• Эхлэл
  • Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна

2026/10/25

Монголын аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран 27 дахь жилдээ зохион байгуулж буй “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл экспо төвд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү үзэсгэлэн салбарын хөгжлийн чиг хандлага, инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, борлуулалт нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, олон улсын сайн туршлага, шийдлийг хуваалцах зорилготой.

Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн үзэсгэлэнд гадаадын улс орнуудын төлөөлөл, олон улсын байгууллагуудын оролцоо өргөжиж, олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл хөгжүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Япон, Малайз, Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр оролцож байна.

 

Мөн 20 мянга гаруй зочин, үзэгчийг хүлээн авч, аялал жуулчлалын бизнес, санхүү, даатгал, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулж байна.

Тус үзэсгэлэнд ОХУ-ын Буриад Улс, Эрхүү хотын байгууллагууд Байгаль нуурын бүс нутгийн аялал, байгаль, соёлд түшиглэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бол бусад улсын төлөөлөл аяллын үйлчилгээ, эрүүл мэндийн болон тансаг зэрэглэлийн аялал, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг сурталчилж байна. Түүнчлэн БНХАУ-ын Өвөр Монголын хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, аялал жуулчлалын компаниуд оролцож, бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн түншлэл, мэдээлэл сурталчилгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээж байна.

Үзэсгэлэнгийн түнш аймгаар Дундговь аймаг оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарлалаа. Говийн байгаль, нүүдэлчин соёл, уламжлал, түүхэн дурсгалт газруудаараа онцлог тус аймаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ маршрут, аяллын боломжуудаа танилцуулж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна