• Эхлэл
  • Ардын бослого монголчуудыг нийтээр өлбөрч үхэх тамаас аварсан

Ардын бослого монголчуудыг нийтээр өлбөрч үхэх тамаас аварсан

2024/01/22

 

Баабар ингэж өгүүлэв.

АРДЫН БОСЛОГО МОНГОЛЧУУДЫГ НИЙТЭЭР

ӨЛБӨРЧ ҮХЭХ ТАМААС АВАРСАН

МАХН-ын VII их хурлыг “амжилттай” хийлгэж, “ордны төрийн эргэлт” зохион байгуулсан “бүлэг зандалчин” Москвад дөнгөж очингуутаа хийсэн ажлаа дүгнэж, цаашид хэрхэхээ зөвлөжээ.

Одоо цаашид юу хийх вэ? Монголыг яах ёстой вэ? Монгол нь ерөөсөө СССР болоод дэлхийн коммунист хувьсгалд ямар хэрэгтэй болохыг Монголд төрийн эргэлт зохион байгуулсан бүлгийн толгойлогч Б.Шмераль тун илэн далангүй тайлбарлав: 

Монголын нутаг дэвсгэр Англи, Герман, Францын нутгийг нийлүүлснээс их мөртөө хүн ам нь ердөө л 800 мянга орчим. Энэ байдлыг л тооцон бодох ёстой. Монгол орон империалистууд, дэлхийн хувьсгалын дайсны нөлөөнд орчихоогүй байгаа дээр нь бид тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө хадгалж байхын тулд бусармаг муухай аргаар ч болов оролцож байхад манай зорилт оршино. Энэ зорилт нь 800 мянга малчны оронд социализм байгуулахаас ч чухал юм. Газар нутаг нь хүн амаасаа илүү чухал ач холбогдолтой энэ жижигхэн ард түмнийг бид капиталист бус хөгжлийн замаар хөтлөх аваас Монгол дахь хөдөлгөөнөө хөдөлмөрчин олны ангийн тэмцэл болгон хувиргаж чадна… Нөхөд минь, аугаа их хязгаарын төлөө ердөө л 800 мянган хүн ам аж төрдөг энэ орныг бид маш хямдханаар авч болно…[1].

Энэ хурлын протоколоос СССР болоод түүний гадаад бодлогыг илэрхийлэгч Коминтерний хувьд Монгол нь чухам юунд зориулагдсан болохыг төвөггүй ойлгож болно.

ХАР ШАР ФЕОДАЛЫГ БҮРЭН УСТГАН СӨНӨӨХҮЙ

Ингээд зөвлөлтүүдийн хамгийн том зорилго хэрэгжиж эхлэв. Тэр бол Монголд ангийн тэмцэл дэгдээн хагаралдуулж Сталины томьёолсноор “нударганчуудыг ангийн хувьд бүрэн устгах явдал” байлаа. Зөвлөлтийнхний бодсоноор Монголын лам, тайж, феодалын эсрэг ядуу ардын нэгдмэл фронт буй болгон сөргүүлэх ёстой бөгөөд үүндээ МАХН, МХЗЭ-ийг дайрагч отрядаар сонгон авав. Энэ “өргөн фронтоороо” мөнөөх хар, шар феодал гэгчийнхээ хөрөнгийг дээрэмдэн хураагаад зогсохгүй бие махбодынх нь хувьд алж устгах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэв. Коминтерний төлөөлөгч Черномордик хэмээгч МАХН-ын удирдагчдыг “хүлээж аваад” улам илүү амбицтай даалгавар гардуулсан нь: 

…Арван жилийн дотор бид Монголд социализм байгуулах ялалтыг хийсэн байх ёстой. Мал бэлтгэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх хэрэгтэй. Монголын гадаад байдал түгшүүртэй болсон тул шар, хар феодалыг толгой дараалан устгах, баривчлах, шоронд хийх хэрэгтэй…[2].

Коминтернийхэн урьд хийсэн судалгаан дээрээ тооцсоноор Монголын хүн амын 4.1 хувь, нийт малын 45.1 хувь нь мөнөөх феодалын гэдэг хүснэгтэд орж байв. Энэ нь 500 бодоос дээш малтай феодал хийгээд нударган нь “хувьсгалт арга хэмжээний үр дүнд” 1924 онтой харьцуулахад 2 дахин, мал нь 20 хувь буурсан үзүүлэлт аж[3]. Чухам ингэж хорогдуулсныг коминтернийхэн чамлаж сэхэшгүй шийдвэртэй цохилт өгөхийг шаардсан юм. Зөвлөлтүүдийн шууд заавар шахалтаар Монголын төр өөрийн малчдад ил дайн зарлалаа. Улсын V их хурлаас феодал нударган хөрөнгөтний хөрөнгө хураах шийдвэрийг гаргав. Хөрөнгө хураах комиссыг Чойбалсан даргатайгаар байгуулжээ. Илтгэлд дурдсанаар тэд 5.2 сая төгрөгийн хөрөнгө хураажээ[4]. Тэр үеийн ханшаар үхэр 50 орчим төгрөг байлаа. Хураасан зүйлд нь малаас гадна гэр, байшин, алт мөнгө, эдлэл хэрэгсэл, гоёлын зүйл, дээл хувцас, бурхан тахил, гар урлалын зүйл, гэрийн тавилга гэх мэтээр авч болох бүхэн багтана. 5 885 бод хураалгасан Хэнтийн Цэнхэрмандалын Цэнд зайсан, зөвхөн хотод буй хөрөнгөнөөсөө 42 695 төгрөгийн өмчөө булаалгасан Богдхан аймгийн Пунцагцэрэн гэх мэтийн ланжгар баячуудаас авахуулаад олон зуун чинээлэг ард энэ дээрмийн золиос болсон байна. Дөрвөд далай хан Түмэндэлгэржавынх 1926 оны тооллогоор 609 бодтой байсан бол 1938 онд түүнийг цаазар авахад 20 бод мал тоологджээ.

Эхний дээрэмдлэг оросуудад бага санагдсан тул хоёр дахь хөрөнгө хураалтын кампаниа эхлүүллээ. Нуугдмал хөрөнгө хураах нэрийн дор хийсэн уг кампанит ажил дайчлан баривчлах, эрүүдэн шийтгэхтэй давхардав. 1931 оны эхний хагаст 47 аж ахуйтнаас 384 480 төгрөгийн хөрөнгө хураасан нь цаанаасаа чамлагдсан тул дараагийн хагас жилд нь улам шуурхайлан 137 хүнийг хэрэгт татаж шүүхийн шийдвэрээр 1,1 сая гаруй төгрөгийн хөрөнгийг хураажээ[5]. Тэгснээ довтолгоо улам ширүүсэн дараагийн гурван сард зөвхөн хорих газарт 5 191 хүн нэмж хоригдон энэ кампаний золиос болов[6]. 

1929-1932 оны хооронд 1 564 аж ахуйтнаас хөрөнгийг нь хураасан[7]. Харин энэ хөрөнгийг хааш нь хийчихэв гэдэг сонин хэрэг юм. Нэг мэдээнд “5 222 567 төгрөг 72 мөнгөний үнэтэй... мал хөрөнгө зоориос 1 703 640 төгрөгийн үнэ бүхий зүйлийг ядуу ардад шилжүүлэн өгснөөс гадна бусад мал хөрөнгө зоорийг 130 хамтралд хуваан олгосон...” гэжээ[8]. Ямар ч байсан хэдийгээр ган, зуд болоогүй ч гэсэн 1932 оны тооллогоор Монголын үндсэн баялаг болох нийт мал сүрэг 1929 онтой харьцуулахад гуравны нэгээр хорогджээ. 

АЛТАН УРГИЙН ГИНЖИЙГ ТАСЛАХУЙ

Феодалын судалгаа нэлээд чамбай хийгджээ. Зорилго нь Монголын язгуур угсаатан эртнээс нааш хэрхэн цус холилддог, алтан ураг хэрхэн үргэлжилдэг, хоорондоо сэлгээгээ яаж явуулдаг тэр механизмыг илрүүлэхэд орших аж. Чингис хаан хөвгүүддээ Монголын төв түмнийг, төрсөн ах дүү нартаа зүүн гарыг, өрлөг жанжингууддаа баруун гарыг захируулан үлдээсэн ба эдгээр нь хоорондоо нийлж суух, цааш үргэлжлэх нарийн тогтсон дэг жаяг, механизмаар явдгийг судалгаагаар тогтоож оросууд сайтар ойлгосон байна[9]. Их хядлага дараа нь яг энэ судалгааны дагуу болсон юм. 

Монголчуудын хоёр мянга гаруй жил үргэлжилсэн түүхэн улбаа уламжлалыг ганц угзралтаар тас татах бололцоо Сталины гарт ороод ирлээ. Нүүдэлчний соёлын уламжлал, түүхэн үргэлжлэл, аман домог, дэг жаяг, зан заншил хэдэн мянганы турш амь бөхтэйгээр нэгээс нөгөө үед дамжиж чаддаг ба тэр нь өөрийн өвөрмөц механизмтай болох нарийн учрыг Пржевальскийгаас Майский хүртэл нээж чадаагүй атал бүдүүлэг, боловсролгүй хэдхэн орос чекистүүд түрүүлэн мэдэж чадлаа. Монголын лам ба язгууртны бүртгэл гэгчээ дор нь ангилж эхний, дараагийн, гуравдугаар ээлжинд дайчлан баривчлах гэсэн гурван зэрэг дугаар тогтоосон байна. Ийнхүү геноцид явуулах бүдүүвч бэлэн болсон юм.

Судалгааны үр дүн болгож Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин, Ерөнхий сайд асан манзшир хутагт Цэрэндорж нарын монголын шашны тэргүүн 23 ламыг “хувьсгалын эсэргүү төв” гэсэн нэрээр баривчилж буудан хороосон. 

Үүний зэрэгцээ хамгийн нөлөө бүхий шашны зүтгэлтнийг баривчлан шууд устгах ажил явууллаа. Хуучны Сайн ноён хан аймгаас Зая бандид хутагт, Эрдэнэ бандид хутагт, Хамба номун хан нарыг, Засагт хан аймгаас Бигэрийн номун хан, Ялгуулсан хутагт нарыг, Сэцэн хан аймгаас Хүүхэн хутагтыг баривчлан хороосноос гадна Монголын тусгаар тогтнолын “эцгийн” нэг Ханддоржийн хүү болор Чин ван Жамбалдорж, Бавуу бэйс зэргийг Дотоодыг хамгаалах газар устгав[10].

ХАМТРАЛ

Тэр үед Монгол улсын гол баялаг болох малын 15 хувь нь сүм хийдийн хөрөнгө гэж тооцогдож байв. Эдний малыг шууд хурааж авахын оронд “жасын кампани” гэгч сонин хэлбэрээр дээрэмдэх аргыг зөвлөлтүүд бодож олжээ. Жасын кампани гэгч нь сүм хийдийн малыг гэрээгээр ардуудаар хариулгах нэрээр булааж авах шинэ хэлбэрийн хөрөнгө хураалт юм. Хариулуулах гэрээ болоод үнэ хөлсийг нутгийн захиргаанаас тогтоох ба гэрээнд хулгайд алдсан, чонод идүүлсэн малыг нөхөн төлүүлэхгүй гэж хатуу заасан байна. Хариулах гол эзэд нь тэр үед борооны дараах мөөг мэт гэнэт олширч ирсэн хамтралууд аж. Гэвч үнэн хэрэгтээ жасаас хураасан малаараа хамтрал байгуулж гарсан хэрэг. Жасын кампанийн үед сүм хийдээс хураасан 2 сая гаруй толгой малаас сүүлд шинэ эргэлтийн бодлогын үед эргүүлж өгөхөд ердөө 300 мянга хүрэхгүй толгой нь үлдсэн байв[11]. 

Сүм хийд ганц мал сүрэг дээр тогтдоггүйгээр үл барам түүнээсээ их хөрөнгө цаана нь байдгийг сайтар мэдэх хувьсгалчид сүм хийдийн эдийн засгийг бүрэн цохиж унагахын тулд татварын онцгой бодлого тулгалаа. Хүн дааж давахын аргагүй татвар нь сүм хийдийг хоосруулан нүцгэллээ. Тэдэнд буй мөнөөх “гэрээ” гэгчээр булаалгасан малаас нь татвар авах төдийгүй үндсэн хөрөнгө бурхан тахилаас нь хүртэл татвар авахын зэрэгцээ цэргийн, төсвийн гэх мэтийн өөр олон татвараар дарж мөнгө төлөх, шоронд суух хоёрын алийг нь сонгохыг нь харин хаа очиж өөрсдөөр нь шийдүүлж байжээ. Энэ их татварын нэг зорилго нь баян лам нарыг хоосруулах, ядууг нь шар шувтлахаас өөр аргагүй болгоход чиглэж байв. Эдийн засгийн аргын зэрэгцээ захиргааны арга хэрэглэн, гэрт нь хариулахгүй хэдэн хоногоор хорьж шар шувталсныг нь чөлөөлдөг арга нэлээд өргөн дэлгэрчээ. Хожим 1960-аад оны үед нэгдэлжүүлэх кампанит ажил болоход энэхүү туршсан аргаа мөн амжилттай давтсан билээ. 1931 онд хамтралын тоо 752 хүрсэн ба үүний зэрэгцээ хамтралыг суурьшуулах тогтоол гаргаж үүнээ “нэн даруй гүйцэтгэх үндэсний зорилт” гэж нэрлэн түргэвчлэх арга хэмжээ авахыг шавдуулжээ[12].

БАРУУН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ ҮЙМЭЭН

Эсэргүүцлийн ба биеэ хамгаалах нөгөө нэг зөн маягийн хэлбэр нь шууд урдаас нь хүч үзүүлэн сөрөх арга билээ. Цөхөрсөн ард олон дүрвэхийн зэрэгцээ дуу дуугаа авалцан бололцоотой зүйлээрээ зэвсэглэн босч тэмцэж эхэллээ. Бослогын эхийг мөн л Чандмань Уулын аймгийн дөрвөд түмэн эхлэв. 1930 оны гуравдугаар сарын 25-нд Төгсбуянтын хийдийн 40 гаруй лам нийлж босон хошууны захиргааг эзэлж дарга хийгээд албан хаагчдыг нь баривчилсан байна. 

Тэд гомдлоо илэрхийлж, болохгүй бол биеэ даасан захиргааг байгуулна гэдгийг л мэдэгджээ. Гэтэл Төв Хороо, Засгийн газраас Эсэргүүг дарах бүрэн эрхт комисс гэгчийг яаралтай байгуулж толгойлогчоор нь Дотоодыг хамгаалах газрын дарга Элдэв-Очир томилогдож хэдийнээ замдаа гарчихсан хурдалж явлаа. Удаж төдөлгүй гуравдугаар сарын 30-нд винтов, пулемётоор зэвсэглэсэн Ховдын IV морьт хороо Төгсбуянтын хүрээнд тавьж очлоо. Ихэнх нь цахиур буу, бороохой шийдэмтэй, төрдөө гомдсон хэдэн лам, хар хүн ба Зөвлөлтийн сургагчаар толгойлуулсан байнгын армийн хооронд тулалдаан хэдхэн минут үргэлжилж. Тулалдааны дүн гарахад байлдагч Пүрэв алагдсан, Ховдын цэргийн ерөнхий шүүхийн комиссар Буяндэлгэр нэг цэргийн хамт шархтсан аж. Өөр нэг хөнгөн шархтсан хүн байсан нь зөвлөлтийн сургагч Госнюский гэгч. 

Үймээн дарах онцгой комисс газар дээр нь цээрлэл үзүүлэх эрх бүхий байв. Тэр дор нь 247 хүн баривчилж цэргийн хээрийн шүүхээр оруулан 19 лам, 9 феодал, 20 ардыг газар дээр нь буудан хороов. Баривчлагдагсдын 138 нь ард, 109 нь лам байжээ[13]. 

Залхаан цээрлүүлэлт үүгээр дууссангүй. Улаангомын хийдийн лам нар бослого хөдөлгөөн гаргах талаар хоорондоо мөн ярилцаж байсан боловч өдөр судар товлох асуудлаар санал зөрөлджээ. Гуравдугаар сарын 27-нд ташуур, шөвөг, уурга барьсан цөөн тооны лам хошууны тамгын газрыг чиглэн бөөнөөрөө алхсан нь сүүлд “Улаангомын хийдийн бослого” хэмээн дуулиантай нэрлэгдэх хэрэг болсон юм. Мөн л хээрийн шүүх гялалзтал хурдан ажиллаж 14 лам ба 5 ардыг буудан алж цээрлүүлэв. Үнэн худлыг мэдэхгүй, Буданчийн хийдэд бослого гарах гэж байна гэлцэн тэндээс хэдэн лам, хар хүн баривчлуулсан нь замдаа оргоцгоочихжээ. Нэгэнт оргосон л бол бас л эсэргүү бослого мөн байж таараа. Цэргийн хээрийн шүүх 13 хүнийг цаазаар аваачиж 12 хүнийг 10 хүртэл жилээр хорих ял сонсгов[14].

Энэхүү “Төгсбуянтын бослого” гэгчид төрийн талаас нийт 2-3 хүн үхсэн ба сүүлд Монгол даяар өрнөсөн бослогын үеийнх шиг хоршоо талах, хүн алах, сургууль болон захиргаа шатаах зэрэг хэрэг явдал огт гарсангүй. Бослого дарагчдын зүгээс гарсан хамгийн том хохирол нь машин онхолдож ДХГ-ын дарга Элдэв-Очир хүзүүгээ гэмтээсэн ба үүнээс хойш хүзүүндээ хатуу ширээр тулгуур хийж явдаг эрэмдэг хүн болжээ. Харин ард түмэн төрд гомдлоо гаргасныхаа шанг айхавтар хүртэж аймшигт залхаан цээрлүүлэлт амссан нь тэр байлаа. 

Энд харгис санваартан гээд байгаа нь Монголын зах хязгаарын хэдэн ядарсан лам, харгис хөрөнгөтөн гээд байгаа нь бичиг үсэг ч мэдэхгүй, бийгээс хэдэн малтай бүдүүлэг ардууд ажгуу. Хөөрхийсийг алж хядах, барьж хорих, тонон дээрэмдэх тушаалыг Улаанбаатараас зөвлөлтүүд өгч байжээ. “Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч… хөдөлгөөнд оролцогч нам, эвлэлийн гишүүдийг буудан цаазла... Хоёр хийдийн газрыг сайтар нэгжихээс гадна Тариалангийн ба бусад Баянмандалын хошуудын хийд цөмийг нэгж... Хошуунд өөрийн үзэмжээр зэвсэглэсэн цэрэг үлдээ... Хийдийн бүх хөрөнгийг ба эсэргүү өдүүлэгч нарын бүх хөрөнгийг хураа... Жасын үндсэн хөрөнгийг хураа” гэх мэтийн заавартай бичиг Щеко хэмээх зөвлөлт сургагчийн гарын үсэгтэйгээр Элдэв-Очирт очиж байлаа[15]. 

БАНЧИН БОГД ГЭСЭН БӨӨН НАЙДВАР

Жинхэнэ бослого 1932 оны хавар дэгдлээ. Бүр өмнө нь Төвдийн Банчин богд удахгүй ирж шашныг авран хамгаална гэсэн цуу үг бүх Монголоор тархсан байлаа. Үнэндээ энэ үед Банчин богд шашин аврах бүү хэл эх нутгаасаа дүрвээд тэнүүчилж явав. Төвдийн шарын шашны хоёр тэргүүн Далай лам, Банчин богд нар үе залгамжилсан түүхэн зөрчилтэй.

Хятад талаа баримталсан Банчин нь 1923 онд ялагдаад дүрвэн гарч, Чан Кайшигийн Засгийн газрын Монгол-Төвдийн хороотой очоод наалдчихжээ. Өөрийн сүсэгтэн нь амьдардаг Хойд Хятад, Өвөр Монгол, Баргаар аялах өвгөн ламыг ашиглах өөр хүчин ч мундсангүй. 

Хөөрхий өвгөн лам өвөр монголчуудад ч туслах эрхгүй явжээ. БНМАУ-аас дүрвэсэн үй олон хүн бас түүнийг бүчин найдлага тавина. Харийн хүнийг байтугай өөрийгөө яая гэж байгаа өвгөн ламд Гадаад Монголын эсрэг ямар нэг хуйвалдаан толгойлон зохион байгуулж эзлэн түрэмгийлэх бодлого төрөөгүй нь ойлгомжтой. Алив хүн, алив ард түмэн машид зовохын цагт далдын хүчинд урьд байгаагүй хэмжээгээр итгэж, зовлонгоос гэтэлгэх байх гэж найдсан хэндээ ч сохроор биширдэгийн нэгэн адил “Банчин богд Өвөр Монголд ирчихээд тун удалгүй буу зэвсэг агсан Ар Монгол тийш дайлаар мордон улааны аюулыг дарж сүсэгтэн олноо аврах гэнэ” гэсэн тун ч гэнэн цуу үгэнд хүмүүс үнэн голоосоо итгэж байлаа. Ийм цуу үгийг зориудаар тарааж байсан нь ч бий, аяндаа тархсан нь ч бий. Дам үг бол ерөөсөө нүүдэлчний мэдээлэл солилцдог нэгээхэн гол хэлбэр ба тэр нь дороо цуу болон тардаг юм. Сэтгэл зүйн ийм онцлогийг лам нар маш эртнээс тун овжин ашигладаг байжээ. Хувьсгалчид яг л энэ аргыг нь мөн уламжлан авч хэрэглэсэн ба урьдныхантай харьцуулахад туйлын иргэншсэн өнөөгийн нөхцөлд ч энэ арга Монголын уудам талд амжилттай хэрэглэгдсээр байна. 

БОСЛОГО РАШААНТААС ЭХЛЭВ

Ийнхүү бослого гарах объектив ба субъектив нөхцөл бүрдчихсэн байлаа. 300-400 жил ноёрхсон шарын шашны нөлөөгөөр хүлцэнгүй болсон авч догшин Чингисийн цус судсаар нь гүйх монголчууд коммунизмын мөнөөх туршилтын зовлон, үйл лайг тэсвэрлэхээ болиод зарим нь зугтан гарсан боловч үлдсэн нь гал оруулбал дэлбэрэхээр болтлоо дотроо шатаж байжээ. Түүнээс биш тэдэнд улс даяар нэгдсэн бослого гаргахаар урьдчилан ярилцаж тохирон төлөвлөсөн ч юм уу, бослогын нэгдсэн сүлжээ, зохион байгуулалт энэ тэр гэж юу ч байсангүй. Цуу үгнээс өөр мэдээлэл солилцох хэрэгсэл хийгээд арга үгүй монголчуудад ингэж урьд нь төлөвлөөд байх бололцоо олгоогүй юм.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд 10 орчим хүн 1932 оны дөрөвдүгээр сарын 12-нд анх бослого эхлүүлэх цучил хаяжээ. Тэд албадангаар шар шувталсан хүмүүстэй нийлж 100 орчмуулаа болж аваад Рашаантын төв рүү хөдөлсөн байна. Тэднийг удирдагчид нь хөрөнгөө хураалгасан феодал гэгдэх Чойжилсүрэн, хоршооны эрхлэгч Жамсрандорж, хамтралын дарга Санжид нар байлаа. Тэд маргааш нь Рашаантын хүрээнд ирж хуучин хошуу ноёныхоо нэрээр “Очирбатын яам” гэгч штаб маягтай юм байгуулан зохион байгуулалтанд орж, тамга тэмдэгтэй болон, өөрсдийгөө “шар цэрэг” хэмээн нэрийджээ. 

Хурдан хүрээгээ тэлж чадсан нь босогчдыг дэмжих нийгмийн сэтгэл зүй нэгэнт бүрэлдчихсэн байсантай холбоотой. Очирбатын яамнынхан бослого дарах цэрэг ирэхээс өмнө амжин бослогын хүрээг томсгох, цэрэг элсүүлэх зорилгоор 10-20 хүний бүрэлдэхүүнтэй нэлээд отряд байгуулан “жанжин” хэмээн нэрийдэгчээр удирдуулан ойр хавийн бүх сум болон зэргэлдээ Архангай аймаг руу илгээн явуулжээ[16]. Босогчид хамтрал хоршоог дээрэмдэн, сургуулийг эвдэн шатааж, нам, засгийн ажилтныг баривчлан эрүүдэн тамлаж, алж устган хэрцгийлж байлаа. Нэг үгээр хэлбэл өсөрхсөн, гоморхсон, хилэгнэсэн ба дээр нь муу зохион байгуулагдсан бөөн хүн ямар авир гаргадаг, түүнийг л гаргав. 

Төв Хороо, Засгийн газраас Хөвсгөл аймгийн нутагт зэвсэгт бослого гарсантай уялдуулан түүнийг түргэн дарах тухай ДХГ, Ардын цэргийн зөвлөлд даалгахын хамт орон нутгийн бүх хүчийг үүн рүү чиглүүлэх ажлыг удирдуулахаар Төв Хорооны гурван нарийн бичгийн дарга нарын нэг Лхүмбээр толгойлуулсан Засгийн газрын бүрэн эрхт комисс томилж дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатараас яаралтай мордууллаа. Бүрэн эрхт комисс байгуулсан ба энэ нь улс төрийн гэмт хэргийг газар дээр нь шүүн тасалж цаазаар хороох эрхтэй болохыг зарлав. Рашаант босогчдын гарт орсноос хойш яг 10 дахь хоногт Лхүмбийн удирдсан цэрэг очин чөлөөллөө. “Манай талаас гарзгүй, эсэргүүчүүдээс 30 орчим цахиур буу хураалаа, 204 хүн баривчлав” гэж мэдээ өгсөн. Комисс газар дээр нь 54 хүнийг цаазаар авч бусдад нь 2-10 жил хорих ял сонсгоод хойш нь ачуулав[17]. 

ҮНДЭСТНЭЭРЭЭ ЭСЭРГҮҮЦЭН БОСОВ

Гэвч оройтсон байжээ. Хуурай өвсөнд түймэр асах мэт бослого Монгол орныг бараг тэр чигээр нь хамрав. Тавдугаар сар гэхэд бослого өнөөгийн засаг захиргааны хуваариар Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, мэдээж Архангай, Хөвсгөл аймгийг хамарчээ. Дээрээс нь бөөнөөрөө дүрвэж байсан нутагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгийг хамарч байсан гэж үзвэл эсэргүүцлийн хөдөлгөөн бараг бүх Монголыг хамарчээ гэж ойлгож болохоор байна. Хожим “Монголын тухай” комиссын даалгавараар Монголд яаралтай ирсэн Элиавагийн тайланд бичсэнээр “Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан гэсэн дөрвөн гол аймгийн ардуудын олонхи нь, түүний дотор дундчууд, ядуучууд, хамтралчид бослогод татагдан орсон бөгөөд эдгээрийн хүн ам 325 мянга буюу Монголын хүн амын 45 хувь, Монголын нийт мал сүргийн 60 хувь нь бослогод хамрагдсан гэсэн үг”.[18]

Бослогын хамгийн хүчтэй төв Тариат, Тосонцэнгэл суманд төвлөрч, улмаар Архангайн төв ба Улиастайг эзлэх оролдлого хийж эхэллээ. Иймээс дөнгөж Өмнөговьд бослого дарчихаад Улаанбаатарт ирсэн Аж үйлдвэрийн яамны сайд Г.Содномыг Архангайн бослогыг даруулахаар илгээлээ. Гэтэл сайд тавдугаар сарын 13-нд 20 орчим хүний хамт босогчдод олзлогдон алагдсан байна. 

Өргөн олны бослогыг ДХГ болон орон нутгийн цэргийн ангийн хүчээр дарж чадахгүй нь ойлгогдлоо. Иймээс босогчдын эсрэг байнгын арми хэрэглэх шийдвэр тавдугаар сарын 12-нд гарав. Тогтоолд бослогын цөм төвлөрч буй Хөвсгөл, Архангайд байлдааны онц байдал зарлах, Батлан хамгаалах түр зөвлөл байгуулж даргаар нь Армийн улс төрийн газрын дарга Д.Өлзийбатыг томилох, босогчидтой тулалдаж байгаа бүх хүчийг уул түр зөвлөлд харьяалуулах, Монголтрансыг цэрэг зэвсэг зөөлгүүлэхээр дайчлах зэрэг шийдвэр гаргажээ. 

Ийнхүү цус асгаруулсан Иргэний дайн Монголд дэгдэх нь тэр ээ! Нэг талд нь гаднын хүчинд дулдуйдсан дарангуйллын бүх систем тогтоц ба түүнийг төлөөлсөн Монголын төр, нөгөө талд нь энэхүү хэрээс хэтэрсэн дарлалыг үл тэвчин эсэргүүцсэн ард түмэн зогсож байлаа. Засгийн газар Улаанбаатар хотыг хамгаалахыг хүссэн намын бүх идэвхитнүүдэд винтов буу тарааж өгөхөөр шийдсэн, гэтэл хотын 4 мянган намын гишүүдээс дөнгөж 300 нь буу авах хүсэлт гаргажээ. Зөвлөлтөөс явган цэргийн анги, Улаан армийн буриад хороог Улаанбаатар руу явуулж хамгаалалтанд гаргажээ.[19]

Бослогод урьдчилж бэлтгээгүй учраас ардуудын зэвсэг гэж хөгийн юм байжээ. Буу цөөнтэй байсан ба байгаа нь ахуйн хэрэгцээний цахиур буу, барон, гамингийн үед олж дарсан ганц нэг байлдааны зэвсэг бий. Мөн тулалдааны үеэр цэргээс маузер, зарим нэг пулемёт хүртэл олзолж авчээ. Тавдугаар сарын 13-нд Архангайгаас ирсэн нэг мэдээнд “Тариат дахь эсэргүү нарын жинхэнэ цэрэг 500, бирдаан болон орос, япон винтов 40, маузер 3, бусад нь шийдэмтэй”[20]гэжээ. Тэдний дунд Ховдын хязгаарын цэргийн жанжин Жамц гэхчлэн цэргийн боловсролтой хүн нэг бус байсан ба цэрэгт алба хаасан хүн нэлээд байсан нь бослого амжилт олоход багагүй тус болсон бололтой. Бослого гаргагчдыг шийтгэсэн мэдээ, гол удирдагч нар зэргийг харж байхад бослогод оролцсон нийт хүний дор хаяхад тал хувь нь тайж язгууртан феодал зэрэг ангилалд үл багтах, ёстой нөгөө ардууд нь байжээ. Ер нь босогчдын талд тэр үеийн нийгмийн бүх давхраанаас оролцсон байна. Улсын бага хурлын гишүүн хэд хэд оролцсоноос гадна нам, эвлэлийн гишүүн мундахгүй олон оролцсон аж. Цэргийн дарга, хамтралын дарга, хоршооны дарга зэрэг хариуцлагатай гэгдэх ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн босогчдын толгойлогч дунд элбэг байгаа нь бусдыгаа бодвол илүү боловсролтой байсантай холбоотой биз. 

Монголын хувьсгалт улаан цэрэг давшилтанд орлоо. Тавдугаар сарын 19-нд Өлзийбат мэдээлэхдээ “Гичгэнэ голын тэнд 100 гаруй эсэргүүнийг илрүүлж аэроплан ба пулемётоор довтлов, хичнээн эсэргүү алагдсаныг мэдсэнгүй” гэсэн ба дараа нь Тариат орчимд “600 гаруй эсэргүү рүү нисэх онгоц, их буу, танкийн тусламжаар довтлон тэднийг цохиж сарниуллаа” гэжээ. Түүнээс гадна ирсэн мэдээнд “Хөнжлийн голд 460 орчим хүнтэй тулж 100 гаруйг нь алав”, “Намсрайн отряд их бууны батарей, танкийн салаагаар хүч нэмэгдүүлсний дээр нэг нисэх онгоцоор дэмжүүлэн тулалдлаа” гэх мэтчилэн бичжээ[21]. Залхаан цээрлүүлэх ажлыг уралдуулан явуулахыг мартсангүй. Гиваапил тавдугаар сарын 16-нд “Жалханзын хүрээний 300 босогчтой тулалдаж тэндээс алагдсан 30 гаруй, 41 хүнийг байцааж буудав”, “Тэсийн хүрээнд мянга гаруй эсэргүүтэй тулалдаж баривчлагдагсдаас 50 гаруй хүнийг буудан алав.” Д.Гомбо мэдээлэхдээ “Тэсийн хүрээнд эсэргүү 500 орчим байснаас алагдсан 100 гаруй… баривчлагдагсдаас буудсан 12” гэжээ. Хөвсгөлөөс мэдээлсэн нь: “Рашаант… зэрэг 12 газраас олзлогдсон эсэргүү 2 117, үүнээс цаазалсан 260…” гэсэн ба долдугаар сарын 23-нд Завханы ДХГ-аас “эсэргүү нараас баривчилсан хүн 682 бөгөөд түүний 40 хувь нь феодал, 60 хувь нь ард. Эндээс хээрийн дүрмээр 134-ийг буудаж, 410-ыг хорьж, 132-ыг нь сулласан гэсэн бол наймдугаар сарын 15-нд Хөвсгөлөөс: “нийт 15 байлдааны дүнд 614 хүн устгаж, 1 500 хүн олзлов. Тэндээс идэвхтэй эсэргүү 285 хүнийг цэргийн хээрийн шүүхээр хороосон . Эдний 70 хувь нь эсэргүүгийн талд орсон нам эвлэлийн гишүүд учир хүндрүүлэн үзэв” гэж тус тус бичиж байлаа[22]. 

Бослого аравдугаар сар хүртэл үргэлжилсэн боловч үндсэн хүч нь зургаа долдугаар сар гэхэд бут цохигджээ. Босогчид улсын хэмжээгээр анхны хоршоо 45, сумын захиргаа 33-ыг устган олон сургууль, соёлын газар цөлмөн, холбооны шугам гэмтээжээ гэж БНМАУ-ын албан ёсны түүхэнд тэмдэглэсэн байна[23]. Босогчид нь хувьсгалчдаас дутахгүй зэрлэг авир гаргажээ. Хүний зүрхийг амьдаар нь сугалах гэх мэтийн бөөгийн ёс заншил, домогтой холбогдол бүхий бүдүүлэг зэрлэг ёслол үйлдсэн нь бас бий. Ялангуяа ялагдан гарах газаргүй болж шулуудсан үедээ араатан төрхтэй болж байлаа. Энэ нь хувьсгалчдад суртал нэвтрүүлгийн тун таатай олз болсон юм. Ингэснээр 1932 онд бослого гаргасан феодалууд нь зөвхөн хүний махаар хооллодог махчин байсан гэж сурталдсаар аяндаа энэ нь “гарцаагүй үнэн” болж хувирчээ. Бослогод лам нар оролцоогүй ч өмнө нь сүм хийдийг шахан дарамтлах кампанит ажиллагааны үеэр шахалтанд орж шар шутлан хар болсон иргэд нэлээд байсан нь хувьсгалчдад энэ бослогыг “лам нарын эсэргүү бослого” гэж албан ёсорр нэрлэн сурталчилах гойд далим болжээ.

Сталины туслах А.Поскребышев бичихдээ “Цэцэрлэг хотод 500 винтовтой 1195 хүн бүхий гарнизон бүхлээрээ боссон...” гээд “Манай 150 хүнийг оролцуулсан монгол-буриадын 500 хүнтэй морин дивизийг Улаанбаатар руу Монголын Засгийн газрын мэдэлд шилжүүлэх, мөн Засгийн газар болон бусад албан газрыг хамгаалуулахаар Троицкосавскт байгаа 750 хүний бүрэлдэхүүнтэй морин дивизийг илгээх” гэсэн санал гаргасан байна. Харин Сталин илт цэрэг оруулахаас болгоомжилжээ. “Энэ хэрэгт сайтар бэлтгэлгүй яаран шийдвэр гаргах нь Японтой зөрчил үүсгэж, СССР-ийн эсрэг Япон-Монгол-Хятадын нэгдмэл фронтын бааз суурь болж магадгүй... Босч тэмцсэн Монголын ард түмний эсрэг байлдаж байгаа түрэмгийлэн эзлэгч мэтээр биднийг харуулж, япон болон хятадуудыг чөлөөлөгч мэтээр үзүүлэх болно” гэжээ[24].

1932 онд дэгдсэн Монголын Иргэний дайнд Зөвлөлтийн Улаан армийн оролцоо ямархуу байсан нь тун бүдэг. Юутай ч цэргийн хүч илэрхийгээр оруулаагүй бололтой. “Бослогыг дарахаар зөвлөлтийнхөн хуягт тэрэг, нисэх онгоц илгээж байв” гэж профессор Н.Поппе 1954 онд бичиж байв. “Зөвхөн харгис лам, тэдний үүр болсон хийдийн эсрэг л зэвсэг хэрэглэсэн” гэж сүүлд агаарын цэргийн маршал Судец илэн далангүй хэлж байлаа. Хөвсгөлд бослого эхлэхэд СССР-ийн хилийн Түнхэний отрядаас зэвсэг гуйж байсан, мөн Увсаас ирсэн мэдээнд бослого дарахад Тувагаас отряд ирж тусалсан гэсэн мэр сэр зүйл байдаг. 

Бослогыг дарахад тувачуудаас бүрдсэн морьт суман, мөн нисэх онгоцны отряд орсныг 2012 онд Тагнуулын ерөнхий газраас эрхлэн хэвлэсэн номд хүлээн зөвшөөрчээ. Мөн буриадаас цэргийн анги орж ирэн бослого дарахад оролцсон аж. Сталин тун болгоомжилж, өөрсдийн мэдэлд нь байдаг зөвхөн монгол угсаатныг бослого дарахад оролцуулжээ. Тэрээр бослого дарагдах үед Сочигоос бичсэн захидалдаа: “...Монгол дахь Зөвлөлтийн хүмүүс, төлөөлөгчийн газрын ажлын тухай гэрч баримт болох элдэв баримт бичиг, шифр, протокол мэтийн бичиг цаасыг Монголоос СССР-т нэн даруй, яаралтай маш нууцаар авч гарахыг зөвлөе. Ямар ч нөхцөл байдалд энэ нь маш чухал” гэжээ[25]. 

Дотоодыг хамгаалах газрын орлогч дарга Ц.Гиваапилээс Улсын бага хурлын дарга Амарт бичсэн өргөдөлдөө “Миний бие 1932 оны наймдугаар сард Хөвсгөл аймагт хувьсгалын эсэргүү бослого дарах ажлаар хоёр дахь удаагаа яваад уг ажлыг дуусгаж... эргэж ирэхэд тус газрын ерөнхий сургагч Чибисов... хор зай бүхий сумыг ашиглаж хэрэглүүлэхээр хүргэснийг... хэрэглээгүйг илтгэхэд Чибисов уурлан... Чи тустай ажил хийсэн биш, тэр сумыг хэрэглээгүй явдал бол улс төрийн том алдаа гэж загнасан”[26] гэсэн байна. 1932 оноос иприт хэмээх химийн зэвсгийг Монголын армид нийлүүлж эхэлсэн байдаг, дээрхээс үзэхэд тэрхүү ипритийн тухай бичсэн бололтой.

АРДЫН БОСЛОГО АРД ТҮМНЭЭ АВАРСАН

Ямар ч байсан Монголын төр Зөвлөлтийн заавраар босогчидтой харилцсан гэдэг нь дэндүү ойлгомжтой зүйл. Бослого ч нийт улс орныг хамарч эвгүй байдалд орсон тул оросууд Монголд социализм байгуулах төлөвлөгөөнөөсөө түр зуур ухарсан авай. 

1927-30 онд Зөвлөлтөд болсон хамтралжуулалтаас болж 10 сая хүн өлбөрч үхснийг хожим Чөрчиллтэй ярилцаж суухдаа Сталин хүлээн зөвшөөрсөн байдаг. Ялангуяа хамтралжуулалтаар үр тариагаа төрдөө дээрэмдүүлсэн Укрианы тариачид, мал сүргээ хамтралжуулсан Казахстаны ард түмэн хамгийн олноороо өлсгөлөнд нэрвэгдэн бөөнөөрөө өлбөрч үхсэн юм. Маогийн хамтралжуулалт нийт 70 сая хүний амийг авсан гэх. Хэрэв Монголын хамтралжуулалт дахиад 1-2 жил үргэлжилсэн бол бараг малгүй болж, Казахстан шиг болох байв. Махнаас өөр хүнс хэрэглэдэггүй монголчууд малгүй болбол шууд өлсгөлөнд автана. 

Хуучны Далайчойнхор вангийн хошуунаас эхэлсэн 1932 оны ардын баатарлаг бослого монголчуудыг үй олноороо өлбөрч үхэхээс аварсан юм. Бослогын ачаар хувьсгалчид хамтралжуулалтаа аргагүйн эрхэнд зогсоосон шүү дээ.Монголын угсаатан язгууртнуудын хамгийн ихээр цугларсан тайж нарын хошуу Далайчойнхорыг зөвлөлтүүд засаг захиргааны шинэчилсэн хуваарь хийхдээ Архангай, Хөвсгөл, Завхан гэсэн гурван тусдаа аймагт хуваан цацаж тараасан билээ. Чухам тэд л босч эсэргүүцэн ард түмнээ бөөнөөр өлбөрч үхэх тамын ёроолоос аварчээ.

[1] Коминтерн ба Монгол (Улаанбаатар 1998[Comintern and Mongolia])

[2] Золбины Шижээгийн мэдүүлгээс (Үг сонин 1993, №21) [Testimony of Zolbiny Shijee]

[3] МАХН-ын түүхийн лекц, 1917-1940 (Улаанбаатар 1980) х-244-245 [Lectures of history of the MPRP]

[4] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (Улаанбаатар 1969) х-269 [History of the Mongolian People`s Republc, III]

[5] Алтанхуяг, А. Хэлмэгдүүлэлт хэзээ эхэлсэн бэ? (Үнэн сонин 1990) №188 НАХЯ-ы архив [Altankhuyag, A. When did the repressions begin?]

[6] Алтанхуяг, А. Хэлмэгдүүлэлт хэзээ эхэлсэн бэ? (Үнэн сонин 1990) №188 НАХЯ-ы архив [Altankhuyag, A. When did the repressions begin?]

[7] Алтанхуяг, А. Хэлмэгдүүлэлт хэзээ эхэлсэн бэ? (Үнэн сонин 1990) №188 НАХЯ-ы архив [Altankhuyag, A. When did the repressions begin?]

[8] Алтанхуяг, А. Хэлмэгдүүлэлт хэзээ эхэлсэн бэ? (Үнэн сонин 1990) №188 НАХЯ-ы архив [Altankhuyag, A. When did the repressions begin?]

[9] Баттогтох, С. Хувьсгалын 70 жил (Коминтерний архиваас) (Монгол телевиз 1991) [Battogtokh, s. 70 years anniversary of Revolution]

[10] Dashpurev, D., Soni, S. K. Reign of Terror in Mongolia; 1920-1990 (South Asian Publishers, New Delhi 1992) pp-21

[11] С.Пүрэвжав., Дашжамц.Д. БНМАУ-д сүм хийд, лам нарын асуудлыг шийдвэрлэсэн нь (Улаанбаатар 1965) [Purevjav, S., Dashjamts, D. The resolution of the issues of the monasteriesand lamas in the MPR, 1921-1940]

[12] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (Улаанбаатар 1969) х-285-286 [History of the Mongolian People`s Republc, III]

[13] Өлзийбаатар, Д. Цусан улаан хөшигний наана тоглож буй олон үзэгдэлт жүжиг (Үндэсний дэвшил сонин 1992) №7 [Ulziibaatar, D. The act wich played before the blood red curtain]

[14] Дунбурай, А. Түмний хараанаас мултраагүй; Бослог хөдөлгөөний даралцаж явсан нь (Улаанбаатар 1991) x-82-83 [Dumburai, A. Could not escape the people`s sign; defeated rebels and movements]

[15]Элдэв-Очирын утасны хариуд явуулсан НТХ-ны бичиг (МАХН-ын төв архив Ф-4 хн-186) [Response of the Central Comitte of party to Eldev-Ochir`s telegramm]

[16] Батсайхан, О. Эсэргүү бослого ардын хөдөлгөөн үү? (Үнэн сонин 1992) [Batsaikhan, O. Is a Counter Revolutionary rebellion for the People?]

[17] Цэрэнбалжид, Д. 1932 оны зэвсэгт бослого (Улаанбаатар 1990) [Tserenbaljir, D. The armed rebellion of 1932]

[18]Дашдаваа. Ч. Коминтерний төлөөлөгчид (Улаанбаатар 2020) х-48[Dashdawaa. Ch. Cominterners (Ulaanbaatar 2020)] p-48

[19]Трифонов Евгений Халх голын тулалдаанд хэн хохирсон бэ? Аз жаргалтай улсын адармаатай замнал (Nepko publishing Улаанбаатар 2019) х-197 [Trifonov Evgenyi Who lost in Halhyn gol? (Nepkopublishing Ulaanbaatar 2019)] p-197

[20] Цэрэнбалжид, Д. 1932 оны зэвсэгт бослого (Улаанбаатар 1990) [Tserenbaljir, D. The armed rebellion of 1932]

[21] Цэрэнбалжид.Д. 1932 оны зэвсэгт бослого (Улаанбаатар 1990) [Tserenbaljir, D. The armed rebellion of 1932]

[22] Цэрэнбалжид, Д. 1932 оны зэвсэгт бослого (Улаанбаатар 1990) [Tserenbaljir, D. The armed rebellion of 1932]

[23] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, (Улаанбаатар 1969) х-292 [History of the Mongolian People`s Republc, III]

[24] Монголын тухай БХК(б)-ын баримт бичигт (1920-32) х-383-385 [Documents of the Bolshevik Party about Mongolia 1920-1932]

[25] Тагнуулын Ерөнхий газар 1922-1962 (Улаанбаатар 2012) х-53 [Central Intelligence agency 1922-2012]

[26] НАХЯ-ы архив [The Ministry of public security`s archive ]


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин