Нийтлэлч Д Батбаярын нийтлэлийг хүргэж байна

Энэ жил хот суурин газраар баавгай үзэгдэх нь олширч, монгол хүн, баавгай хоёр ойртлоо. Үүний хамт агнаагүй баавгайн арьсыг хуваах яриа газар авлаа. Баавгай ойдоо байна уу, хотод орж ирсэн үү, арьс нь хэдэн төгрөг хүрэх вэ гэдгийг бодох сэхээ алга, аль хэдийн арьсыг нь хуваагаад эхэлжээ. “Алаагүй баавгайн арьсыг хуваах” гэдэг хэлц үг мартагдахгүй нь сайхан ч сургамж авахгүй нь муухай.
Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ тараана гэж хэлэх амархан. Ногдол ашгийг бэлнээр нь тараах санаа буруу биш. Байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ хүртээх нь төрийн үндсэн үүрэг. Төрийн ордны хонгилд явдал дундаа хэлсэн ганц өгүүлбэрээ ажил болгоё гэвэл өрөөндөө орж суугаад зээлийн гэрээ, хууль журам, улсын төсөв мэт олон асуудлыг шийдэх учиртай.
Байгалийн баялаг бол уурхайд ажиллаж байгаа хэдэн мянган хүний, төрийн өмчийн компанийн удирдлагын өмч биш. Үр өгөөжийг нь нийт иргэдэд яаж наах вэ гэдэг бол төрийн бодлогын үндсэн асуулт. Баялгийн өгөөжийг иргэдэд хүртээхийг хүсэх нэг хэрэг, хууль ёсоор, санхүүгийн хувьд боломжтой хэмжээнд, эдийн засагт хохирол багатай хэрэгжүүлэх нь тусдаа асуудал.
Иргэдээс оноо авах санаатай улстөрч ганц тоо хэлээд алга ташуулна. Харин Засгийн газар тэр саналыг ажил болгоё гэвэл дор хаяж таван асуултад хариулах учиртай. Тэр мөнгө яг хэний дансанд байгаа вэ? Хуваарилах эрх нь хэнд байна вэ? Оюутолгойн өрийн нөхцөлд юу гэж заасан бэ? Компани хэдий хэмжээний мөнгийг ногдол ашиг болгон гаргаж чадах вэ? Эцэст нь, орж ирсэн мөнгийг иргэдэд тараахад ямар хууль, төсөв, бүртгэл, төлбөрийн механизм хэрэгтэй вэ?
Дээрх асуултуудад хариулаагүй атлаа ногдол ашиг тараана гэж ярихыг монголоор “Алаагүй байвгайн арьсыг хуваах” гэдэг. Баавгай байгаа нь үнэн. Арьсыг нь хуулах боломж ч бий. Гэхдээ баялаг, компанийн ашиг, бэлэн мөнгө, ногдол ашиг, иргэдийн гар дээр очих мөнгө гэдэг нь таван өөр ойлголт.
Гурван их наяд бол тоо
Энэ жилийн зургадугаар сард Засгийн газар ба Рио Тинто Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцож, Монголын тал ногдол ашиг хүртэх хугацааг 2037 оноос 2027 он руу наашлуулах зорилт тавьсан. Мөн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг танах чиглэлээр тохиролцсон. Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос авах ногдол ашгийн орлогыг гурван их наядаар тооцсон. Гэхдээ энэ бол төсөвт тусгасан цээжний хонжоо болохоос ногдол ашгийн эцэслэсэн дүн биш, тэгээд ч хуваарилалтын нөхцөл бүрэн баталгаажаагүй байгаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Л.Гантөмөр нар иргэн бүрт бэлэн мөнгө тараах санал гаргаж, нэг хүнд ойролцоогоор 800-857 мянган төгрөг ногдоно гэв. Гурван их наядыг 3.5 сая хүнд тэнцүү хуваавал ийм тоо гарна. Энэ бол арифметик тооцоо болохоос хүн бүр ийм хэмжээний мөнгө авах нь баталгаажсан гэсэн үг биш.
Хамгийн гол нь, гурван их наяд гэдэг нь Засгийн газрын төсөвт тусгасан хүлээгдэж буй орлогын тоо. Түүнээс иргэдийн дансанд шилжүүлэхээр шийдчихсэн мөнгө биш. Оюутолгой ХХК-ийн 66 хувийг Рио Тинтогийн тал, 34 хувийг Монголын төр “Эрдэнэс Оюу толгой” компаниар дамжуулан эзэмшдэг. Тиймээс нийт ногдол ашгаас Монголын төрд ногдох хэсэг, түүнийг төр ямар зориулалтаар ашиглах, иргэдэд шууд олгох хэмжээ бол тус тусад нь шийдвэрлэх асуудал.
Нэгдүгээр алхам: Үндэсний баялгийн сангийн хуулийг шийдэх
Энэ асуудлыг яагаад хамгийн түрүүнд хөндөх ёстой вэ гэвэл мөнгийг юунд зарцуулж болохыг хуулиар аль хэдийн зохицуулчихсан байгаа.
2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд баялгийн санг Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэж гурав хуваасан. Хуримтлалын сангийн зорилго нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр хүртээх явдал. Төрийн эзэмшлийн уул уурхайн компаниудаас хүртэх ногдол ашгийг уг санд төвлөрүүлэх зохицуулалттай.
Өөрөөр хэлвэл, хууль тогтоогчид маань баялгийн өгөөжийг иргэдэд хүртээхдээ бэлэн мөнгө хэлбэрээр өгөхөөс илүү тодорхой хэрэгцээнд зориулан хуримтлуулах механизм хийсэн. Иргэдийн нэрийн дансанд ногдол ашиг бүртгэгдэж, тэр мөнгийг орон сууцны урьдчилгаа, сургалтын төлбөр, эрүүл мэнддээ зарцуулна гэсэн үг, түүнээс дураараа зарцуулах бэлэн мөнгө огт биш.
Засгийн газар ногдол ашгийг шууд тараахаар шийдвэл хоёр үндсэн хувилбар бий. Нэгдүгээр хувилбар, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Ногдол ашгийн тодорхой хэсгийг иргэдэд шууд мөнгөн хэлбэрээр хуваарилж болох нөхцөл, хэмжээ, давтамж, шалгуурыг хуульд тодорхой тусгана. Хоёрдугаар хувилбар, Нэг удаагийн тусгай хууль батлах. Зөвхөн 2027 онд Оюутолгойгоос орж ирэх тодорхой хэмжээний орлогыг яаж зарцуулахыг тусгайлан зохицуулж болно. Гэхдээ тусгай хуулийг хүчин төгөлдөр хуультай нийцүүлэх ажлыг хууль зүйн хувьд нягтлах ёстой.
Аль нь ч байлаа УИХ-ын шийдвэр шаардлагатай. Засгийн газар өөрөө тогтоол гаргаад хуульд заасан зориулалтыг нь дур мэдэн өөрчлөх боломжгүй. Үүнийг шийдэхгүй аваас иргэдэд бэлэн мөнгө тараах шийдвэр нь хүчин төгөлдөр хуультай зөрчилдөх эрсдэлтэй. Улс төрийн амлалт бол хууль зөрчих эрх дарх биш.
Хоёрдугаар алхам: Рио Тинтотой хийсэн гэрээ юуг зөвшөөрснийг тогтоох
Хууль өөрчлөх нь манай асуудал. Харин Оюутолгойн компаниас ногдол ашиг гаргах нь хувь нийлүүлэгчдийн гэрээ болон төслийн санхүүжилтийн нөхцөлтэй холбоотой.
Өнгөрөгч зургадугаар сард Рио Тинто, Монголын Засгийн газар хоёр хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, ногдол ашгийн хуваарилалтыг наашлуулах чиглэлээр хамтран ажиллахаа зарласан. Есдүгээр сард гэрээнд өөрчлөлт оруулах тохиролцооны талаар мэдээлсэн ч хэрэгжүүлэх нөхцөл, баримт бичгийг эцэслэн баталгаажуулах ажил бий.
Нийтэд ил болсон мэдээллээс гэрээнд Монголын төр ногдол ашгаа хүлээн авсны дараа иргэддээ бэлнээр тарааж болохгүй гэсэн хориг заалт байна гэж шууд дүгнэх үндэс алга. Эсрэгээрээ, иргэдэд бэлнээр тараах эрхтэй гэж гэрээнд баталгаажуулсан гэж хэлэх ч боломжгүй. Үүнийг тогтоохын тулд гэрээний хүчин төгөлдөр, эцсийн эх болон түүнд холбогдох санхүүжилтийн баримт бичгийг эргэж харах ёстой.
Энд хоёр өөр асуудлыг ялгаж салгая. Ногдол ашиг хуваарилах эсэх нь компанийн санхүү, хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн нөхцөлөөс шууд шалтгаална. Харин Монголын төр өөрт ногдсон мөнгийг яаж зарцуулах нь манай хууль, төсөв, парламентын шийдвэртэй холбоотой.
Монголын төр өөрийн хууль тогтоомжийн хүрээнд хүлээн авсан ногдол ашгаа юунд зарцуулахаа шийдэх эрхтэй. Гэхдээ Оюутолгой компаниас гэрээнд заагаагүй мөнгийг дур мэдэн гаргуулах эрхгүй. Тиймээс Засгийн газар эхлээд гэрээний нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон эсэх, ногдол ашиг хуваарилах нөхцөл гэж яг юу болох, гэрээгээр Монголын талд ногдох мөнгөний зориулалтад ямар нэг хязгаарлалт тавьсан эсэхийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах ёстой.
Гуравдугаар алхам: Зээлдүүлэгчдийн нөхцөлийг шийдэх
Энэ бол манай улстөрчдийн мэдэгдэлтэй ёстой хавирахгүй хэсэг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт асар их хөрөнгө шаардсан. 2015 онд байгуулсан төслийн санхүүжилтийн гэрээгээр олон улсын санхүүгийн байгууллага, экспортын зээлийн агентлаг болон 15 арилжааны банкийг оролцуулаад нийт 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт босгосон. Зээл авсан компани ашигтай ажиллаж эхэллээ гэхэд орлогоо хүссэнээрээ зарцуулж болдоггүй юм. Зээлдүүлэгчид мөнгөө буцаан авах баталгаагаа гэрээгээр тогтоочихсон байгаа.
Өр төлбөрөө төлөөгүй байж ногдол ашиг тараах боломж байгаа эсэх, хязгаарлалт нь ямар нөхцөлд үйлчлэх, зээлдүүлэгчдийн зөвшөөрөл шаардлагатай юу гэдгийг эдгээр баримт бичиг л эцэслэн тодорхойлно. Хэрэв зээлдүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлага гарвал бол олон банк, санхүүгийн байгууллагатай зэрэг зэрэг хэлэлцээ хийж их хугацаа зарцуулна, тэгээд ч үр дүнг нь урьдчилан тодорхойлох боломжгүй. Зарим нь зөвшөөрөхгүй, нөгөө бол нэмэлт нөхцөл тавьж болзошгүй.
Засгийн газрын хийх ёстой ажил бол зээлдүүлэгчдийг тойрч гарах улс төрийн арга хайхаас илүү ногдол ашиг гаргах гэрээний нөхцөл хангагдсан эсэхийг ил тод тогтоох явдал. Энэ алхмыг дутуу үнэлбэл нийт үйл явц удаашрах, юм уу бүхэлдээ гацах эрсдэлтэй.
Дөрөвдүгээр алхам: Гурван их наяд төгрөг бодитоор орж ирэх эсэхийг тогтоох
Төсөв бол ирээдүйн орлого, зарлагын төлөвлөгөө. Төсөвт гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн орлого тусгасан нь Засгийн газар ийм хэмжээний мөнгө авахаар тооцож байгааг харуулна. Гэхдээ төсвийн хүснэгтэд бичсэн тэр тоо Оюутолгой ХХК ногдол ашиг хуваарилах шийдвэр ерөөс биш.
Эхлээд гурван зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Нэгдүгээрт, компанийн ашиг. Борлуулалтын орлого их байлаа гээд тэр хэмжээний мөнгө хуваарилна гэсэн үг биш. Зардал, татвар, хүү, өрийн төлбөрийг тооцно. Хоёрдугаарт, бэлэн мөнгөний урсгал. Нягтлан бодох бүртгэл дээр ашигтай ажилласан компани дураараа зарцуулах мөнгөтэй байдаггүй. Гуравдугаарт, ногдол ашиг хуваарилах шийдвэр. Компани хэдий хэмжээний ашигтай ажилласан, хэдий хэмжээний мөнгө гаргах боломжтойг эрх бүхий байгууллага нь шийдэх ёстой.
2026 оны есдүгээр сарын байдлаар ногдол ашгийн хэмжээг тухайн жилийн санхүүгийн үр дүн, хуваарилалтын нөхцөлтэй уялдуулан тодорхойлох ажил үргэлжилж байсан. Иймээс гурван их наяд төгрөгийг эцэслэн баталгаажсан мөнгө мэтээр ойлговол гэнэн хэрэг. Хэрэв бодит ногдол ашиг төсөвт төлөвлөснөөс бага гарвал Засгийн газар зөрүүг өөр орлогоор нөхөх үү, зарлагаа бууруулах уу гэдгээ урьдчилан тооцсон байх ёстой. Иргэдэд мөнгө тараах эсэхийг шийдэхээс өмнө тараах боломжтой бодит мөнгөний хэмжээг тогтоох нь чухал.
Тавдугаар алхам: Мөнгө орж ирсний дараа хэнд, яаж хуваарилах вэ
Хуулийн асуудлаа шийдэж, гэрээний нөхцөлөө хангаж, ногдол ашиг хуваарилах бодит боломж бүрдлээ гэж бодъё. Тэгвэл Монголын төр орж ирсэн мөнгийг яаж хуваарилах вэ гэдэг асуулт босно.
Нэгдүгээр хувилбар нь ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар хүртээх. Хоёрдугаар хувилбар нь хуульд нийцсэн зохицуулалт баталсны үндсэн дээр тодорхой хэсгийг иргэдэд шууд бэлэн мөнгө хэлбэрээр тараах. Гуравдугаар хувилбар нь эрчим хүч, боловсрол, дэд бүтэц зэрэг урт хугацааны үр өгөөжтэй төсөлд зарцуулах.
Хэрэв иргэдэд бэлэн мөнгө тараах шийдвэр гаргавал УИХ хуваарилалтын хууль зүйн үндэслэл, нийт дүн, хамрагдах иргэдийн хүрээг батална. Санхүүгийн байгууллагууд төрийн бүртгэлийн байгууллагуудтай мэдээллээ тулгана. Нэг иргэнд олгох хэмжээ, гүйлгээний журам, олгох хугацааг тогтооно. Төсвийн болоод санхүүгийн хяналтыг хангаж, гүйлгээний явцыг нийтэд тайлагнана. Техникийн хувьд хэрэгжүүлэх боломжтой ч мэдээллийн алдаа, банкны гүйлгээ, гомдол шийдвэрлэх журмыг урьдчилан бүрдүүлэх ёстой.
Зургаадугаар асуудал: Иргэдэд мөнгө тараавал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ
Нэг хүнд 800 мянга гаран төгрөг тараавал бага орлоготой өрх, тэтгэвэрийнхэн, зээлтэй иргэдэд бодит дэмжлэг болно. Өрхийн хүнсний зардал, эмчилгээ, дулаан, цахилгааны төлбөр, түлшний зардалд нэмэртэй. Гэхдээ ийм их хэмжээний мөнгө зах зээлд орж ирэхэд бараа, үйлчилгээний нийлүүлэлт дагаад өсөхгүй аваас юм юмны үнэ өснө. Ялангуяа импортоос хамааралтай мөртөө хариугүй нийлүүлэлтэд ханачихдаг манай “хөөрхөн“ зах зээлд ийм эрсдэл бодитой.
Инфляцийн өсөлт хүн бүрт адил тусдаггүй. Бага орлоготой өрх, ахмад настан, тэтгэмж авагчдын орлогын ихэнх нь хүнс, эм, дулаан, цахилгаан, түлш зэрэг үндсэн хэрэгцээндээ зарцуулагддаг учраас үнийн өсөлт тэдэнд илүү хүндээр тусна. Дундаж, түүнээс дээш орлоготой иргэд энэ нөлөөг харьцангуй бага мэдэрнэ. Тэгэхээр бэлэн мөнгө тараавал “эмзэг бүлэг”-т зуурдын найр, зууны зовлон болох эрсдэлтэй.
Нөгөө талд, ногдол ашгийг урт хугацааны өгөөжтэй төсөлд зарцуулбал үр дүн нь шууд мэдрэгдэхгүй ч эдийн засгийн бүтээмжид нөлөөлнө. Гэхдээ төр үр ашиггүй төсөл сонгож, өртгийг нь хэтрүүлбэл иргэд хүртэх ёстой баялгийн өгөөж төсвийн үрэлгэн зардал л болно. Бид “мега төсөл” гэдэг үгэнд нуруугаа авахуулсан.
Мөнгө тараах амлалтаас өмнө зургаан зангилааг тайлъя
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах санал хууль бус, эсвэл эдийн засгийн хувьд утгагүй санаа биш. Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ яаж хүртээх нь Монгол төрийн өмнө тавигдаад буй бодит асуудал. Иргэд баялгийнхаа өгөөжөөс хүртэхийг шаардах бүрэн үндэслэлтэй. Гэхдээ бодит ажил болгоё гэвэл дараах дарааллыг баримтлах хэрэгтэй.
1. Хуулийн үндэслэлээ бүрдүүлэх. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу, нэг удаагийн тусгай хууль батлах уу гэдгийг шийднэ.
2. Хувь нийлүүлэгчдийн гэрээг баталгаажуулах. Ногдол ашиг хуваарилах эрх, нөхцөл болон Монголын тал авсан мөнгөө ашиглахад хязгаарлалт тавьсан эсэхийг тодруулна.
3. Зээлдүүлэгчдийн шаардлагыг хангах. Өр, санхүүжилтийн гэрээнд заасан ногдол ашиг хуваарилах нөхцөлийг хангаж, зохих зөвшөөрөл авна. Олон талт зөвшөөрөл шаардлагатай учраас их хугацаа зарцуулахаас гадна, үр дүн нь тодорхойгүй.
4. Бодит ногдол ашгийг тогтоох. Компанийн санхүүгийн үр дүн, мөнгөн урсгал, ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэрийг үндэслэн авах орлогоо тодорхойлно.
5. Хуваарилалтын шийдвэр гаргах. Иргэдэд шууд өгөх, Хуримтлалын санд төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтад зарцуулах хувилбаруудаас хуульд нийцсэн шийдвэр сонгоно.
6. Хэрэгжилт, хяналтыг хангах. Хуваарилалтын бүртгэл, банкны гүйлгээ, төсвийн хяналт, олон нийтэд тайлагнах журмыг бүрдүүлнэ.
Эдгээр алхмын аль нэгийг алгасвал... Хуулиа шийдэхгүй аваас эрх зүйн зөрчил үүснэ. Гэрээний нөхцөлөө тодруулахгүй бол ногдол ашиг гаргах ажиллагаа саатна. Зээлдүүлэгчдээс зөвшөөрөл авахгүйгээр ажил урагшлах боломжгүй. Бодит мөнгөн урсгалаа тооцоогүй бол төсвийн орлого тасалдах эрсдэлтэй. Хуваарилалтын журмаа бэлтгээгүй бол мөнгө тараах шийдвэр хэрэгжихгүй, эсбөгөөс алдаа гарч, хэл ам дагуулна.
Энэ бол “Тараах уу, эс тараах уу” гэдэг Гамлетийн монологи бус баялгийн өгөөжийг иргэдэд хэрхэн хүртээх вэ, өгөөжийг өнөөдөр хэрэглэх үү, ирээдүйд илүү үр ашигтай төсөлд зарцуулах уу гэдэг улс төрийн шийдэл.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд тараахыг дэмжиж байгаа улстөрчдөд хэдэн асуулт тавихад илүүдэхгүй. Хуулийн ямар заалтыг өөрчлөх вэ? Ногдол ашиг хуваарилах гэрээний нөхцөл бүрэн хангагдсан уу? Зээлдүүлэгчдийн зөвшөөрөл шаардлагатай бол хэн, хэзээ авах вэ? Гурван их наяд төгрөгийн хэд нь бодитоор баталгаажсан бэ? Мөнгө тараасны дараах эдийн засгийн нөлөө, ялангуяа эмзэг бүлэгт үзүүлэх нөлөөг тооцсон уу?
Эцэст нь, баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх бол зорилго. Тэр зорилгод хүрэхийн тулд хууль, гэрээ, санхүүгийн бодит байдал, эдийн засгийн үр дагаврыг тооцох нь төрийн үүрэг. Ярих амархан. Хэрэгжүүлэхийн тулд хууль, гэрээ, санхүүжилтийн нөхцөл, бодит мөнгөн урсгал, хуваарилалтын механизмыг нэг бүрчлэн шийдэх шаардлагатай. Иргэдэд мөнгө тараая гэхээсээ өмнө Засгийн газар дээрх асуултуудад хариулахаас өөр гарцгүй. Тэгж гэмээнэ Оюутолгойн баялгийн өгөөж иргэдийн амьдралд бодитоор хүрнэ. Өөрсдөө гүйгээд ороод ирсэн баавгайн арьсыг эвтэйхэн хуулаад авчих юмсан.


Сэтгэгдэл байхгүй байна