• Эхлэл
  • Хүүхдийн 20 мянган төгрөг 12 мянга болж буурах уу?

Хүүхдийн 20 мянган төгрөг 12 мянга болж буурах уу?

2016/01/18

Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг 2016 онд зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхэд авдаг болох шийдвэр гарснаар олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл өрнөсөн.

Үүгээр бол амьдралын боломжтой, амьжиргааны төвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохгүй болно гэсэн үг. Үүнд амьжиргааны төвшин тогтоох судалгаа мөн хамгийн их шүүмжлэл дагуулсан юм.

Мөн амьжиргааны төвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой хэмээн оны өмнөхөн ярьж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олууллаа эрүүл өсч торниход чиглэсэн МУ-ын бодлого” гэж хэлснээр дахиад л бүх хүүхдүүдэд мөнгө олгох ёстой юу, эсвэл тодорхой төвшний айл өрхүүдийн хүүхдэд олгох уу гэсэн бас нэг эргэлзээ нэмэгдсэн.

Тэгвэл УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл болон Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Хүний хөгжил сангийн тухай хууль болон УИХ-аас гаргасан тогтоолд өөрчлөлт оруулснаар 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох боломжтой болно.

Гэвч 2016 оны төсвийг батлахдаа зөвхөн зорилтот бүлэгт олгохоор 140 гаруй тэрбум төгрөгийг суулгасан. Тиймээс төсөвт дахин тодотгол хийж 110 тэрбум төгрөг нэмж тусгаснаар хууль хэрэгжих боломжтой болох аж.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хийгээгүй цагт хүүхэд бүрт оногдох 20 мянган төгрөг 12 мянга болж буурна. Тиймээс төсөвт тодотгол хийх ёстой. Хоёр сарын өмнө хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоос аргагүй гэж байсан. Гэтэл одоо боломжтой боллоо гэж байна” хэмээв.

Харин С.Эрдэнэ “Энэ оны наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгө олгох бүрэн боломжтой. Тухайн үед төсвийн хүндрэлтэй байдлыг бодолцоод 1-17 дугаар бүлгийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Нийт өрхийн 86 хувь нь өрхийн судалгаанд хамрагдсан. Тэдний хувьд хүүхдийн мөнгө авч байсан хэлбэрээрээ авна. Нийтдээ 97 мянган хүүхэд өрхийн мэдээллийн судалгаанд хамрагдаагүй байгаа. Өнөөдрийн өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн 1-20 дахь бүлгийнхэн нэмж мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагагүй, хүүхдийн мөнгө нь олгогдоод явна” гэв.

Эцэст нь хүүхдийн мөнгийг тэгш олгох асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн  57 нь буюу 90.5 хувь нь дэмжиж, дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Ийн бүх хүүхдэд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгө олгох санал УИХ-ын босгыг давлаа гэсэн үг. Одоо энэ асуудлыг холбогдох байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталгаажуулах юм бол бүх хүүхдэд сар 20 мянган төгрөг хуучин хэвээр олгоно гэсэн үг. Процетурын хувьд бол УИХ-аас тогтоол гаргаж хүчин төгөлдөр болгох ёстой бөгөөд үүнийг дагаад мөн төсөвт 110 тэрбум төгрөгийн тодотгол хийх шаардлагатай болох нь. Гэхдээ одоо байгаа жишгээр бол төсөвт байгаа хөрөнгөөс эхний саруудын мөнгийг хуучны адил олгоод цаашид дутагдах мөнгийг төсвийн тодотголоор шийдэх бололтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна