• Эхлэл
  • П.Наранбаяр: 120 сургуулийг Боловсролын ерөнхий газраас санхүүжүүлсэн.

П.Наранбаяр: 120 сургуулийг Боловсролын ерөнхий газраас санхүүжүүлсэн.

2025/06/30

Боловсролын сайд П.Наранбаяр төсвийн тодотгол болон бусад цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. 


-Төсөвт тодотгол хийснээр Боловсролын салбараас нийт хэчнээн төгрөгийн санхүүжилт хасагдаж байна?

-Боловсролын салбарт урсгал зардалтай нийлээд 204 тэрбум төгрөгийг өнгөрсөн жилийнхээ төсвөөс танах шаардлагатай гэж тооцсон байсан. Үүн дээр тоног төхөөрөмжийн 17 тэрбум төгрөг байгаа. Түүнчлэн царцсан барилгуудыг оруулаад нийт 33 тэрбум төгрөг болж байгаа юм. Хөрөнгө оруулалт талдаа 17 тэрбум төгрөг, цаана нь дандаа шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн самбар, сандал, ширээ, компьютер, хүүхдийн хичээлийн хэрэгслүүд, дотуур байрны зөөлөн эдлэл, цэцэрлэгийн тоглоом гэх мэт хүүхдийн сурах орчнийг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажлууд байгаа. Хамгийн харамсалтай нь энэ тавдугаар сарын 31-ний өдөр, хагас сайн өдөр таарсан. Хэрэгжилтийн үе тавдугаар сарын 31-ний өдрөөр шууд зогсох буюу танах ёстой болсон. Бид бас албан ёсоор хүсэлтээ өгсөн. Гэхдээ Төрийн худалдан авах газар гэж тусдаа өөр газар зохион байгуулдаг учраас цаг алдсаны улмаас  энэ хоёр төсөл орж чадсангүй.

-Хуулийн хугацаандаа худалдан авалтаа хийж чалаагүй, хариуцлагагүй байдал хэнтэй холбоотой вэ? Сайд таньтай холбоотой юу? Эсвэл Худалдан авах ажиллагааны газартай холбоотой гэж та дүгнэж байна уу?

-Манайд амжилттай дүгнүүлсэн төслүүд олон бий. Гэхдээ хариуцлагагүй явдал мөн үү гэвэл мөн. Зохион байгуулалтыг  ч бас зөвхөн нэг яам хийхээ больсон. Бүгдийг нь Төрийн худалдан авах газар луу татаж хийж байгаа. Тэгэхээр, энэ процессийг төрийн байгууллага хоорондын цаг алдсан явдал гэж дүгнэж болно.

-2025 оны төсвийн тодотгол хэлэлцэхтэй зэрэгцээд, 2024 оны төсөвийн гүйцэтгэлийн асуудлыг бас хэлэлцэж байгаа. 2024 онд танай яам гүйцэтгэлээ хэр амжилттай дүгнүүлсэн бэ?

-Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэдэгт ихэвчлэн сургуулийн харуул, цэцэрлэгийн манаа, цэвэрлэгээ үйлчилгээ ордог. Төрийн албан хаагчдыг шууд ажилд аваад төрийн үйлчилгээний алба болгоод яваад байхаар төсөвт өгч байгаа дарамт маш их байдаг. Шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн харуул, үйлчилгээ, цэвэрлэгээ гэсэн зүйлүүдийг хувийн аж ахуй нэгжээр гүйцэтгүүлээч гэсний дагуу энэ ажлууд явсан. Нөгөө талдаа дотуур байрны засвар үйлчилгээ, дотуур байранд байх бүх үйлчилгээнүүдийг бусдаар гүйцэтгүүлэх рүү оруулсантай холбоотой.

-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн багш дутагдалтай байгаа вэ? Боловсролын салбарын удирдах албан тушаалтнуудыг цомхотгох байдлаар төсвөөс хэчнээн төгрөг хэмнэх боломжтой гэж үзэж байна вэ?

-Есөн хувь тодотгоно гээд бүгдийг нь тэгшитгэнэ гэдэг боломжгүй зүйл. Хоёрдугаарт, үүнд багш, эмчийг хамруулахгүй гэдгийг мөн заасан байгаа. Харин боловсролын орчныг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид үүнд яригдах юм шиг байна. Бидний барьж байгаа бодлого бол эхлээд салбар дотор байгаа хэлтсүүдээ цөөлнө. Дээр нь нэмээд Боловсролын ерөнхий газартай чиг үүрэг давхацдаг агентлагуудыг цөөлнө. Тэгээд аймаг, нийслэл, дүүргийнхээ чиг үүргүүдийг эргэн харна. Үүнтэй уялдаж цомхотгол явах ёстой.

-ЭШ-тай холбоотой маргаанд цэг тавьж чадсан уу?

-Энэ тал дээр гэвэл ямар нэгэн блюпринт, хичээлийн хөтөлбөрөө зөрчсөн асуудал тогтоогдоогүй. Энэ талаар өнөөдөр мөн Ардчилсан намын бүлэгт тайлбар өгсөн. Мэргэжлийн байгууллагынх нь тайлан гарсан байгаа. Мэргэжлийн ажлыг хамаагүй улс төржүүлж болохгүй байх. Бүх шалгалтын материал ил болсон.

Сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор таныг хууль хяналтын байгуулгаас шалгасан асуудал бий юу?

-Одоогоор алга байна. Би бас үүнд бэлэн байгаа. 120 сургуулийг Боловсролын ерөнхий газраас санхүүжүүлсэн. Боловсролын ерөнхий газар дээр сайдын хөтөлбөр арга хэмжээний багцаас мөнгийг шилжүүлэх тушаал гарсан байсан. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газар хэрэгжүүлэгч агентлагийн хувьд энэ ажлыг хийх ёстой.

Сургуулийн менежментийг сайжруулах бодлого 2022 оноос эхэлсэн. Санхүүжүүлэлт нь хийгдээд явж байсан ийм ажил.

Энэ бол сургуулийн менежментийг сайжруулж, тэнд ажиллаж байгаа багш нарын болоод эцэг эхийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, мөн хүүхдүүдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх цогц арга хэмжээний нэг хэсэг гэж ойлгож болно. Цаашдаа ч бид  сургуулиудын менежментийг сайжруулах бодлогоо тууштай баримтална. Монгол Улсад  төрийн өмчийн нийт 705 сургууль байна. Бид үүний 120-д нь хүрч ажиллалаа. Өөрсдөө менежментээ сайжруулъя гэсэн хүсэлтээ тавьсан 250 орчим сургууль байна.

Ирэх есдүгээр сар гэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа, сургуулиуд цөөрнө гэсэн хүлээлт бий юу?

-Бид эртхэн шийдлээ зарлаж байгаа. Тухайлбал, хотхоны бага сургууль гэдэг чиглэл гаргасан. Ингэснээрээ хотхонд багш нийлээд бага сургууль байгуулаад нэгээс тавдугаар ангийн сургалтыг явуулж, харин бид түрээснийх нь зардлаар дэмжье гэсэн бодлого барьж байгаа. Хувьсах зардал тэртээ, тэргүй гарч ирнэ.

-Ур чадвар дээр асуудал үүсэх үү?

-Багш нар дотор гүйцэтгэлийн үнэлгээгээрээ сайн, дутуу үнэлэгдэж байгаа багш нар байна. Бүгд муу гэсэн үг биш. Хоёрдугаарт, багш хүн туршлагатай байдаг. Туршлагатай багш нар нийлээд ажиллахад болохгүй гэх газаргүй. Гуравдугаарт, Монголын багш нар өдрөөс өдөрт хөгжиж байна.

Тухайлбал, гуравдугаар ангиас англи хэл заая гэхэл бага ангийн багш нарын 40 хувь нь өөрсдөө заах чадвартай байна. Үүн дээр нэмээд сурах бичиг, хөтөлбөр нь бэлэн байна.

-Түрээсийн зардалд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Үүнийг нэмэлтээр оруулж ирж байгаа. Төсвийг хэлэлцэх шатандаа явж байна.

Дээр дурдсан багийн сургууль хүүхдүүдийн сурах орчны стандартыг хангаж чадах уу?

-Эрүүл ахуйн стандартыг чиглэл дотроо оруулсан байгаа. Мөн нэг бүлгийн хүүхдийн тоог 25-аас хэтрүүлэхгүй гэсэн заалтыг баримтлана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна