Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид хүндэтгэл үзүүллээ.
Монголын түүхэнд хараар тэмдэглэсэн өдөр аравдугаар сарын 2. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг энэ өдөр амь насаа алдсан юм. Түүнийг хэрцгийгээр хөнөөсөн алуурчныг 26 жилийн турш “хайж” байна… “Хүйтэн” хөшөө нь Төрийн ордныг ширтэн олон жилийг үдлээ.
Жил бүрийн энэ өдөр түүнийг дурсан журмын нөхөд нь, үйл хэргийг нь үргэлжлүүлж буй залуус хөшөөнд нь цэцэг өргөдөг. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй залуус өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Мөн Ардчилсан нам жил бүрийн энэ өдрөөр Хүний эрхийн асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль давхцаж байгаа учраас Нийслэлийн Ардчилсан намаас “Хүүхдэд эрхийн төлөө” олон улсын форумыг зохион байгуулж байгаа билээ.
Форумаар хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн хөгжил, хүүхдийн цахим хэрэглээний орчин зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд болон НИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлэх юм.
ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN
Сэтгэгдэл байхгүй байна