Би үүлэн дунд зогсч байна.
Хөрстөөс дээш харахад хөх мөнгөн тэнгэр дэх үүл зарим газраа өтгөрч бөөгнөрөөд эсвэл аяганы алчуур шиг сиймийж,сарниад л, сайтар ажиглах аваас дэлээ хийсгэн давхих жаргалын наймар морь шиг эс бөгөөс азарга унасан баатар нум саадгаа эвшээн давхиж яваа ч юм шиг тэгсэнээ өрөөсөн чих нь салбайтлаа уначихаад чадлаараа харайлгах бүжин туулай ч гэмээр, төсөөлөхийн хэрээр дүрс нь хором бүрээр өөрчлөгддөг гарт баригддаггүй зүйл билээ.

Харин онгоцны цонхоор харахад тээр дор салхины аясаар замхрах савангийн хөөс лугаа юм нэвсийн хөглөрч байдаг. Гэтэл би энэ биеэрээ үүлэн дунд зогсч буй тул өнөө муу үүлээр чинь тогломоор ч юм шиг, барьж үзмээр ч юм шиг, өтгөрч харлаад байгааг нь сарниулж орхимоор ч юм шиг зүггүйтэх сэтгэл төрөх юм гээч.
Мэдээж үүл бол агаарт ууршсан ус учраас юу боллоо гэж түмпэнд хийгээд орхисон аарц шиг миний аясаар нуугиж байх вэ дээ. Гэхдээ намайг үлгэрт гардаг шиг үзүүртэй мод байтугай үүлнээс дээш гарч сүндэрлэсэн 67 давхар барилгын дээвэр дээрх тусгайлан зассан цамхаг дээр тал бие нь үүлэн дунд “ зураг ав, зураг ав” гээд зогсч байсан хэмээн төсөөл дөө.
Энэ бол бодит үнэн, энэ бол аялалын хөтөлбөрт багтсан гайхамшигуудын нэг нь. БНХАУ-ын баруун урд зүг, Түвдийн зүүн талд орших Чунчин хотод зочлох аваас миний ижил үүлэн дунд зогсчихоод “миний зургийг дараарай”гэж ирээд л орилж таарна
Хөх хийгээд Жиалин мөрөний бэлчирт тэнгэрт суудал засан дүнхийх өндөр, өндөр эгц хадан хясаа бүхий уул, түүний дундуур урсах ус ихт хоёр салаа Янцзы голын эрэг дагуу орших Чунчин хот үнэндээ үүлэн дунд хөвж буй мэт харагдагддаг юм билээ. Тэр утгаар нь үүлэн хот гэх болж. Яг үнэндээ хэн юу гэж төсөөлнө түүгээрээ нэрлэдэг гэлтэй. Ямартай ч одоогоор Тэнгэрийн хот, Уулын хот, Эртний хот, Ирээдүйн хот,Гэрлийн хот, Смарт хот хэмээн нэрлэгдэж буй. Та ч бас очиж үзээд өөрт төрсөн сэтгэгдлээрээ нэрлээрэй. Үүлээр “тоглож” болох газрын нэр нь “Үүлэн нүд” буюу “Тэнгэрийн нүд” хэмээх 520 метр өндөр цамхаг. Тэнд дэлхийн алдартай найруулагчид киноны зураг авалт хийдэг болсноос гадна инфлүүсерүүд цувах болсон байна. Манай дуучид ч удахгүй клипнийхээ зургийг авахаар Чунчинийг зорих биз.

Чунчин бол Хятадын дөрөв дэх том хот. Бас авдартаа нууж байсан эрдэнэ нь ч гэж хэлж болохоор. Чунчиний талаар дэлхийн аялагчид мэддэггүй байж. Урд хөршийнхөн түмэнд зарлалгүй , хав дарж, чимээгүйхэн хөгжүүлсээр саяхнаас Хятадын хөгжлийн толь, орчин цагийн Чунчинийг үүцээ задлах мэт дэлхийд танилцуулах болжээ. Эдийн засгийн чадавхи, иргэдийнх нь амьжиргааны түвшин хятададаа толгой цохиж байгаа юм билээ. Үүх түүх, өв соёлоо орчин цагтай хослуулан эдийн засгийн эргэлтэд оруулсан хот хөл дээрээ баттай зогсолгүй яах вэ дээ.
Эх түүхийн тухайд Сүн гүрний үеийн хот. Жуулчдад эртний хотын туурь гэж хэдэн хөх чулуу үзүүлсэнгүй. Тэр л үед байсан хөх тоосгон тагзууд наян жилийн өмнөх барьсан юм шиг хэлбэр дүрс нь хэвээрээ, тахиралдан мушгирах худалдааны нарийн гудамжууд нь мөнөөх янзаараа. Хамгийн бахархмаар зүйл нь булан тохой бүр нь эзэнтэй.
Барагцаагаар мянга илүүтэй жижиг бизнес эрхлэгчид Сүн улсын үеийнхээ орцоор идээ, ундаа, амттанаа үйлдвэрлэн бужигнуулж байна лээ. Байхгүй зүйл гэж алга. Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь. Хэдэн зуун жижиг хоолны газрууд дэлхийн аялагчдыг хооллож ундлан, амттанаараа дайлж, чунчин цайгаараа амны цангааг нь тайлж, ядарсан нэгний хөл гарт массаж хийн, амруулж, жаахан цаашилбал ваартай архиа өмнө нь сөгнөн, далайн амттаны даруулга таваглах мэтээр аашны сайхнаар халаасан дахь хэдийг нь салгаж үлдэхээ мэдэх юм.
Ший жүжиг үзүүлэн амыг нь ангайлгахаа ч мартаагүй. Гар урлал дээд цэгтээ хүртэл хөгжсөн нь тэдний лангуу дээрх сувдан гоёл, үсний хатгуураас нь анзаарагдана. Хятадын хааны ордны тухай өгүүлдэг олон ангит уран сайхны киноны гүнж, хатдын ээмэг зүүлт, толгойн гоёл тэр чигээрээ эртний хотын гудамжны дэлгээтэй байна лээ. Тэнд лангууныхаа ард суучихаад самар цөмөн тургиж суугаа нэг ч хүн тааралдаагүй. Үүр цайхаас үдшийн бүрий тасартал хором ч амрахгүй хөдөлцгөөх аж. Тийм улсын ахуй амьдрал дэвжин дээшилж, тэр хэрээр хот нь хөгжихгүй яах юм.
-Орон зайн шийдэл-
Орчин цагийн тухайд дурлахгүй байхын аргагүй хот. Хийц загвараараа дэлхийг шуугиулдаг энэ цагийн уран барилгууд Янцзы голын эргээр шил даран сүндэрлэжээ. Чунчин бүхэлдээ өндөр уулыг үечилсэн гэмээр харагдсан. Арга ч үгүй биз, манайх шиг нүд алдам өргөн уудам газар нутагтай биш. Тиймээс ухаалаг инженерүүдийнхээ мэдлэг чадварт найдалгүй яав гэж. Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар маань өдгөө хатан Туулынхаа хөвөөнд багтахаа больж байгаа тул Чунчин шиг орон сууц, зам, нийтийн тээврийн системийг нэг орон зайн шийдэлд уялдуулах цаг болжээ гэх бодол төрснөө нуух юун.
Чунчинийг үүлэн завсраар тольдухуйяа хамгийн доод цэг нь Янцзы гол дараагийн үе нь аалзны торыг сүлжсэн мэт баригдсан давхар давхар замууд.Түүнээс дээш шил даран боссон нарийхан өндөр барилгууд. Барилгуудын завсраар гүүр, метро, туннел могой адил мушгиралдах авай. Түүгээр зогсохгүй орон сууцны гэмээр барилга руу цахилгаан галт тэрэг яваад орчихож буйг хараад алмайрч орхих нь тэр. Дараа нь очиж үзэхэд, 19 давхар барилгын 6-8 дугаар давхрын дундуур монорельс метроны зам байдгийг мэдэж авсан.

Метро зогсоолдоо ирэх бүрийд жуулчид яг тэр агшныг буулгаж авахыг чармайх, болж өгвөл өөрийнхөө дүрсний ард фон болгохыг хичээх нь хөгжилтэй, хөгжилгүй орны иргэддээ ч биш хүн гээч амьтны бусдад ер бусын зүйлийн гэрч гэдгээ гайхуулах гэсэн хүсэл нь ижил гэлтэй. Түүнчлэн агаарын дүүжин тээвэр тэнд хэдийнэ нутагшсан байна лээ. Яармагийнхан дүүжин тээврээр зорчино гээд байгаа шүү дээ. Эрчим хүчний хязгаарлалт, өвлийн -40 хэмийн хүйтэнд өнөөх нь царцаж агаарт зогсч гай болох вий. Эсвэл олуулаа чихэж байж утас нь тасарч баларна гээд цуураад байсан даа. Санаа зоволтгүй. Есөн хэлийн 60 гаруй жуулчин нэг амбаарт суугаад дажгүй л голын нөгөө эрэгт гарч орхисон. Харин суух суудал энэ тэр байдаггүй юм байна лээ шүү. Биднийг аялсан өдөр бороотой, бүрхэг байж таарсан. Онгоц адил манан будан дундуур зүссээр өндөр барилгуудын дундах зогсоолдоо ирсэн. Хотыг дээрээс харахад Чунчин бүхэлдээ үүлэн дунд хөвж байгаа мэт сонин л юм билээ.
- Тэнгэрт засагдсан тайз -
Тэнгэрээр аялсан нөхдүүд хөрстөд залархад Малайзын алдарт ихэр цамхаг буюу гүнжийн байшин, Марина бэй сандс-тэй өнгө ижил шахам 350 метр өндөр, 79 давхар “Хэвтээ тэнгэрийн хатагтай” буюу the Crystal гээд харсан бүхэн уулга алдах шилэн барилгууд хамрын үзүүр шүргэх дөхнө. Чунчинийг зорьвол 300 метр урт бөөрөнхий хэвтээ шилэн байгууламж дээр заавал очоорой. Шөнийн Чунчин танд жинхнээсээ өөрийгөө гайхуулах вий. Зүгээр л өнгө өнгийн гэрлийн урсгал руу шумбаад орчихно. Хүний ертөнцөөс буцахын цагт диваажинд хүрэх зам ийм байдаг болов уу гэж бодогдмоор өвөрмөц гэрлийн ертөнцтэй тэнд танилцаж болно. Өдөр нь харсан улаан шар байшин шөнө нь огт харж байгаагүй барилга болон хувирч гайхшрал төрүүлнэ. Гэрлийн ид шид ээ гэж. Гэхдээ өгүүлэмж нь өөр өөр.
Тэр дундуур аварга, аварга хөлөг онгоцууд шил толио гялалзуулан өнгө нэмэн зөрөлдөх нь гайхалтай. Круз аялал хэмээн хошуурах болсон тэр аялалын чинь нэг хувилбар тэнд хөвж явна лээ. Миний суусан хөлөг онгоц гэхэд дөрвөн давхар. Зочид буудлын тансаг өрөө л байхгүй болохоос хүний сэтгэлийг хөөрүүлж болох бүх үйлчилгээ тэнд буй. Хажуугаар зөрсөн онгоцонд шинэ оросууд хуримаа хийж байгаа бололтой “гашуун байна, гашуун байна, нэг хоёр гурав” гээд орилолдоод сүйд. Юун дайн.

Энэ мэтэд нүд унаган хөвсөөр эрэгт буухад бас нэг өөр ертөнц угтана. Тэр нь дрон шоу. Баасан гаригийн орой бүр 23 цагт болдог гэсэн. Цахлай шувууны сүрэг дэгдээхэйнүүдээ урдаа оруулан зэллэн нисч байна уу даа гэмээр цайран харагдах ухаалаг дронууд нэгэн хэмийн хөдөлгөөнөөр өнгө, дүрсээ өөрчилж, асар том електрон дэлгэц Чунчиний тэнгэрийг эзэмдэхүйд дуу алдан дэвхцэх цаашаа болж байгаа юм чинь. Яг магнай дээр чинь аз жаргалын шувуухай алтан луу сүүлээ хүчтэй шарван бүжиж, орчин цагийн хот болсны бэлгэдэл микро чип, роботын элдэв дүрс цаашлаад Чунчиний жижигрүүлсэн хувилбар агаарт өнгө алаглан сүндэрлэхийг хараад ханашгүй. Тэр бүхэн цэгээс бүрдэж, цэг бүхэн нэг дрон гэхээр тэнгэрийн хаяаг дүүргэж буй дүрсийг хичнээн зуун дрон ашиглаж бүтээсэн бол гэж бодохоор алмайрч гүйцэхээр. Энэ бүгд нэг удирдлагаар шийдэгдсэн оюуны гайхамшигт бүтээл юм. Нүдээр үзэхийн цагт үзүүштэй зүйлийн нэг мөнөөс мөн. Хамгийн сонирхолтой нь дронууд нэгэн цогц хөдөлгөөнөөр, хоорондоо мөргөлдөхгүйгээр яг нарийн хэмнэлээр байрлалаа өөрчилнө. Энэ бол зүгээр нэг гэрлийн шоу биш. Нэгдсэн удирдлагын систем, нарийн программчлал, нислэгийн зохицуулалт, инженерийн тооцоо, технологийн шийдэл зэрэг олон хүчин зүйлийг багцалж гэмээнэ оюуны бүтээл болдгийн сонгодог жишээ байлаа.
Чунчинчүүд хотынхоо тэнгэрийг хүртэл технологийн тайз болгож чадаж буй хөгжлийн гайхамшгаа дэлхийд гайхуулахыг хүсэлгүй яах вэ. Дээр нь нэмж тодотгоход Чунчин бол смарт хот. Бүхий л үйлчилгээ нь смарт. Явуулын улс л учрыг нь олох гэж тэвддэг байж мэднэ. Олчихвол түүн шиг асуудлыг түргэн шуурхай, бусдаас үл хамаарах систем аж.
Үргэлжлэл бий. Чунчин-Улаанбаатар.
2026.10.03
Холбоотой нийтлэлүүдийг дор дарж уншина уу
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик
Мэдээллийн хүч буюу Чунчинь дэлхийн анхаарлыг татсан нь
Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин


Сэтгэгдэл байхгүй байна