын бол үлдэж байгаа хүнд нь тэтгэврийн 20 хувийг өгнө гэсэн зохицуулалт орсон. Үүнийг өвлүүлэхтэй андуураад байгаа.

НДС бол эв санааны зарчимд тулгуурласан хуваарилалтын сангийн тогтолцоотой гэхээсээ хувь хүн төлсөн хэмжээгээр ирээдүйн амьдралын баталгааг хангах зорилготой цуглуулдаг мөнгө. Тэтгэврийн хамтарсан зээлтэй байдаг. Нэг нь тэтгэврээ авахаа байхаар өдөр тутмын ачаалал нь нэг хүндээ хүндээр тусдаг учраас тэтгэврийн онцгой зохицуулалт оруулж өгсөн.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин