• Эхлэл
  • “Дэлхийн “TEDx” -ийн тайзан дээр өөрийнхөө түүхийг ярих зорилго маань удахгүй биелэнэ”

“Дэлхийн “TEDx” -ийн тайзан дээр өөрийнхөө түүхийг ярих зорилго маань удахгүй биелэнэ”

2023/06/30

 

Би хөгжлийн бэрхшээлтэй хүн биш гэж ярих энэ охинд дэлхийн 3 тэрбум хүнийг өөрчлөх хүсэл бий. Үндэсний үйлдвэрлэгч “Зэс” брэндийн үүсгэн байгуулагч, ээж, оюун ухааны дасгалжуулагч зэрэг олон ажлыг амжуулж яваа Ц.Зэс-Эрдэнэтэй уулзаж ярилцсанаа хүргэе ээ.  

 

       -Зэсээг хүүхэдтэй болоход маш олон  дагагч  нар нь халуун баяр хүргэсэн байсан. Ээж болох  тэр мэдрэмж ямар байсан  талаар хоёулаа яриагаа  эхлэе?

 

     - Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж... Төрөхийн орон дээр анх хүүхдээ хараад, дотроосоо өмөлзөөд уйлмаар ч юм сонин мэдрэмж  төрж  байсан.

       Амьдралыг  илүү томоор харж, энэ хүнийг яаж тэжээх вэ, боловсролд нь хэрхэн анхаарах вэ, гэх зэргээр  хариуцлага улам нэмэгдэж ертөнцийг харах үзэл маань маш их өөрчлөгдсөн.

 

      -Олон сайхан эгчтэй  болохоор хүүхэдээ асуудалгүй өсгөх  байхдаа  гэсэн бодол  хамгийн түрүүнд  төрж байлаа?

 

     -Тийм шүү. Олон сайхан эгчтэй хүн шүү дээ би чинь. Эгч нар маань намайг төрөхөд  газардуулаагүй. Жирэмсэний хожуу үеийн хордлого өгөөд, ханиадтай хавсраад, ханиахаар хүүхдийн  ус  багасаад хугацаанаасаа  долоо хоногийн өмнө  төрсөн.

       Сэтгэл санаа минь өөдрөг байсан болохоор нэг их ядраагүй.

 

“ГАВЬЯАТ ЭЭЖ” ГЭДЭГ ЦОЛ БАЙСАН БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭЭЖДЭЭ АВЧ ӨГНӨ

 

 

        -Саяхан ээжтэйгээ охинтойгоо  эгч нартайгаа монголын хамгийн том компанийн рекламанд тоглосон байсан. Гэр бүлээрээ бас охинтойгоо  тоглох сайхан дурсамж  үлдээсэн байх

 

      -“Говь” ХК-иас надад санал тавьж, “Дэлхийг бүүвэйлэх бүсгүй” нэртэй  “Март 8”-ны  коллекци ээж эгч охинтойгоо оролцохыг урьсан. Цээнийн цэцгийг бэлгэдэж гаргасан коллекци загвар байсан нь надад маш их таалагдсан. Мэдээж би ганцаараа биш болохоор ээж эгч нараасаа зөвшөөрөл аваад рекламны зураг авалтад оролцсон. “Говь” компани Монголын  том компани учраас  рекламанд нь  тоглоно гэдэг миний  хувьд нэр төрийн хэрэг байсан. 

 

         -Зэсээ  их олон эгчтэй юм билээ. Ээж ааваасаа  хэдүүлээ  вэ?

     -Бид эхээсээ тавуулаа. Нэг эрэгтэй, дөрвөн охинтой айл. Эцэг эх минь биднийг эрүүл саруул эрх дураараа эрх чөлөөтэй өсгөсөнд үргэлж талархаж явдаг. Ц.Сувд-Эрдэнэ, Ц.Зэс-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ гээд бид тавуулаа эрдэнэтэй нэртэй. Мөн бид тавуулаа  үндэсний, гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг.

       Ах маань Германд амьдардаг уран зураач хүн. Тэндээ уран бүтээлээ туурвиад, Дэлхийн 50 гаруй орны уран зураачдын тэмцээнд амжилттай оролцож, Гран при шагналыг нь хүртсэн.

       Одоо Европийн  холбоонд боловсролын соёлын элчээр ажилладаг. Манай  удамд ямарваа юманд бууж өгдөггүй дайчин чанар байдаг. Аав  ээж хоёр маань  хоёулаа тийм. Ц.Номин-Эрдэнэ эгч маань  “Номин” брэндтэй. Ц.Оюун-Эрдэнэ эгч “Номадик  фэйшн” гэдэг үндэсний болон европ хувцасны салонтой.

        Ц.Сувд-Эрдэнэ эгч үндэсний  гоёл  чимэглэл хийдэг “Сувана” гээд дэлгүүртэй. Хэрвээ “Гавьяат ээж” гэж цол  тэмдэг байдаг байсан бол миний ээж яах аргагүй авах ёстой хүмүүсийн нэг. Ер нь “Гавьяат малчин” гэж цол байдаг байж хүүхдүүдээ сайн сайхан өсгөсөн  ээжид  яагаад “Гавьяат  ээж”  гэж  цол өгч  болохгүй гэж. Бодох л асуудал.

 

      -Ээжийнхээ тухай манай уншигчдад ярьж өгөөч гэвэл юуг нь  илүү онцлох вэ?

    -Ээж маань бидэнтэй маш сайн ярилцдаг, залуу сэтгэлгээтэй өөдрөг сайхан эмэгтэй байдаг. Ямарч тохиолдолд үглэдэггүй, зөвхөн өөрөөрөө үлгэрлэдэг хүн. Чив чимээгүй өөрөө хийгээд л явна. Бидэнтэй маш сайн ярилцдаг. Ер нь л ухаанаараа өсгөхийг л  гол зарчмаа болгодог. Амьдралд ерөөсөө унаж сөхөрч шантарч, ухарч үзээгүй.

     Миний хүүхдүүд юу дуртайгаа хий гэдэг байсан нь биднийг ийм хүсэл тэмүүлэлтэй зорилготой болгосон байх. Намайг жаахан байхаас л миний  охин зүгээр болно  гэж ээж минь урам өгдөг байсан. Тиймдээ ч би юунд ч  бууж өгдөггүй өөдрөг байдаг байх.

 

 

"ӨӨРИЙГӨӨ БИ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН ГЭЖ БОДДОГГҮЙ"

 

         -Би өөрийгөө хөгжүүлээд явж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй  хүн  биш гэж ярихыг чинь сонсоод  ямар өөдрөг хэрсүү охин бэ гэж бодож байлаа? Хөгжлийн бэрхшээлтэй байтугай энгийн  хүмүүс ч  сэтгэл гутралд ороод  хэцүүдээд байгаа цаг үе  шүү дээ?

 

      -Тийм шүү. Чи ямар өөдрөг юм бэ гэж эрүүл хүмүүс над руу их ханддаг. Өөрийгөө би ерөөсөө ч хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Харин ч байж болох хэмжээнд нь тултал  хөгжүүлж яваа. Яг үнэндээ хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл хүний  оюун ухаанд л байдаг юм билээ.  Өөрийгөө голоод би яагаад ингэж төрсөн  юм бол гэж  сэтгэлээр  унах  үе надад байсан.

        Сэтгэлээр унаад, гуньж гутарна гэдэг эцсийн эцэст завтай л хүний ажил юм билээ. Одоо бол өөрийгөө хөгжүүлээд, бусдыг хөгжүүлэх гэж байгаа хүн чинь юун гуньж гутрах. Харин ч сөрөг бодлоо удирдаж сураад, сул талаа давуу тал болгосон. Одоо хийж байгаа оюуны дасгалжуулалтын  хөтөлбөр намайг өөрчилж надад их нөлөөлсөн. Ер нь хувь хүн өөр рүүгээ л өнгийх юм байна лээ. Таны  оюун  ухаан  зүгээр бол та хөгжих боломжтой. Үүнийг  би өөрөөрөө үлгэрлэж яваа. Цаашдаа энэ талаар ном бичих бодолтой байгаа.

 

        -Зэсээ  өөрийгөө бусдаас өөр гэдгийг хэдэн настайдаа мэдсэн бэ?

 

      -Цэцэрлэгт орохдоо л мэдсэн. Гэр бүлийнхэн  маань надад бусдаас өөр гэдэг мэдрэмжийг нэг ч  удаа төрүүлж байгаагүй. Ах, эгч маань надтай тоглож бүх  чадах  зүйлийг өөрөөр минь  хийлгэж, чадахгүй зүйлийг минь заагаад өгдөг байлаа. Би таван нас хүртэлээ явж, ярьж  чаддаггүй байсан. Нэгдүгээр хорооллын 112-дугаар цэцэрлэгт энгийн хүүхдүүдтэй явдаг байсан. Аав маань миний охины оюун санаа эрүүл  юм чинь энгийн хүүхдүүдтэй цэцэрлэгт оруулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт оруулахгүй гэж зүтгэсээр байгаад энгийн хүүхдүүдтэй цэцэрлэгт оруулж байсан.  

         Хаана л хамгийн сайн бариа засал, зүү төөнүүр  байна. Түүнд намайг явуулдаг. Бариа засал физик эмчилгээгээр босч ирсэн гэж хэлж болно. Аав минь хүүхдийн  их эмч. Мөн уламжлалтын  бариа заслын эмч. Намайг  хөл дээр минь босгосон  хүн гэвэл яах аргагүй аав минь. Би ер нь их азтай хүн. Ээж аав эгч ах, найз нөхөдтэй. Хөөрхөн  охинтой ч боллоо. Өдий  зэрэгтэй болох гэж би амьдралынхаа  бүхий л хугацааг  зарцуулсан. Амжилттай таван минутын төлөө 50  жил зарцуулсан гэж үг байдаг.

         Ээж минь хоёр ихэр хүүхэд  төрүүлснээс нэг нь төрөхийн хүндрэлээр өнгөрсөн. Харин би 1,6 кг дутуу төрсөн  юм билээ. Хөдөлгөөнөө удирддаг рефлекс байхгүй болохоор эрүүл хүн шиг хөдөлгөөнөө удирдаж чадахгүй. Тэр рефлексийг бий болгох гэж би 30 жил зарцуулсан. Өдөр болгоны дадал зуршлаар уйгагүй,  хичээдэг байсны хүчинд өдий зэрэгтэй байгаадаа би баярладаг. Өмнө нь бусдаас буруу хайдаг байсан үе надад их байсан. Харин жилийн өмнөөс оюун ухааны дасгалжуулагч  болсноос  хойш өөр рүүгээ өнгийж хардаг болсон.

 

        -Залууст зориулж хийдэг “Зэс” брэндийнх нь ажил хэр явцтай байгаа вэ?

 

     -Хүүхдээ төрүүлснээс хойш завгүй болоод түр зогссон. Брэндийнхээ загварыг өөрөө гаргана. Урагшаа материалаа захина гээд бүгдийг өөрөө хийгээд гүйдэг болохоор ажил их л дээ. Зураг лого маркетингаа ч өөрөө  хийдэг байсан. Гол ажлыг маань нугалдаг хүн маань гадагшаа явсан.

       Брэндээ гаргаад долоон жил болж байна. Ноднин 2022 оны Нийслэлийн шилдэг бизнес  эмэгтэй болж байсан. Сая өнгөрөгч цэргийн баяраар маш их хүн утасдаж  асуусан. Охиноо том болохоор үргэлжлүүлээд хийнэ гэж боддог.

 

 

 

        -Ээж болохоороо эмэгтэй хүн маш их зорилготой болдог. Цаашдаа юу хийж бүтээхийг зорьж байгаа вэ?

 

       -Тэр үнэн  юм билээ. Урьд нь зөвхөн өөртөө анхаардаг байсан бол одоо өөр нэг хүний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Хувь хүнийхээ хувьд би өөрийгөө гэрэлтүүлж чадсан гэж боддог. Цаашид Монголынхоо гурван сая хүнийг гэрэлтүүлнэ гэсэн зорилготой байгаа.

      Монголынхоо гурван сая хүнийг гэрэлтүүлсэний дараа, дэлхийн гурван тэрбум хүнийг гэрэлтүүлнэ. Нэг ч гэсэн хүнд урам зориг өгье. Тэгэхийн тулд би хувь хүнээ хөгжүүлсэн, мэдлэг боловсролтой мундаг байх ёстой. Хүн гэдэг сүргийн амьтан учраас нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж, өөрийнхөө байр суурийг батлаж байж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг юм байна. Бусдад  өгсөн  үнэ  цэн буцаад хариу нь ирдэг гэдэгт би итгэдэг.

 

“ХҮНЭЭС ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХҮЛЭЭХГҮЙ БОЛОХООР, АМЬДРАЛ ИХ АМАР БОЛДОГ”

 

        -Сүүлийн үед таныг илтгэлийн тайзан дээрээс л хардаг боллоо. Ээжүүдэд тэр дундаа залууст маш их урам зориг өгдөг  юм билээ?

 

      -Энэ тайз юу ч биш. Дэлхийн TEDx-ийн  тайзан дээр би өөрийнхөө түүхийг яриад зогсоно гэж бодож байгаа. Энэ маш ойрхон байна. Гурван жилийн  дараа ч биелж магадгүй. Дэлхийд алдартай хүн болохыг зорьж байгаа. Хамгийн  гол нь  тэнд  очихын  тулд  англи хэлээ сайжруулах хэрэгтэй байгаа.

 

          -Хүн харахад эрүүл мөртлөө сэтгэл гутралтай сэтгэлзүйн эрүүл мэнд нь гэмтсэн хүмүүс их байдаг юм билээ. Тэгэхээр таны  хийж байгаа ажил тэдгээр хүмүүст урам зориг өгч эмчилнэ гэж ойлгож болох уу?

 

     - Болно. Надад мэдрэл муутай өрөөл татанхайгаараа дуудуулдаг байсан үе бий. Арван жилд байхдаа зөндөө шоглуулдаг байсан. Амиа хорломоор  ч санагдах  үе байсан.  Гэтэл одоо тэр  хүмүүс хаана байна. Байхгүй л байгаа байхгүй юу. Ер нь аливаа асуудлыг сөргөөр харахаас илүүтэй эерэгээр хүлээж авах нь чухал. Нэг талдаа тэр хүмүүс тэгж хэлээгүй бол би өдий зэрэгтэй  явахгүй байсан байх. Уналт  гэж  яриад  байгаа маань тэр л дээ.

 

         Ер нь зовлон туулсан хүн л босч ирдэг. Аясаараа явдаг хүнд цойлж гарья гэсэн хүсэл эрмэлзэл байдаггүй юм шиг байгаа юм. Миний хувьд одоо бол улам дээшээ оргилд хүрэх хүсэл тэмүүлэл байна. Үр хүүхэдтэй болсон хүн чинь юун амиа хорлох вэ. Илүүдээ гарсан амь бэ л гэж бодно.

         Ер нь бол хүнийг зүгээр л байгаагаар нь  хүлээн зөвшөөрөх ёстой юм байна лээ. Хүмүүс таныг гомдоосноо ч мэдэхгүй аз жаргалтай  явж байгаа ш дээ. Гэтэл би тэр хүнд гомдоод өөрийгөө зовоогоод байх  шаардлагагүй л байхгүй юу. Үүний учрыг олоогүй байхдаа би хүн болгоныг эерэг гэж боддог байсан. Чи миний  найз, чи мундаг гээд л хүн болгоныг өөрөөсөө  дээгүүр  тавина.

 

          Гэтэл хүмүүс  эргээд тэр  зүйлийг өгдөггүй юм байна лээ. Хамаг байдгаа өгөхөөр өөрөө хоосроод л эргээд тэр хүмүүсээс  хүлээлт үүсгээд байдаг. Хэнтэй  ч  ярьмааргүй гомдож уйлдаг байсан үе надад бий. Одоогийн хийгээд байгаа оюуны дасгалжуулалтын сургалтдаа суугаад би их өөрчлөгдсөн. Хүнээс ямар нэгэн зүйл хүлээхгүй болохоор амьдрал их амар болдог.

         Тиймээс зөвхөн өөрийнхөө зорилгоо хараад л явдаг болсон. Өөрийгөө жаргалтай байлгах өөдрөг байлгах шалтгаан, эрч  хүчээ  хаанаас авахаа мэддэг болсон. Өвдөж унаж үзсэн болохоор одоо байгаадаа сэтгэл  хангалуун  өөдрөг байдаг. Эрүүл  саруул амьдарч амьсгалж байгаадаа талархдаг. Ээж аавтайгаа ийм сайхан элэг бүтэн гэр бүлтэй хүн  чинь өөдрөг байхаас  яахав дээ тиймээ.

 

      -Зэсээгийн шүд  их гоё юмаа?

    Тийм ш дээ. /Инээв/ Найзууд  маань намайг явуулаад миний  морь найзаар юу байна гэдэг. Адуу  шиг шүдтэй анд минээ ч гэнэ. /Инээв/

 

      Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

Л.Сахиус

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин