• Эхлэл
  • Нийслэлийн Засаг дарга Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга Английн “Фүлхэм” багтай 1.1 сая долларын гэрээ байгуулжээ

2026/01/15

УИХ-ын гишүүн Ч.Номин Соёл, спорт, аялал жуучлалын сайдаар ажиллаж байхдаа Английн хөл бөмбөгийн Fulham /Фүлхэм/ багтай сурталчилгааны гэрээ байгуулсан нь илэрч, иргэдийн шүмжлэлд өртөж байв. Эхний 500 сая ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгийг 2024 оны зургадугаар сард шилжүүлсэн байдаг.

Харин энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй гэдэг шалтгаанаар  Английн “Фүлхэм” баг Монголын Засгийн газар, Соёлын яамыг оны өмнө Арбиртын шүүхэд өгч байгаа талаараа мэдэгдсэн байна. Энэ дагуу “Фүлхэм” багтай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Гадаад харилцааны яаманд даалгаж, өр төлбөр барагдуулах ажил оны өмнө дуусжээ.

Тэгвэл Английн “Фүлхэм” багтай ганцхан Соёлын яам гэрээ байгуулаагүй болох нь саяхан "гэрэл цохиж" дахин дуулиан дэгдэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар уг багтай 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн байжээ.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ тухайгаа "Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тогтоол зэргийг үндэслэн санхүүжилт гаргаж, "Фүлхэм" баг руу төлбөрийг шилжүүлсэн" хэмээн тайлбарлажээ.

Дээрх зураг бол Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оны зургадугаар сард Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ирэхэд нь хүлээн авч уулзсан үеийн зураг юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Дэлхий дахинд 3.5 тэрбум үзэгчтэй Премьер лигийн түүхэн баг болох “Фүлхэм” клубтэй Монгол Улс хамтран ажиллах болсонд баяртай байна. “Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлал, үндэсний өв соёлыг дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна” хэмээн мэдэгджээ.

Соёлын сайд асан Ч.Номин Английн "Фүлхэм" багтай байгуулсан гэрээний хүрээнд 220 сая хүнд Монгол Улсыг сурталчилж, таниулсан /"Фүлхэм" клубийн 24.5 мянган суудалтай стадионд улирлын бүх тоглолтын турш дэлгэцээр, бэлтгэлийн хувцас, цахим сувгаар Go Mongolia брэндийг сурталчилсан/ хэмээн дүгнэсэн бол Нийслэлийн ЗДТГ-аас төлсөн 1.1 сая ам.доллар ямар зориулалттай байсан нь тодорхойгүй байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна