Хөдөө орон нутагт баавгай хүмүүс рүү ойртож ирсэн тохиолдлууд хэд хэдэн удаа гарсан. Гэтэл өнөөдөр баавгай суурин газарт орж ирэн нэг хүний аминд хүрсэн хэрэг гарлаа.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газарт ойр амьдардаг айл руу баавгай дайрч, гэрийг нь эвдэж улмаар нэг хүн нас баржээ. Мөн 50 орчим насны эмэгтэйн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар нийслэлийн байгаль орчны газар тухайн газар дээр нь ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас

-Өнгөрсөн шөнө 01:00 цаг орчимд БЗД-ийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, эмэгтэйн биеийн байдал хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугатаж гарсан учраас амьд үлдсэн байна. Олон нийтийн сүлжээгээр бага насны хүүхэд байсан гэх мэдээлэл явсан. Энэ мэдээлэл худал. Бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй. Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан мэдээлэлтэй байна. Хэрэг гарсан БЗД-ийн 35 дугаар хороо нь СБД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа. Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Нэг иргэний биеийн байдал хүнд байна
Баавгайд бариулсан нэг иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн гэж албаныхан мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдлыг тодруулахад, "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна.
Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна