• Эхлэл
  • ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Европын орнууд үймээн самуунд автлаа

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Европын орнууд үймээн самуунд автлаа

2026/10/25

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Үүнд Франц, Испани,Итали, Албани зэрэг Европын орнуудад залуучуудын эсэргүүцлийн жагсаал цуглаанууд улам өргөжлөө. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч С.Уиткофф Санк-Петербург хотноо ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзсан нь үр дүнтэй болсон тухай хэвлэлүүдэд бичиж байна. Түүнчлэн Японы сансрын агентлаг Ангараг гаргийн дагуул болох Фобосоос хөрсний дээж авчрахаар сансрын аппарат хөөргөсөн, SpaceX ба Tesla компаниудыг хооронд нь нэгтгэхийг Илон Маск дэмжсэн гэх мэт олон сонирхолтой үйл явдал өрнөв. Ингээд энэ оны 43 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад үйл явдлыг тоймлон хүргэе.

 

Францад болсон жагсаалууд дээрэм тонуулд хүргэлээ 

Францад сүүлийн хэдэн жилд дэгдсэн хамгийн том үймээн самуун, дээрэм тонуулын дараа Парис, Лион болон бусад хотуудад хөл хорио тогтоолоо. Нүүрээ халхалж маск зүүсэн танхайчууд дэлгүүрүүд, бизнесийн байгууллагууд ба улс төрийн намууд руу дайрч, тонон дээрэмдсэний дараа  2 мянга гаруй хүнийг баривчилжээ. Дэлхийн хоёр дайны нүүр үзсэн Лимож хотын захиргааны байр шатаж нурсан байна. Францын ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлэхдээ, хүчирхийллийг юугаар ч зөвтгөх аргагүй гэлээ. Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж хэт барууны үзэлт Марин Ле Пен ардчилалд аюул заналхийлж байгааг анхааруулаад ерөнхийлөгч Макрон болон зүүний үзэлтнүүдийг буруутгалаа.

 

В.Путин, С.Уиткофф нарын уулзалт амжилттай боллоо 

Украин ба Цагаан ордны харилцаа муудаж байгаа энэ үед Ерөнхийлөгч В.Зеленский Дональд Трампын элч Стив Виткоффтой уулзахаар Осло руу нислээ. Өмнө нь ноён Трамп өөрөө өнгөрсөн сард гарын үсэг зурж зөвшөөрсөн Грэхэмийн хуулийн дагуух хориг арга хэмжээг цуцалснаар Оросыг дэмжих дахн нэг алхам хийв. Үүнийг Зеленский шүүмжилж, уг хууль нь "Орост үр дүнтэй шахалт үзүүлэх ёстой" гэлээ. Америкийн тал Ослогийн уулзалтыг бүтээлч гэж тодорхойлсон бөгөөд Трампын тусгай элч С.Уиткофф Оросын Ерөнхийлөгчтэй уулзахаар Санкт-Петербург руу явжээ. Кремлийн хэвлэлийн алба мэдээлэхдээ,  Ерөнхийлөгч гурван талт энхийн хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр тохиролцсон гэв.

Д.Трамп 300 мянга гаруй хүний визийг цуцалжээ 

Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд 300 мянган визийг цуцалсан нь наймдугаар сарын эхэн гэхэд хүчингүй болгоод байсан 175 мянган визнээс өссөн үзүүлэлт гэдгийг АНУ-ын Төрийн Департамент мэдэгдлээ. Дээрх тоог зарлах үеэр Төрийн Департаментын албан тушаалтан хэлэхдээ "визтэй боловч хууль зөрчсөн гадаадын иргэдэд ямар ч өршөөл үзүүлэхгүй” гэв.

Альберта мужийн иргэд Канадын бүрэлдэхүүнд байхаа илэрхийллээ 

 

Альберта мужид болсон бүх нийтийн санал асуулгаар сонгогчдын 75 гаруй хувь нь тусгаар тогтнох бус харин Альбертаг Канадын муж хэвээр байлгахыг дэмжлээ. Ерөнхий сайд Марк Карни санал асуулгын дүнг "эв нэгдлийн ялалт" хэмээн тодорхойлоод Канад улс бол түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийг  нийлүүлснээс ч хамаагүй илүү хүчирхэг гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ тус мужийн иргэд цагаачлалын хяналтыг чангатгах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжлээ.

 

 

 

Бразилын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Луис Инасио Лула да Силва, Флавио Болсонаро нар 10 дугаар сарын 25-нд болох Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын өмнөхөн хоорондоо мэтгэлцлээ. Санал асуулгын дүнг үзвэл,  10 дугаар сарын 4-нд болсон эхний шатны санал хураалтаас хойш хоёр нэр дэвшигчийн хоорондын саналын зөрүү багассан байна. Тухайн үед Болсонаро 47 хувийн, да Лула 45 хувийн санал авсан юм.

 

 

Японы сансрын аппарат Фобос руу нисэв 

Японы сансрын агентлаг Ангараг гаргийн хоёр жижиг дагуулын нэг болох Фобосоос таван жилийн дотор дээж цуглуулах зорилгоор сансрын хөлөг хөөргөсөн бөгөөд энэ нь өөр гаргаас эх Дэлхий буцаж ирсэн анхны аялал болох юм.  Уг сансрын хөлөг 2027 оны 8 дугаар сард Ангараг гаргийн тойрог замд орж, дараа нь Фобос дээр газардана. Алсын удирдлагатай робот машин  уг дагуулын хөрснөөс робот гарын тусламжтайгаар хөрсний дээж цуглуулна. Хэрвээ бүх ажиллагаа төлөвлөсний дагуу явагдах аваас сансрын хөлөг 2030 онд Фобосоос хөөрч, 2031 онд Дэлхийд буцаж ирнэ.

 

 

Хоёр компаниа хооронд нь нэгтгэхийг И.Маск дэмжжээ 

SpaceX ба Tesla компаниудыг хооронд нь нэгтгэх хувилбарыг Илон Маск дэмжжээ. Түүний хэлснээр, компаниудыг нэгтгэх нь "маш их давуу талыг” олгох бөгөөд хоёр компанийн ТУЗ-үүд асуудлыг судлахаар хараат бус хороодыг байгуулсан байна. Харин ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас хоёр компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч болох И.Маск эдгээр хорооны бүрэлдэхүүнд ороогүй ажээ. Хоёр компани нэгдсэн тохиолдолд өгөгдлийн төвүүд, жолоочгүй автомашин, роботуудад зориулсан хиймэл оюун ухааны шийдлүүдийн талаарх И.Маскийн асар том төлөвлөгөө хэрэгжих болно. Үүний зэрэгцээ SpaceX компанийн улирлын орлого нь 14.6 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 161 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүний 7.6 тэрбум доллар нь хиймэл оюун ухаан нэвтрүүлсний үр дүнд орж ирсэн байна. Ноён Маск ирэх онд америк хүүхэд бүрд одоогоор бараг 160 доллароор үнэлэгдэж буй SpaceX компанийн нэг хувьцаа бэлэглэхээ амлажээ.

Метагийн орлого эрс өсөв 

Мета компанийн гуравдугаар улирлын орлого өмнөх оны мөн үеийнхээс 26 хувиар өсөж, 64.6 тэрбум долларт хүрлээ. Тус компани есдүгээр сард өөрийн гэсэн хиймэл оюун ухааны Muse агентаа нэвтрүүлсэн байна. Харин Нью Мексико муж улсын шүүхээс тус компани хувийн нууцын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэдгийг тогтоосны дараа 25 тэрбум долларын торгууль ногдууллаа.

Үймээн самуунаас үүдэн Францын засгийн газрын бондын хүү нэмэгдэв 

Францад дэгдсэн үймээн самуунаас үүдэн 10 жилийн хугацаатай тус улсын засгийн газрын бондын хүү 2002 оноос хойш анх удаа 5 хувиас давсан бөгөөд төсвийн шинэчлэл хойшлогдоно гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Супермаркетын сүлжээ болох Carrefour урьдчилан тооцоолсон жилийн ашгийнхаа хэмжээг бууруулж, худалдан авагчдыг үргэн дайжихад хүргэх магадлалтай хүчирхийллийг буруушаалаа. Амралтын өдрүүдэд дэгдсэн үймээний улмаас учирсан даатгалын нөхөн төлбөр 1 тэрбум еврогоос давах (1.1 тэрбум доллар) төлөвтэй байгаа нь 2023 онд үймээний хохирлоос /700 сая евро/ хамаагүй давж байгаа юм.

 

Олборлолтын төслийг Британийн засгийн газар дэмжсэнээр ногоонтнуудын эсэргүүцэлтэй тулгарчээ 

Их Британийн засгийн газар Хойд тэнгис дэх "Жакдау" хийн ордод олборлолт явуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь Энди Бернэм Ерөнхий сайдаар томилогдсоныхоо чулуун нүүрсний төслийг дэмжсэн анхны тохиолдол боллоо. Гэтэл эрх баригч Лейборист нам нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг тэг болгох бодлого баримтлахаа сонгогчдод амласан юм. Ногоонтнууд үүнд маш ихээр бухимдаж байгаа хэдий ч  Э.Бернхэм ажлын байруудыг бий болгоно мэдэгдсэн бөгөөд үйлдвэрчний эвлэлүүд дээрх шийдвэрийг сайшаажээ. Засгийн газар одоо газрын тос олборлох “Роузбанк” төслийг гэж байгаа бөгөөд байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна.

 

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд:

10 дугаар сарын 24 – 11 дүгээр сарын 1

  • Чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилнэ.
  • Эрэгтэй теннисчдийн “Swiss Indoors Basel” тэмцээн Швейцар улсад болж байна.
  • Австри улсын нийслэл Вена хотод эрэгтэй теннисчдийн “Erste Bank Open” тэмцээн болж байна.

10 дугаар сарын 27

  • Аудиовизуал өвийн дэлхийн өдөр Дуу болон хөдөлгөөнт дүрсийг хадгалахын ач холбогдлыг онцлон ЮНЕСКО-гоос жил бүр тэмдэглэдэг баяр
  • Израилийн парламентын сонгууль болно. Сонгогчид Кнессетийн бүрэлдэхүүн болон засгийн газрын ирээдүйн удирдлагыг тодорхойлохын тулд санал хураалтад оролцоно.

10 дугаар сарын 29

  • Дэлхийн программчлалын өдөр.
  • Цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр

10 дугаар сарын 29 – 31  Жүдогийн “Judo Grand Slam” тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод явагдана.

10 дугаар сарын 30 – 11 дүгээр сарын 1

  • Авто спортын “Formula 1 Mexico City Grand Prix“ уралдаан Мехико хотод болно.
  • Малайз улсад Мото спортын “MotoGP Grand Prix of Malaysia” уралдаан болно.
  • Олон улсын Христийн шашны бизнесийн дээд хэмжээний уулзалт / ICBS 2026 UPSA-ийн танхимд зохион байгуулагдана

10 дугаар сарын 31

  • Дэлхийн хотуудын өдөр (2026 оны 10-р сарын 31): Дэлхийн хотжилт болон хотын тогтвортой хөгжлийг сурталчлах зорилгоор НҮБ-ын дэмжлэгтэйгээр тэмдэглэдэг олон улсын өдөр.
  • Хэллоуиний баяр

10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 08 Зуны Залуучуудын Олимпын наадам Сенегал улсад болно.

10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13  Эрэгтэй теннисчдийн “Rolex Paris Masters” тэмцээн Парис хотод болно.

ЭХ СУРВАЛЖ МОНЦАМЭ АГЕНТЛАГ

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна