
НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 3 /Kazinform/. НҮБ-ын дэргэд байгуулсан Хиймэл оюуны асуудлаарх Олон улсын бие даасан шинжлэх ухааны зөвлөлийн анхны тайлан нийтлэгдсэнтэй холбогдуулан хиймэл оюуны (AI) салбарын олон улсын зохицуулалтыг боловсруулах ажлыг хойшлуулахгүй байхыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш улс орнуудын засгийн газруудад уриаллаа.
АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр А.Гутерриш хэлэхдээ, дэлхий нийт хиймэл оюуны хурдацтай хөгжиж буй технологийн боломж, эрсдэлийн талаарх анхны хараат бус шинжлэх ухааны үнэлгээг хүлээн авлаа хэмээн онцолсон байна.
Тэрбээр дэлхийн тэргүүлэх 40 эрдэмтэн, шинжээчээс бүрдсэн Хиймэл оюуны асуудлаарх Олон улсын бие даасан шинжлэх ухааны зөвлөлийг хэдэн сарын өмнө байгуулсныг дурдаад, тус зөвлөл нь хиймэл оюуны талаарх мэдлэгийн хоосон орон зайг нөхөх, эдийн засаг, нийгэм, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг бодитой үнэлэх зорилготой бүрэн хараат бус анхны олон улсын шинжлэх ухааны байгууллага гэдгийг онцоллоо.
А.Гутерришийн хэлснээр, анхны тайланг маш богино хугацаанд боловсруулж, НҮБ-ын бүх гишүүн орны засгийн газарт хүргүүлээд зогсохгүй олон нийтэд нээлттэй болгожээ. Уг баримт бичигт хиймэл оюуны асар их боломжийг төдийгүй түүнтэй холбоотой эрсдэл, аюул заналыг ч мөн бодитойгоор тусгасан байна.
“Хиймэл оюуныг зөв ашиглаж чадвал эрүүл мэнд, өлсгөлөнтэй тэмцэхээс эхлээд боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарын хөгжлийг хурдасгах хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүчин зүйл болж чадна” хэмээн А.Гутерриш онцолсон байна. Тайланд мөн эдгээр технологийг буруу ашиглавал учруулж болзошгүй хор уршгийг тодорхой дурджээ.
А.Гутерришийн хэлснээр, хиймэл оюун нэгдсэн журам, зохицуулалтгүйгээр хурдацтай хөгжих тусам засгийн газар болон нийгэм түүний ирээдүйд нөлөөлөх боломж төдий чинээ багасна гэдэгт гол дүгнэлт оршиж байгаа ажээ.
Тэрбээр энэхүү тайлан нь их ажлын эхлэл бөгөөд технологийн хөгжилтэй уялдуулан зөвлөлөөс цаашид тогтмол шинэ үнэлгээ, салбарын судалгааг гаргана гэдгийг мэдэгдэв.
Дараагийн алхам бол долоодугаар сарын 6-7-ны өдрүүдэд Женевт болох Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхны Дэлхийн яриа хэлэлцээ юм. А.Гутерришийн хэлснээр, энэхүү яриа хэлэлцээний зорилго нь шинжлэх ухааны дүгнэлтүүдийг бүх улс орны зөвшилцлийн үндсэн дээр олон улсын нэгдсэн үйл ажиллагаа болгон хувиргахад оршиж байгаа ажээ.
Тайланд юу дурдсан бэ?
Урьдчилсан тайланд хиймэл оюун ухааны технологийн хөгжил, түүний эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээ, эдийн засаг, аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүний эрх, ардчилсан институцүүд, соёл, хүүхэд хамгаалалд үзүүлэх нөлөө, түүнчлэн хиймэл оюуны системийн найдвартай байдал, засаглалын асуудлууд зэрэг долоон үндсэн чиглэлийг хамруулжээ.
Тус зөвлөлийг хамтран даргалагч, эрдэмтэн Йошуа Бенжио хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хиймэл оюуны боломж нь эдгээр системийг шинжлэх ухааны үүднээс ойлгох болон улс орнуудын шинэ сорилтуудад дасан зохицох чадвараас хамаагүй хурдтай өсөж байгааг анхааруулав.
"Хиймэл оюуны системүүд хэрэглэгчийг хуурах чадвартай болох нь баримтуудаар нотлогдсоор байгаа бөгөөд өнөөгийн шинжлэх ухаан эдгээр системийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр бие даан эсвэл санаатай буруугаар ашигласны улмаас сүйрлийн үр дагавар гарахгүй гэх баталгааг өгч чадахгүй байна. Иймд бодлого боловсруулагчдад нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломж олгох бие даасан шинжлэх ухааны суурь бааз зайлшгүй шаардлагатай" гэж тэрбээр хэлжээ.
Зөвлөлийг хамтран даргалагч, Нобелийн Энх тайвны шагналтан Мария Ресса хиймэл оюуны өнөөгийн хөгжлийн чиг хандлага нь хүн төрөлхтөн шинэ технологийн бүх давуу талыг хүртэх баталгаа биш гэдгийг онцолсон байна.
"Нийгэм, аюулгүй байдал, хүн төрөлхтөнд учирч болзошгүй эрсдэл асар их байгаа бол өнөөдөр хиймэл оюуны хөгжлийг хөтөлж буй хүчин зүйлс нь хүн бүрд үр өгөөжийг тэгш хүртээхгүй байна" гэж тэрбээр мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Дижитал ба шинэ технологийн асуудал эрхэлсэн тусгай элч Амандип Сингх Гилл хиймэл оюун өөрөө одоо байгаа нийгмийн тэгш бус байдлыг арилгахгүй гэдгийг онцолсон байна.
"Хиймэл оюуны үр өгөөжийг шаардлагатай институц, мэргэшсэн боловсон хүчин, өгөгдлийн нөөцтэй улс орон, нийгэм хамгийн түрүүнд хүртэж байна. Харин ийм нөхцөл бүрдээгүй орнуудад ажлын байр цөөрөх, нийгмийн тэгш бус байдал нэмэгдэх, орон нутгийн хэрэгцээг харгалзаагүй технологиос хараат байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй" гэж тэрбээр хэлжээ.


Сэтгэгдэл байхгүй байна