Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Чиглэл"-ийн үүсгэн байгуулагч Цэгмэдийн Бумцэндийн "Монголыг өөрчлөгч 50 эрхэм" номонд нийтлэгдэгдсэн хөрөг нийтлэлийг хүргэж байна.
Засварчнаас захирал хүрсэн замнал
“Хүчит шонхор” захын наахна талд өндөр гэгч шат, довжоотой даруухан байшинд нандин тансаг жүнз, хундаганаас эхлээд аварга том шарах шүүгээ, зуух гээд нийтийн хоолны газарт хэрэглэх бүх зүйл бий.
Хамгийн гол нь хоолны газар, ресторанд хэрэглэдэг жижгээс том хүртэлх янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг монголчууд өөрсдөө энд урладаг. Аль социализмын үеэс нийтийн хоолны гэж нэрлэсэн технологийн засварчнаас ажлын гараагаа эхэлсэн Ц.Бумцэнд захирал төдийгөөс өдий хүртэл нийтийн төлөөх ажлаа үргэлжлүүлсээр, шинэ шат гишгүүрүүдийг нэмж өндөрлөсөөр байна.
Бидний очиход Ц.Бумцэнд захирал дээр үеийн цех бригадын мастерууд өмсдөг байсан шиг цэнхэр даавуун халадтай угтав. Хананд нь 1970-80-аад оны гэлтэй залуухан инженер, засварчин нар үйлдвэрлэлийн цехэд ажиллаж байгаа, удирдлагын пультны ард сууж байгаа гээд эртний сонирхолтой зурагнууд харагдана.
Басхүү Худалдаа, хамтын ажиллагааны яамны сайд Бавуу, сайд Пүрэвдорж БНМАУ гэсэн тэртээх он жилүүдийг илтгэсэн Шинэ бүтээлийн гэрчилгээ, сайшаалын үнэмлэх тэргүүтнүүд ярайна. Яг л түүх өгүүлэх шиг. Энэ бүхнээс засварчнаас захирал болсон Ц.Бумцэндийн түүх зурайх буюу.
Ц.Бумцэнд 1979 онд Худалдааны техникумын тоног төхөөрөмжийн механикийн ангийг засварчин мэргэжлээр онц дүнтэй төгссөнөөсөө хойш энэ мэргэжлээрээ л ажиллаж байгаа. Зах зээлийн шилжилтийн үед ч засварчин хэмээх мэргэжилдээ үнэнч үлдэж, өдгөө Монголын нийтийн хоолны гэх тодотголтой байгууллагуудын гал тогооны тоног төхөөрөмжийг хийж бүтээж, нийлүүлж, нэг ёсондоо энэ салбарын бодлогыг зангидаж, нурууг тулж явна. Анх орцны подвальд мөнөөх засварчны мэргэжлээ ажлаа эхлүүлснээр өнөөдөр нийтийн хоолны салбарын гол нийлүүлэгчдийн нэг болоод байгаа.
Ц.Бумцэнд захирал “Халхын шоронгоос эхлээд Төрийн ордонд ч манай бүтээгдэхүүнүүд бий” гэж ярих дуртай. Арга ч үгүй юм, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн гал тогоо, ажилчдын гуанз, тансаг зэрэглэлийн ресторанд өдгөө эдний инженер, ажилтан алтан гартнуудын гараар урласан зуух, тогоо тэргүүтнүүд цөм бий. Хүний амьдралын хамгийн анхны хэрэгцээ болсон гал тогооны технологийн мастерууд бол тэд. Энэ дашрамд багаасаа техник сэтгэлгээтэй, үргэлж л шинийг бодож санаачилж байдаг, хуучнаар бол ШИБОС өнөөгийнхөөр зохион бүтээгч авьяас билэг нь түүнийг энэ өндөрлөгт хүргэсэн чухлаас чухал “шат” нь байсан болов уу.
Нэгэн насны “зам”-аа сонгосон нь
Ц.Бумцэнд хүү багадаа тракторын жолооч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байж. Залуус атар газар эзэмшиж, шинэхэн техникийн эзэд болж байсан тухайн үед олон хөвгүүдийн мөрөөдөл болж байсан мэргэжил байх. Өвөрхангай аймшийн Өлзийт сумын Мухар-Улаан хэмээх газар Цэгмидийнх хэмээх айлын долоо дахь хөвгүүн болж мэндэлсэн Бумцэнд хүү багаасаа л адармаатай, сахилгагүй хүү байсан гэдэг. “Бяцхан” сахилгагүй түүнийг ангийн багш нь Эд аж ахуйн даргаар “томилчихож”. Гэмгүй сахилгагүйтээд байдаг асан хүү Эд аж ахуйн дарга болж хариуцлага хүлээснаар ангийн эд аж ахуйг харин ч додомдож тордогч болж. 7-8-р ангид нь анги удирдаж байсан Ойдовын Гурванчулуун багш нь тэднийг техник сэтгэлгээ, шинэ санаачлага рүү хөөрхөн чиглүүлдэг. Ангидаа л гэхэд цонхны хөшиг нээгдэнгүүт самбар нь хоёр тийшээ дэлгэгдэж онгойдог ШИБОС хийчихсэн байсан гэдэг, эдний ангийнхан. Ийн бодоход Монголд цөөхөн зохион бүтээгч, шинийг санаачлагчийн авьяас хүүхэд цагаас нь л эхтэй байжээ.
Тухайн үед хүүхдүүд дунд сургуулиа төгсөхөд сурлагаар нь жагсаан хуваарь авдаг байсан үе. Бушуухан техникумын оюутан, цалинтай том хүн болж, ээждээ дэм болох хүсэлтэй Бумцэнд хүүд Худалдааны техникумын тоног төхөөрөмжийн механикийн анги, Усны аж ахуйн ТМС гэсэн хоёр сонголт л байж. Түүнийг таван настайд аав нь бурхны оронд морилж, ээж нь аль байдгаараа хүүхдүүдээ өсгөх гэж чармайн, Бумцэнд хүү одоогийнхоор бол тусламжийн байдлаар өдөр нь сургуулийн дотуур байранд хоол идэж, бор ходоодоо божийлгодог. Ээж нь асар ажилсаг хөдөлмөрч, “Амттаныг идээд араанд тогтохгүй, ажил сурвал амьдралд тустай” гэхчилэн чансаатай үгээр хүүхдүүдээ өсгөсөн алсын бодолтой чамбай эмэгтэй байсан гэдэг.
Cтипент авдаг том хүү болж, ээждээ тус дэм болох чин хүсэлтэй хүү яг хуваарь сонгох болоход дунд сургуулийн багш Рэгзэнгомбо “Энэ бол чиний насаараа идэх хоол. Улсад юм үлдээх мэргэжил шүү” гэж хэлж. Үнэхээр ч Бумцэнд нэгэн насаараа бусдын хоолыг бэлтгэх технологитой ноцолдож, нэг үгээр хэлбэл энэ насны хоолтойгоо золгож. Түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн, магадгүй бүр далдыг харсан мэт зөгнөөд хэлчихсэн энэ үгийг одоо ч тэрээр зүрхэн тольтдоо тээж явдаг.
Нөгөө талаасаа зах зээлийн нийгмийн шуурганд өртсөн энэ салбарт торойх цөөхөн мэргэжилтнүүдийн нэг болж, өдгөө салбарынхаа хувь заяа, цаашдаа хөгжилд санаагаа чилээж, басхүү хувь нэмрээ өргөх замаа ийн сонгожээ.
Амьдрал бол их сургууль
“Амьдрал бол их сургууль. Алдаагүй хүн гэж байдаггүй. Алдаанаасаа суралцдаг л байх хэрэгтэй” гэж Ц.Бумцэнд захирал ярив. Тэрээр өөрт нь тохиолдсон нэлээд таагүй гэмээр нэгэн явдлыг “Харин ч их азтай юм болсон шүү” гэж их олзуурхах маягтай хэлэх. Бумцэнд техникумд суралцаж байхдаа нэгэн хэрэгт орооцолдож л дээ. Хүүхэд зодсон “атаман”-ы хэргээр түүнийг сургуулиас хөөх болж. Гэхдээ тэр өөрөө хоёр удаа хутгалуулсныг ангийн багшаас нь өөр хэн ч мэдэхгүй өнгөрч. Өөрөө хутгалуулсан мөртлөө, хүн зодсон хэргийг үүрээд гарна гэдэг нэг ёсондоо хүн чанар гаргаж, эрийн шийр зааж байгаа хэрэг. Гэвч сургуулиас арайтай хөөгдсөнгүй. Багш нар нь залуу хүүг сургамж аваг гэж бодсон хэрэг байх. Үнэхээр ч энэ Бумцэндэд маш том сургамж болов. Хичээлдээ тэгтэл их анхаардаггүй байсан хүү энэ мөчөөс л “Би илүү их хичээх ёстой юм байна. Сайн сурах ёстой” гэдгийг ясандаа тултал ойлгожээ. Чингэснээр ч сургуулиа онц төгсөж. Түүнд үргэлжлүүлээд дээд сургуульд суралцах боломж гарсан ч эсрэгээрээ цэрэгт мордоод өгч. Түүнээс
-Яагаад дээд сургуулиас татгалзсан юм бэ гэж асуухад
-Яах вэ, дургүй л байсан байхгүй юу гэж товчхон хариулав. Сүүлд мөн их сургуульд суралцах санал ирсэн ч татгалзсан гэдэг. Энэ сонголтоо ч тэр зөв гэж боддог.
Цэргийн гурван жилийн амьдрал түүнд бас л нэгэн их сургууль болж. Бумцэндийн очсон Зүүнбаянгийн цэргийн анги тухайн үедээ 10 мянган цэрэгтэй, цэрэгт мордсон аавын хөвгүүдийг шандсыг сорьдог газар. Энэ газар нөгөө л мэргэжлийнхээ буянаар цэргийн ангиудын аварга том хөргөгч хөлдөөгчүүдийн засварчин болж. Хөргөгчний “учир“-ыг ч нэг олчихдог болсон гэж байгаа.
Цэргээс халагдаад 1983 оны зургадугаар сарын 28-нд Нийтийн хоолны трест гэдэг их айлд ажилд оров. 200 гаруй ажилтантай Монголын бүхий л нийтийн хоолны газруудын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг том айлд ажиллаж эхэлснээр олон ч зүйлийг сурч, ихийг мэдэж авсан гэдэг.
“Амьдралын тойрог”
-Баяр болохоор манайх энэ гудамжныхаа хүүхдүүдэд бэлэг өгдөг юм. Хүүхдүүд хачин дуртай. Жил болгон бэлэг өгөх хүүхдийн тоо нэмэгдээд 100 гаруй болсон, гоё шүү дээ. Хорооноос тусламж бэлгээ өгөөрэй гэдэг юм. Тэгэхдээ яг хэрэгтэй хүндээ очиж чадаж байна уу үгүй гэдэг чухал шүү дээ гэж тэрээр ярилаа.
Яагаад ч юм бэ нийтийн хоолны салбарт Монголдоо түүчээ нь болж байгаа “Чиглэл”-ийн оффис яагаад энд “Хүчит шонхор”-ын орчимд “суурьшсан” юм бол оо гэж асуумаар санагдаад байсан юм. Ярианы явцад энд суурьшсан нь бас л нарийн учиртайг ойлгов. Бумцэнд нэлээн дээхнэ үед энэ л хавьцаа 300 төгрөгөөр хашаа худалдаж авч амьдарч байж. Харин одоогийн компанийнхаа байрлаж буй зам дагуух хашааг 1200 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэгдүгээрт давхарт эдний үйлдвэрлэлийн хэсэг байрлана, мөнөөх ресторан, гуанзны том тогоо, зуухнуудыг эндээ урлана. Хоёр, гуравдугаар давхарт нийтийн хоолны салбарт хэрэглэж болох бүхнийг бас өөрсдийнхөө урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулна. Чухам л хоолны үйлдвэрлэлтэй холбоотой бүх зүйл энд бий. Салбарынхан нь ч сайн мэддэг. “Амьдралынхаа нэлээд он цагийг энд өнгөрөөсөн дөө” гэж Ц.Бумцэнд өгүүлнэ.
Нийтийн хоолны трестэд ажиллаж байхдаа гурван өрөө байраар шагнуулсан ч амьдралын тойргоор эндээ л төвхнөж.
-Энүүхэнд манайх тог, ус цахилгаанаа шийдсэн хоёр давхар байртай байсан юм. Харамсалтай нь газ алдагдсанаас 12 настай охин маань, 13 настай байсан эхнэрийн дүү охид эндсэн гэж Бумцэнд санаа алдав.
Ийн хагацал үзсэн аав нь охиндоо зориулж “Намуунзаяа” олон үйлдэлд цахилгаан тогоог зохион бүтээж, Оюуны өмчийн газраас Шинэ бүтээлийн гэрчилгээ авч, олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож, эдүгээ Японд экспортлохоор яригдаж байна. Амьдралд алив зүйл тохиолддог болохоор анхны эхнэрээсээ тусгаарлаж, дараа дахин амьдрал зохион, одоо бага охин Цэнд-Аюуш зургаан настай. Том охин Ухаанзаяа компанийнхаа өдөр тутмын ажлыг хариуцаж ажилладаг.
Бодлого хаана байна?
“Чиглэл” –Түүний компанийн нэр өвөрмөц байгаа биз. Тэрээр нийгэм өөрчлөгдөж эхэлсэн эхний үе буюу 1990 онд анхны хоршоо байгуулагчдын нэг. 2001 онд компани болгон өргөжүүлээд Улсын бүртгэлийн газар очиход нутаг усныхаа нэрээр “Сангийн далай” гэдэг нэр дотроо бодож явсан ч эзэнтэй болчихсон байж. Яадаг юм билээ гэж бодоод харж байтал ширээн дээрх сонины “Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэл” гэсэн гарчиг нүдэнд нь дурайж.
Ингэж сонгосон “Чиглэл” нэрээрээ тэр их билэгшээдэг. Одоо салбарынхаа чиглэлийг барих, бодлого тодорхойлох гээд л явж байна гэх түүний үг бас нарийн учиртай. Хуучин социализмын үед бол хоол технологийн салбарт төдийгүй бүх л салбарт нарийн тооцоотойгоор мэргэжилтнээ бэлтгэдэг, үйл ажиллагаагаа төлөвлөдөг байсан. Харамсалтай нь, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үед энэ бүхэн алдагдаж. Харин одоо үүнийг салбарынхан нь өөрсдөө цэгцэлж, бодлогоо тодорхойлох цаг ирсэн тэрээр гэж үздэг. Тэр ч утгаараа ажиллаж эхлээд байгаа. Тухайлбал, хуучин бодлогын хэмжээнд бэлтгэдэг байсан инженер техникийн ажилчид өнөөдөр үгүй болж. Шилжилтийн гэх 20 гаруй жилийн турш өмнөх нийгмийн үед бэлтгэгдсэн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид энэ салбарынхаа ноён нурууг тулсаар явж. Харин одоо хорвоогийн жамаар цөөрсөөр. Тийм ч учраас одоо засварчин, мэргэжилтэн сургаж бэлтгэхээр ажиллаж байна.
Ямар ч цаг үе, ямар ч нийгэмд шинийг санаачлагч, инженерүүд мэргэжилтнүүд нийгмээ хөгжүүлж, урагшлуулж байдаг. Харин Монголд өнөөдөр байдал ямар байна вэ? Магадгүй өнөөдөр зохион бүтээгчдээ гаргуунд нь хаяж, бодлого, тулгуургүй болсон гэдэгтэй олон нийт санал нийлэх байх. Нэгэнт энэ салбарыг амьдралынхаа зам болгон сонгосон, Монголд 140-хөн байдаг Зохион бүтээгчдийн нэг Бумцэнд захирал энэ чиглэлд олныг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Дахиад шинэ “даваа”
Ц.Бумцэнд захирал хаана л шинэ техник технологийн танилцуулга хурал зөвлөгөөн үзэсгэлэн болно, очиж оролцох, шинэ технологийн сургалт, хичээлд идэвхтэй сууна. “Ангидаа би л хамгийн хөгшин нь байдаг юм даа” гээд инээж байна.
-Би ч насаараа л сурч байна даа. Цаашдаа ч суралцсаар л байх биз. Амьдрал өөрөө их сургууль. Би дунд нь суралцаад л явж байна. Амьдрал гэдэг их сургуулийг төгсөөгүй, төгсөх гээд л суралцаад явж байгаа хүн. Алдаагүй хүн гэж үгүй. Хүн амьдралынхаа туршид алдаанаасаа суралцдаг. Бид ухаарч байж амьдрах юм уу? Амьдралаас ухаарах юм уу гэдгийг бодох хэрэгтэй.
-Монголчууд 60 хүрч ухаан сууж, 61-тэйдээ хорвоог орхидог гэсэн нэг үг байдаг. Монголчуудын хувьд ажил хийж сурах, амьдралаас суралцах гээд нарийн уламжлалтай ард түмэн. Харин та боловсролтой хүн гэж таны хувьд хэнийг хэлэх вэ?
-Хүний тухай ярихын тулд эхлээд хүн байхын мөн чанар, утга учрыг ярих ёстой. Боловсрол бол мэдлэг. Харин хүний мөн чанар бие, биеээ, ах захаа хүндэтгэхээс гээд наад захын зүйлсээс эхтэй. Хүн чанартай, хүн сэтгэлтэй байхаас эх оронч үзэл эхэлдэг. Наад зах нь өөрийнхөө хийх ёстой ажлыг хийсэн шиг хийдэг байхаас эхэлнэ шүү дээ.
-Манай бизнес эрхлэгчдийн хувьд хүний нөөцийн асуудал хүнд. Нэг талд баахан ажилгүй хүн байдаг, нөгөө талд бизнес эрхлэгчдэд итгэл даах, мэргэжилтэй ажилтан олддоггүй гэдэг. Үнэн үү?
-Үнэн. Хамгийн хүнд асуудлын нэг нь хүний нөөц. Мэргэжилтэй, ажиллая гэсэн чин сэтгэлтэй хүмүүс цөөн. Би ярьсан шүү дээ, манай салбарт л гэхэд бодлого дутагдаж байна. Социализмын үед бэлтгэсэн бидний хэдэн хүмүүс л энэ салбарт ажиллаж байна. Түүнээс хойш мэргэжилтэй засварчин бэлтгэхээ больсон. Манайх гэхэд шинэ ажилтан авахдаа эндээ сургаж, дадлагажуулж, дагалдангаар ажиллуулж байж ажилд жинхэлдэг. Тийм болохоор би энэ салбарын бодлогыг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй гэдэг зүйлийг яриад байгаа юм.
-Та компанийнхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Бидний зорилго бол шинжлэх ухаанч, мэргэжлийн компани байх. Намайг байхад ажил урагштай явж байгаар байхгүй бол ажил нь удааширчихдаг биш, зөвхөн намайг гэлтгүй хүн бүр бие биеэ нөхөж, бүх ажил өөрийн горимоор юунаас ч үл хамааран байнга тасралтгүй урагшилж, хөгжиж байх нь чухал.
Тэрээр бидэнд гар утсан дээрээ бичсэн нэгэн видеог үзүүлсэн нь “Танака тэйч” компанийн үйлдвэрлэлийн байр. Юм болгон нь эмх цэгцтэй, хөдөлмөрийн бүтээмжийг хөнгөвчилсөн, аргагүй л Япон хүний нямбай, чимхлүүр занг илтгэсэн, орчин үеийн шийдэлтэй энэ үйлдвэрийн жишгээр удахгүй ашиглалтад орох шинэ үйлдвэрээ байгуулна гэнэ. Эднийх бүтээгдэхүүнээ Орос, Хятад, Баруун Европ руу экспортод гаргадаг.
Бас тун удахгүй бүтээгдэхүүнээ Японд экспортлохоор бэлтгэж байгаа талаар маш сонирхолтой мэдээллийг дуулгав.
-Технологийн өндөр хөгжилтэй Япон руу Монголоос бүтээгдэхүүн гаргана гэхээр үнэхээр сонирхолтой сонсогдож байна? Өөрийнхөө үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг нийлүүлэх үү?
-Тийм ээ. Гоё байгаа биз. Япончууд манай монголчуудад их тусалж дэмждэг, үнэн сэтгэлээсээ сайн ханддаг. Манай энэ үйлдвэрийг ч ирж үзэж байсан. Японд очоод үзэхэд манай бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байгаа харагдсан. Монгол хүн бүгдийг хийж чадна. Тэнд 120 сая хүнтэй зах зээл байна. Хятадууд тийш бүтээгдэхүүнээ гаргаад байхад монголчууд яагаад чадахгүй гэж. Бид бэлтгэлээ хангачихсан. Гаргаж чадна. Бүр заавал хийх ёстой ажил.
Япончууд монголчуудыг бодвол гадуур их хооллодог. Манайхан бол гэртээ сайхан гурилтай шөлөө хийж идээд сайхан болчихлоо гэдэг. Сүүлийн үед гадуур хооллох соёл нэлээд ихсэж байна л даа. Азичууд ер нь гадуур хооллохдоо дуртай. Тэгэхээр зах зээл байна. Борлогдохгүй гэх зүйл байхгүй. Манайхан хуучин Япон машин оруулж ирдэг. Контейнер нь буцаад хоосон явж байна. Бид хийж л чадвал боломж байна.
-Нээрээ хоосон буцдаг юм уу, контейнерүүд нь??
-Хоосон шахуу. Манайхаас жамц давс гэх мэтийн жаахан бүтээгдэхүүн экспортлодог л доо. Гэхдээ хийж чадвал 120 сая хүнтэй зах зээл байна шүү дээ тэнд. Монголын хүний бүтээл Япон руу экспортлогдож байна гэхээр гоё байгаа биз. Ямар ч гэсэн ийм зүйл хийж болно гэсэн зам жимийг нь гаргалаа. Монголчууд Японд бүтээгдэхүүнээ гаргаж болно гэсэн сэрэл цочролыг өгөөд л байгаа. Манай залуус араас нь өөр олон сайхан зүйлс хийнэ биз.
Тэрээр “Би залуу байсан бол Япон хэл сурна. Залуусаад ч байх юмгүй одоо ч сурна. Уншиж бичиж чаддаг байхад л болох юм билээ” гэж хөөрхөн цайлганаар ярих. Үнэхээр ч залуу сэтгэлгээтэй хүн юм. Шинийг сэдэгч, засрашгүй өөдрөг үзэлтэн түүний хүсэл, бүтээл хязгааргүй билээ.
Тийм ээ, тэрээр өнөөдөр Монгол залуусын гараар бүтээсэн бүтээлээ Японд экспорт гаргах бэлтгэлээ хангаад байна. Ц.Бумцэнд захирал анх бараа, түүхий эдээ Эрээнээс 69 машинаар ачуулдаг. Дараа нь автобусаар, ачааны том машинаар гэж цаашаа ахиулсаар томорсоор өнөөдөр энэ зах зээлийн томоохон хангагч болоод байна. Тун удахгүй 900 ам.метр үйлдвэрээ ашиглалтанд оруулна. Ауагаа зүйл бүхэн энгийнээс эхэлж, уйгагүй хөдөлмөрөөр бүтдэг гэдэг энэ билээ.
Төрөөс шидмэс горьдоогүй Бумаа
Түүний өрөөнд нэгэн сонирхолтой зураасан зураг байх. “Засрашгүй” өөдрөг үзэлтэн, байнга шинийг санаачлагч Бумаа захирал маань тог үздэг индикатор барьчихсан, хармаандаа түлхүүр хийчихсэн өөрийнхөө хийдэг духовка, плитик дээр дээр “зогсчихсон” байна. Түүний найз энэхүү зургийг урлан бүтээж өгч.
Хүрээ хотынхоо ар шилд
Хүчит шонхорын өвөр бэлд
Сэрүү татсан асраа барьж,
Сэнтийд заларсан эрхэм та
Төмс тарьж төөрөөгүйнхээ төлөө
Төрмөл ухаанаа гээгээгүйнхээ төлөө
Төмрөө мэрж тэссэнийнхээ төлөө
Төрийн шидмэс горьдоогүйнхээ төлөө
Амьдралд чи бумтан болжээ
Хямралыг давах саятан болжээ сонирхолтой шүлэг бас түүнийх. Худалдааны техникумд суралцаж байсан жүжигчин Дорждагва компанийнх нь 25 жилийн ойгоор түүнд зориулан ийм шүлэг зохиож. Өөрөө техникийн хүн болохоор сайн мэдэж байгаа хэрэг л дээ гэж Ц.Бумцэнд захирал хэлж байна. Нутгийн хөгшиддөө гарын бэлгээ гардуулсан гэгээн мөч, тахир дутуу иргэдийн тэмцээнд дэмжин оролцдог, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч ажилладаг гээд түүний амьдралын мөчүүдийг илэрхийлэх дурсгалын зүйлс өрөөнд нь цөм бий.
Өнөөдөр ч тэрээр дахин шинэ шат бүтээн, анх бизнес эхэлж байгаа залуусын адил сурч, төлөвлөж байна. Ажилд ч амьдралд ч өөрийнхөөрөө жим гарган, үргэлж шинийг сэдэж байдаг түүний хийх ажлуудын зураглал тархинд нь төлөвлөгөөнд нь буй. Шинийг санаачлагч, бодит түүхийг бүтээгч Ц.Бумцэнд захирал болон түүний хамт олонд илүү ихийг хийж бүтээх амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Урагшлах зам урт билээ.
2018 он
"Монголыг өөрчлөгч 50 эрхэм" ном
Сэтгэгдэл байхгүй байна