• Эхлэл
  • О.Батхүү: Нүүрсний сонсголын дагуу цагдаа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх ёстой

О.Батхүү: Нүүрсний сонсголын дагуу цагдаа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх ёстой

2023/12/27

О.Батхүү: Нүүрсний сонсголоор яригдсан баримт, мэдээллүүд дээр цагдаа мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх ёстой

Хуульч, өмгөөлөгч О.Батхүүтэй нүүрсний сонсголын талаар ярилцсаныг хүргэж байна.

-Нүүрсний сонсголыг та ажигласан байх. Хуульч хүний хувьд энэ удаагийн сонсголыг яаж дүгнэж байна?

-Парламент үндсэн гурван чиг үүрэгтэй. Эхнийх нь төлөөлөх, хоёр дахь нь хууль тогтоох, гурав дахь нь хяналт шалгалт явуулах.

Энэ удаагийн нүүрсний сонсгол бол хоёр дахь удаагийнх. Хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд явсан сонсгол. Нөгөө талаар нотлох баримтыг шинжлэн судлах буюу гэрчүүдийг дуудаж асуудаг. Үүнээс олон нийт тодорхой хэмжээний ойлголт авлаа. Гэхдээ дуудсан гол, гол гэрчүүд оролцоогүй. Энэ бол маш харамсалтай санагдсан. Тухайлбал хамгийн гол гэрч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг. Түүнийг хоригдож байгаа гэдэг үндэслэлээр сонсголд оролцуулж амжаагүй. Уг нь Б.Ганхуягийг хорих ангиас нь онлайнаар оролцуулах бүрэн бололцоотой байсан шүүдээ.

Тэр битгий хэл шүүх хурлууд КОВИД-оос хойш онлайн болдог болчихсон. Сонсголд оролцуулах эсэх биш үндсэн шүүх хурал, ял оноох, гэм буруугийн ч юм уу, хурлууд онлайнаар болдог. Тиймээс Б.Ганхуягийг оролцуулах ёстой байсан ч ажил хэрэг болгосонгүй. Түүнчлэн өөр бусад хүмүүс ч оролцох байсан.

-Парламентыг төлөөлж оролцож байгаа гишүүд нэлээд шүүмжлэлд өртөж байна шүү дээ. Ер нь сонсгол ном журмаараа болж чадав уу?

-УИХ-ын гишүүд асууж байгаа асуултаа хариуцлагатай, товч тодорхой асуух ёстой. Тэгэхгүй өөрөө дүгнэлт хийдэг байж болохгүй. "Ер нь ийм юм болсон юм байна, тийм зүйл болжээ дээ" гэж ярих нь зохисгүй. Бас хөтөлж асууж болохгүй.

Бусад улс орнуудад сонсголын үйл ажиллагаа маш мэргэжлийн түвшинд хийгддэг. Сонсголын бүрэлдэхүүнд шинжээчдээс гадна мэргэжлийн хүмүүсийг оролцуулах нь зөв байдаг. Шинжээчид гэдэг бол гэрээ хийгээд мөнгө аваад бичиг баримтын талаар дүгнэлт гаргаж байгаа л хүмүүс. Тэднийг парламент мөнгө төлж ажиллуулж байгаа учраас болдоггүй.

Гадаадад гэхэд төмөр замын асуудал ярьж байгаа бол яг төмөр замын мэргэжлийн хүн, эсвэл царигийн асуудал ярьж байгаа бол яг тэр чиглэлээр мэргэшсэн их сургуулийн багш нар, эрдэмтэд судлаачдыг оролцуулдаг. Тэднээс энэ асуудал ямар учиртай юм бэ гэдгийг асуудаг. Гол нь сонсгол гэдэг иргэдэд ойлголт мэдээлэл өгөх гэж байгаа учраас мэргэжлийн хүмүүсээс их зүйл асуудаг.

Ер нь цаашид сонсгол бол хууль тогтоох үйл ажиллагаатай адилхан явах ёстой. Долоо хоногийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулган хуралдаж хууль батлах ажиллагаа өрнөдөг. Тэгвэл парламентын сонсгол гэдэг яг түүнтэй адил долоо хоног бүр бүтэн нэг өдөр явах ёстой юм. Жишээ нь, Даваа гараг бүр сонсгол хийдэг ч юм уу. Сэдэв нь шатахуунтай холбоотой асуудлаар холбогдох хүмүүсийг дуудаж асууж болно шүү дээ.

-УИХ-ын гишүүд бол олон нийтийн төлөөлөл шүү дээ?

-Тийм. УИХ-ын гишүүд гэдэг ард иргэдийн төлөөлөл болоод сууж байгаа. Юу болж байгааг тэр гишүүдээрээ дамжуулж үнэлэх дүгнэх шаардлага байна. Тэгэхээр жишээ нь. Ж.Ганбаатар сайдыг дуудаад яагаад шатахуун тасраад байна вэ, 14 хоногийн өмнө шийдвэрлэсэн гэж байсан юу болчхов гэдгийг парламентын гишүүд өөрсдөө асууж байх ёстой юм. Ард түмний төлөөлөгч хүнийхээ хувьд ард түмэнд мэдээлэл өгч байна шүү дээ.

Энэ чиглэлээр илүү явсан нь зөв байх. Манайх анх удаа хийж байгаа, асуудлууд нь хуримтлагдсан учраас илүү сенсаацитай, гэмт хэргийн шинж чанартай зүйлсийг асуугаад байна. Жишээ нь, АНУ зэрэг бусад улсад чуулган шиг л болж байдаг зүйл.

-Сонсголд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг оролцуулаагүй нь анхаарал татаж байна. Оролцуулах хууль эрх зүйн орчин байсангүй юу, эсвэл зориуд оролцуулсангүй юу?

-Сонсгол бол шүүх хурал биш. Хэн нэгнийг ялладаг, эсвэл хэн нэгнийг цагаатгах зорилгоор хийж байгаа ажил биш. Энэ бол юу болоод өнгөрсөн юм бэ гэдгийг хариуцсан хүмүүсээс нь асууж байгаа юм. Тэгэхээр нүүрсний хулгай, тээвэртэй холбоотой асуудал бол жижиг Тавантолгой, том Тавантолгой гэдэг хоёр төрийн өмчит компани дээр л гарсан. Хувийн компани дээр хулгай гарахгүй. Хоёрт, Монгол Улсын 1.7 сая иргэн хувьцааг нь эзэмшиж байна. Хэрэв ашигтай ажилласан бол олон нийт ногдол ашиг авах ёстой байсан. Гэтэл энэ мөнгийг цөөн хэдэн хүмүүс завшчихсан байна. Тэгэхээр Б.Ганхуяг гэдэг хүнээс заавал асуух ёстой байсан.

Тэр хүн яг одоогоор ял аваад гэм буруутай нь тогтоогдоогүй байна. Зөвхөн шалгагдаж байгаа хүн. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэдэг зарчмаа баривал. 461 дүгээр ангид тусгай өрөө байгаа. Чихэвч, камертай. Түүнийг суулгаж байгаад тодорхой асуугаад явчихсан бол нүүрсний асуудал илүү тодорхой болох байлаа. Тэгэхгүйгээр хоёр талд өөр өөр зүйл яриад байдаг.

-Одоо тэгвэл яах ёстой вэ. Сонсгол болоод дуусчихлаа. Хариуцлагын асуудлыг хэн, хаанаас эхлүүлэх ёстой юм бэ?

-Яаралтай мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Энэ бол Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг хууль хяналтын байгууллагын хийх ёстой ажил. Сонсголоор яригдсан асуудал, хэлсэн үг, танилцуулагдсан нотлох баримтууд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад аль нэг талдаа гаргахгүй, "Хулгай болсон байна" гээд сонсоод өнгөрч болохгүй. Ер нь ноцтой асуудлууд яригдлаа. Үүнийг мухарлах шаардлагатай.

Түүнээс гадна зарим нэг хүмүүс маш гомдолтой байна гэдэг байр суурь илэрхийлсэн. Тухайлбал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар өөрийнх нь нэр төрд халдсан, худал мэдээлэл цацсан гэж үзэж байгаа бол цагдаа юм уу, шүүхийн байгууллагад хандаад нэр төрөө сэргээх эрх нь бүрэн бий.

-АТГ, цагдаа дээр нүүрсний хэргийн шалгалтын ажиллагаа давхар явагдаж байгаа. Сонсголоос үүдэлтэйгээр яг яах ёстой гэсэн үг вэ?

-Хамгийн түрүүнд цагдаа мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлнэ. Энэ, энэ хүмүүс гэмт хэрэгт, хулгайтай холбогдсон байж магадгүй гэдэг санал боловсруулаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай саналыг прокурорт танилцуулна. Прокурор цагдаагийнхаа цуглуулсан баримт мэдээллийг үзэж байгаад үүн дээр хэрэг үүсгэн шалгах нь зүйтэй гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа юм.

Ингээд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явж байна уу гэдэг дээр прокурор хяналт тавиад, гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байна гэвэл яллах дүгнэлт үйлдэнэ. Гэмт хэрэг үйлдээгүй байна гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгоод шүүхэд шилжүүлэх ёстой. Шүүх дээр очиход цагдаа хамааралгүй болчихно. Шүүх рүү нэг талаас прокурор хэргээ бариад орно, нөгөө талд нь өмгөөлөгч гэм буруугүй гэдэг талынхаа баримтыг аваад орно. Энэ хоёр хүний мэтгэлцээн дундаас шүүгч аль нэг талд нь шийдэх юм.

-Таныхаар гэмт хэргийн шинжтэй асуудал хэр яригдав?

-Яригдсан шүү дээ. Нүүрсээ хямд өгсөн, нууцлах шаардлагагүй гэрээг нууцалсан, баримтууд нь алга болчихсон гэх мэт сэжигтэй зүйлүүд яригдсан. Үүнийг эцэслэх ёстой хүмүүс нь цагдаа нар.

Эх сурвалж: Өдрийн сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин